Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.02-нд нийтлэгдсэн

Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ

Хоёр жил тутамд болдог байт харвааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгодог буюу рекурвд (олимпийн зай буй 70 м) ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ.

Өнгөрөгч аравдугаар сарын 29-нд Тайваны Тайпай хотноо эхэлсэн байт харвааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (11.02) өндөрлөж байна. Өсвөрийн азийн аваргын тэмцээнээс (залуучуудын олимпийн эрх олгох тэмцээн) спортын дэд мастер Ч.Оюунтунгалаг хүрэл медаль хүртээд байсан бол тэмцээний сүүлийн өдөр ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ.

18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас рекурв, компаунд төрөлд эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцсоноос рекурвд ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ. Энэхүү амжилт Монгол улсын түүхэн дэх хувийн харваанд Азийн аваргаас авч буй анхны медаль юм. Тэртээ 1969 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Дэмбэрэл алтан медаль хүртэж байсан. Харин 2011 онд Иранд болсон Азийн аваргаас Монголын эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд Лондонгийн олимпийн эрх олгох харваанд ОУХМ Б.Урантунгалаг мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ авч байжээ.

2013 оны насанд хүрэгчдийн Азийн аваргын рекурв төрлийн эмэгтэй, эрэгтэй хувийн харваа өнөөдөр (11.02) болж, медальтнууд тодорлоо. Рекурвын
эрэгтэй урьдчилсан харваанд 49 тамирчин оролцсоноос ОУХМ Ж.Гантөгс 663
оноогоор 7-р байраар шалгарч, 1/24-д хийлсэн. Улмаар Тайланд, Малайзын тамирчдыг хожиж, БНСУ-ын Жин Жай Ванг 6:5-ийн харьцаагаар ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарчээ. Тэрбээр мөнгөн медалийн төлөө урьдчилсан харваанд гуравдугаар байраар шалгарсан БНСУ-ын Жон Сун Воныг 6:5 /10:9/-аар хожсон байна. Шигшээ харваанд Японы Фүкүкава Такахаруд 0:6-аар ялагдаж, азийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Энэ зайд хүрэл медалийг Ж.Гантөгсд ялагдсан БНСУ-ын Жон Сун Вон хүртжээ.

Мөн ОУХМ Б.Долгорсүрэн 632 оноогоор 25-р байраар шалгарч, улмаар 1/16-д, ОУХМ Г.Ган-Эрдэнэ 617 оноогоор 35-р байрт шалгарч, 1/24-д шалгарсан амжилтыг үзүүлэв.

Рекурвийн эмэгтэй урьдчилсан харваанд 47 тамирчин оролцсоноос ОУХМ Б.Урантунгалаг 629 оноогоор 19-р байр, ОУХМ А.Энхтуяа 624 оноогоор 21-р байрт, ОУХМ Д.Мирослоава 671 оноогоор 21-р байрт шалгарч, улмаар 1/16-д шалгарсан амжилтыг үзүүллээ.

Компаундын төрөлд эмэгтэй хоёр, эрэгтэй гурван тамирчин оролцсоноос
П.Жамьянгомбо (дасгалжуулагч), Б.Батцэцэг нар 1/16-д шалгарсан амжилтыг үзүүллээ.


2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол улсын шигшээ баг

Өсвөрийн Азийн аваргын мөнгөн медальт спортын
дэд мастер Чимэдцэрэнгийн Оюунтунгалаг

Насанд хүрэгчдийн тэмцээнтэй хамтатган өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн (Залуучуудын олимпид оролцох эрх) болсон бөгөөд охидын
рекурв (60 метр) төрөлд өрсөлдсөн “Хангарьд” клубын тамирчин, спортын
дэд мастер Чимэдцэрэнгийн Оюунтунгалаг хүрэл медаль (10.31) хүртсэн. Харин алт, мөнгөн медаль хүртсэн Казахстан, Филиппиний тамирчид ирэх оны наймдугаар сард БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдох Азийн залуучуудын II наадмын эрхээ авсан байна.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Нарантуяa, дасгалжуулагч Ю.Ганзориг, П.Жамьянгомбо, өсвөрийн дасгалжуулагчаар Т.Цогтбаяр нар ажилласан байна. Мөн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Энхбатын Саруул урилгаар шүүсэн нь Монголын шүүгч дэлхийн хэмжээнд хүрч буйг харуулсан үйл явдал болжээ. Түүний хувьд Улаанбаатар хотноо болсон Гран при тэмцээнийг шүүж байсан. 

Өсвөр, насанд хүрэгчдийн Ази болон дэлхийд хүчтэй өрсөлддөг БНСУ, БНХАУ, Япон, Тайланд, Энэтхэг зэрэг 17 улсын шилдэг тамирчид оролцсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд есөн орон ямар нэгэн медаль хүртжээ. Нийт медалийн тоогоор БНСУ арав (3+4+3), Энэтхэг зургаан (3+1+2), Тайвань зургаан (2+1+3) медаль хүртсэн амжилтаар эхний байруудад орсон байна.

Ийнхүү 18 дахь удаагийн тивийн аваргаас мөнгөн медаль, өсвөрийн азийн аваргаас хүрэл медаль хүртсэн Монголын шигшээ баг Тайваньд өндөр амжилт үзүүлсэн бол пара байтын тамирчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Тайландын Бангконг хотноо энэ сарын 1-7-ны өдрүүдэд пара байт харвааны
дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай улсаас спортын
мастер Б.Жавзмаа (“Лондон-2012″ паралимпийн IV байр), спортын мастер
Б.Оюун-Эрдэнэ (эмэгтэй), Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин ОУХМ Д.Баатаржав, спортын
дэд мастер А.Анхбаяр (эрэгтэй) нар оролцож байгаа бөгөөд өнөөдөр урьдчилсан харваагаа хийжээ.

Рекурв зайд харваж буй манай тамирчид Б.Оюун-Эрдэнэ 578 оноогоор 3-р, Б.Жавзмаа 517
оноогоор 16-р,
Д.Баатаржав 588 оноогоор
20-р, А.Анхбаяр 435
оноогоор 36-р байрт бичигдсэн байна. Маргааш хувийн шигшээ харваа болно.
Багийн ахлагчаар Монголын байт
харвааны холбооны менежер Б.Цэцгээ ажиллаж буй.

Азийн аваргын фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж