Ж.Мөнхбат:Хэцүү үед зугатсан хүмүүсийг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.02-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат:Хэцүү үед зугатсан хүмүүсийг дэмжихгүй

МАН-ын шинэ удирдлагууд мэдээлэл хийх үеэр тус намын генсек Ж.Мөнхбатаас цөөн асуултад хариулт авсан юм.

-МАН-ын генсек болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Таныг намын генсек болсон танай намын зарим гишүүпд бухимдалтай байх шиг. Үүнийгээ твиттерээр нууж хаалгүй  илэрхийллээ шүү дээ?

  -Үндсэн хууль болон намын дүрэмд заасны дагуу би сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн. МАН-ын 27 дугаар их хурлаар 55 хувь буюу олонхийн санал авч намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсондоо баяртай байгаа.  Хоёрдугаар курсийн оюутан байхаасаа, 1999 онд МАН-д элсч, намын хар бор бүх ажилд зүтгэж ирсэн. Намаас өгсөн үүрэг даалгавраар хөдөө хотгүй явж, жагсч тэмцэхээс эхлээд сайн муу ажлыг нь гүйцэтгэж ирсэн.  Би энгийн нэгэн малчны хүү. Жирийн малчны хүүд бас зүтгэвэл боломж ирдэг юм байна шүү гэдгийг харуулж чадлаа. Нэг айлтай МАН-ыг зүйрлэвэл, аав нь намын дарга, ээж нь генсек гэсэн үг. Айлын аав, ээж хоёр хоорондоо эв түнжингүй байж болохгүй биз дээ.  Тиймээс би М.Энхболд даргатай нэг тийшээ харж, түүний тулах цэг нь болж ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

-Та одоо хэдэн настай вэ?

-Би 1979 онд төрсөн, 34 настай.

-Намын их хурал болохоос өмнө "Шинэчилье" хөдөлгөөн байгуулагдсан.  Бараг нэр сарын өмнө нь удирдлагууд нь тодорчихсон , урьдчилаад төлөвлөсний   дагуу намын ИХ хурал хуралдлаа шүү дээ.  Ажиглагчид танай намыг шинэчлэгдэж чадсангүй гэж дүгнэж байгаа?

-МАН-ын удирдлагууд шинэчлэгдэж, дандаа залуу хүмүүс гарч ирсэн.  Миний хувьд  энэ их хурал манай намыг өөрчлөлт, шинэчлэлтийг харуулж чадлаа гэж бодож байна.  Зарим өрсөлдөж буй хүмүүс Их хурлын өмнө Ерөнхий нарийн бичгийн даргын мөрийн хөтөлбөрийг гаргаж байсан. Би бол хөтөлбөр гаргаагүй. Яагаад  гэвэл намын Ерөнхий нарийн бичгийн даргад тусдаа мөрийн хөтөлбөр гэж байдаггүй юм. Их хурлаас баталсан намын мөрийн хөтөлбөр болон намын даргын мөрийн хөтөлбөрийг л Ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгжүүлэх үүрэгтэй. 

-Таныг генсек болоход У.Хүрэлсүх  нөлөөлсөн үү?

– Би аль ч даргын үед албан тушаал горьдож, хор найруулж яваагүй.  Энэ удаагийн сонгуульд өөрийнхөө итгэл үнэмшил, өөрийн боломжид найдаж өрсөлдсөн. Намын гишүүдийн олонх нь миний итгэл үнэмшил, үзэл бодлыг дэмжсэн байх.

-Нам чинь ялагдсан энэ үед Ерөнхий нарийн бичгийн даргын алба ял биш гэж үү?

– Манай нам 12 жилийн турш эрх барьж ирсэн. Өнөөдрийн хувьд сөрөг хүчнийхээ хувьд сайн ажиллах ёстой. Ард түмэн ч тэгж ажиллахыг МАН-аас шаардаж байгаа.  Тийм болохоор  стратеги болон үйл ажиллагааныхаа хурдыг сайжруулж, менежментээ өөрчлөх шаардлагатай гэж бодож байна. Би МАН-ыг дайчин, тэмцэгч, ард түмнийхээ итгэлийг даасан сөрөг хүчин байлгахын төлөө зүтгэнэ.  Даргын үүд сахиж, бөөрөнд нь сууж байгаад албан тушаал горилдог явдлыг зогсооно.  Хүнд хэцүү үед зугатсан  хүмүүсийг дэмжихгүй. Харин хүнд хэцүү үед намынхаа төлөө зүтгэсэн хүмүүсийнхээ төлөө ажиллана гэж бодож байна.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж