Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Монгол банк болон арилжааны банкуудад шаардах бичиг хүргүүлжээ. Тус нийгэмлэгээс арилжааны банкууд зээлийн болон хадгаламжийн хүүг нэг ижил аргачлалаар бодож тогтоох ёстой байтал хоёр өөр аргачлалаар, тухайлбал зээлийн хүүг тогтоохдоо илүү хүү авах аргачлалаар, харин хадгаламжийн хүүг тогтоохдоо бага хүү төлөх аргачлалаар бодож хэрэглэгчдийг хууран мэхэлж мөнгө хүүлдэг байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Иймээс хэрэглэгчдийг хууран мэхэлж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 зүйлийг зөрчиж байгаа үйлдлээ зогсоохыг банкуудаас, үүнд нь зохицуулалт хийхийг Монголбанкнаас шаардсан талаар мэдээллээ.
Шаардлагын хариуг нэг сарын дотор Монгол банк болон арилжааны банкнаас Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоонд гарган өгөх юм байна.
Д.ЖАРГАЛ