ОХУ-ын Погорилая Хятадын Гран прид түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.11.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Погорилая Хятадын Гран прид түрүүлэв

БНХАУ-ын Бээжин хотноо болсон улирлын гурав дахь Гран при тэмцээнд ОХУ-ын залуу уран гулгагч Анна Погорилая түрүүллээ.

Олон улсын тэшүүрийн холбоо(ISU)-ны  энэ улирлын гурав дахь Гран при тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Нийт 180 мянган шагналын сантай “Cup of China” тэмцээнд есөн орны 51 уран гулгагч ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдлөө. Тус тэмцээнд 2012 оны дэлхийн аварга Италийн нэрт уран гулгагч Каролина Костнер, дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн Казахстаны Дэнис Тэн нарын шилдэг гулгагчид оролцов.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын залуу уран гулгагч Анна Погорилая 178.62 оноогоор тэргүүлсэн бол ОХУ-ын Аделина Сотникова (174.70), Италийн Каролина Костнер (173.40) мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Энэ оны залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн, 15 настай Анна Погорилая Францын Парис хотноо болох тав дахь Гран прид /11.15-17/ оролцох бол дэлхийн аварга Каролина Костнер ОХУ-ын Гран прид ээлжит гулгалтаа хийх аж.

Харин эрчүүдийг өнгөрсөн жилийн дөрвөн тивийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн 17 настай БНХАУ-ын Ян Хань тэргүүлсэн бол ОХУ-ын Максим Ковтун, Японы Такахико Козука нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Хосын төрөлд Германы хослол тэргүүлсэн бол БНХАУ-ын хоёр хос мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна.

Сануулахад, Олон улсын тэшүүрийн холбоо(ISU)-ны ээлжит цуврал Японы Токио хотноо энэ сарын 8-10-ны өдрүүдэд болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж