Бага хурлын ихэнх нь АТГ-т дуудагджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.02-нд нийтлэгдсэн

Бага хурлын ихэнх нь АТГ-т дуудагджээ

МАН-ын XXVII Их хурал өндөрлөж намын удирдлагуудаас сонгож, бага хурлын болон Удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс тодорхой болсон. Гэсэн ч харамсалтай нь намаа шинэчлэх багт орж байгаа хүмүүсийн ихэнхи нь хэрэгт холбогдон шалгагдаж байгаа болон өмнө нь авлигын хэрэгт холбогдож байсан байх юм. Тэдгээрийн тоонд Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр багтаж байна. Түүнийг хотын дарга байх хугацаандаа авлига авсан, газрын наймааны асуудалд орооцолдсон гэдгээр АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Зоригт АТГ-т шалгуулж байсан бөгөөд Оюутолгойг найр тавьж өгсөн буруутан гэгддэг. Энэ жагсаалт цаашаа хөшөө барихдаа төрийн мөнгөөр наадаж, авлигийн хэргээр АТГ-д шалгуулж байсан БЗД-ийн Засаг ноён асан Б.Батзориг, хэрэгт холбогдон хил давж зугтаасан гэгдэж байсан БГД-ийн Засаг дарга асан Л.Амгалан, долдугаар сарын 1-ний хэргийн гол буруутан хэмээгддэг Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "улаан хацарт" Ц.Батбаяр гээд хөвөрч өгнө. Хамгийн харамсалтай нь, тэд бүгдээрээ Бага хурлынхаа гишүүнээр дахин сонгогдсон байна.  Эдгээр хүмүүсээс гадна багагүй хэл ам таталж, хууль цагдаагийнхны үүдийг сахиж байсан хурган дарга нарын нэр ч гэсэн МАН-ыг шинэчлэх Бага хурлын гишүүд дотор цөөнгүй байгаа бололтой.  Энэ бүхнээс  ажиглагчид МАН-ыг шинэчлэгдэж чадсангүй гэж дүгнэж буй.

Д.БҮҮВЭЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж