Шинэ брэнд бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Шинэ брэнд бүтээж байна

Брэнд ашиглах эрх

Аливаа брэндийг ашиглах нь тодорхой босготойгоос гадна бизнесийн амжилтыг илтгэдэг. Дэлхийн брэндийг ашиглахад тодорхой  босго, шалгууртай. Жишээ нь, Макдональдс гэх түргэн хоолны газрын салбарыг нээхийн тулд тухайн хот таван саяас дээш хүн амтай байх учиртай. Дэлхийд одоогоор хамгийн хурданд тооцогдох эх газрын тээврийн хэрэгсэл бол метро. Метрог нэг саяас дээш хүнтэй хотод байгуулахдаг. Уул уурхайд ч брэнд бий. Энэ салбартаа  техник технологи, хүнд машин механизмаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  ноён оргил нь АНУ-ын Катерпиллар /CAT/, Японы Коматцу, Германы Либхер  группууд юм. Брэнд учраас тэдний техник технологийг уул уурхайн салбарт амжилттай ажиллахыг зорьдог, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажилладаг компани бүр эдгээр ноён оргилуудын өндөр технологи бүхий техникүүдийг ашиглахыг эрмэлздэг. Монголын уул уурхайн салбарт лиценз эзэмшдэг 590 гаруй компаниуд дотроос үндэсний хөрөнгө оруулагчдын нэгдэл гэдгээрээ ялгардаг “Энержи ресурс” компанийнхан эдгээр дэлхийн брэндүүдийг Монголд оруулж ирэв.
Тус компанийнхан Ухаа худаг уурхайдаа  АНУ-ын Катерпиллар  группын CAT-793D өөрөө буулгагч автосамосвал, Германы Либхер компанийн 996 экскаваторыг оруулж ирэн ашиглаж байна.  

Том шар мангас

Дэлхийн уурхайчид Катер­­­пилларын 793D авто самос­валыг том шар мангас гэж нэрлэдэг.  Үнэхээр ч агуу техник. Чадал нь гэхэд 2438 морины хүчээр илэр­хийлэгдэнэ.  Өөрийн жин 157 тонн 400 кг. 6.7 метр өндөр, 7.6 метр өргөн. 13.1 метр урттай. Дугуйн диаметр нь  3.5 метр. Энэ нь дөрвөн ханатай  гэрийн буурийн дайны хэмжээ гэсэн үг.   16 цилиндртэй уг самосвалын түлшний сав нь л дөрвөн  тонн 900 литрийн багтаамжтай. Нэг цагт 250 литр түлш зар­цуулна. 24 цаг тасралтгүй ажиллах чадвартай. Тэгэхээр ганц хоногт л 6000 литр түлш “иднэ”.  Өнөөдөр Монголын зах зээл дээр нэг литр түлш 1300 төгрөг байгаа. Үүнийг 6000 литрээр үржүүлбэл хоногт л 7.8 сая төгрөгийн шатахууны зардал гарах нь.  Энэ аварга том бие, өндөр зардлынхаа хэрээр  ажил бүтээнэ. Ачих даац нь 240 тонн. Монголд одоо­­гоор хамгийн их багтаамж бүхий тээврийн хэрэгсэл бол вагон байгаа. Нэг вагон 60 тон­нын багтаамж, даацтай. Тэгвэл 793D загварын ганц авто самосвалын ачаа 60 тоннын даац бүхий дөрвөн вагонтой тэнцэнэ. Монголчуудын хам­гийн сайн мэдэх Зил-130 авто­машин таван тоннын даацтай. 793D авто самосвал нь  48 шир­хэг Зил-130 машины ачааг ганц удаагийн явалтаар ачих боломжтой.
240 тоннын даацтай 793D авто самосвал дэлхийд 2000 гаруй л байдаг. Үүний дөрвийг Ухаа худаг уурхайд ашиглаж байна. Яг энэ заг­ва­рын хүчтэй техник манай хоёр хөршид байтугай Азид бараг байхгүйг “Вагнер Ази” компанийн худалдааны хэлт­сийн зааварлагч Х.Батсайхан хэлэв. Түүний хэлж буйгаар Азид зөвхөн Индонезийн уурхайд л таван  ийм самосвал байдаг ажээ. Тэгэхээр үндэс­ний хөрөнгө оруулагчдын  оруулж ирэн  Ухаа худаг уур­хайд ашиглаж буй эдгээр техникүүдийг эх нутагтаа ашиглаж буй Азийн хоёр дахь орон нь Монгол боллоо.  

Нэг хутгалт буюу 12 ширхэг Зил-130

Дээр өгүүлсэн 793D авто самосвалд зориулж Германы Либхер компани 996 экскаватор бүтээжээ. Ачдаг нь аварга том учраас хутгадаг нь бас агуу байх учиртай. Тийм учраас цагт 1000 литр буюу нэг тонн түлш зарцуулдаг  996 экскаватор нэг хутгалтаар 30 куб метр буюу 60 тонныг хутгах хүчин чадалтай юм. Энэ нь 793D авто самосвалыг дөрвөн хутгалтаар дүүргэнэ гэсэн үг. Өөрөөр зүйрлэбэл, 996 экскаваторын  ганц  удаагийн хутгалт 12 шир­хэг Зил-130 машин тэвшийг, нэг вагоны кузовыг дүүр­гэх нь.  Гучин жилийн турш ма­най улсын төсвийн ихэн­хийг бүрдүүлж ирсэн, Монгол Оросын хамтарсан хөрөнгө оруу­лалттай  “Эрдэнэт” үйлд­­­­вэрт ч ийм экскаватор байх­гүй. Тус үйлдвэрийн одоо ашиглаж байгаа экскаватор 16 куб метрийн багтаамж бү­хий шанагатай.  Дэлхийд зур­гаахан бүтээсэн 996 экска­ваторыг Азид, Монголд анх удаа “Энержи ресурс” ком­па­нийнхан оруулж ирэн Ухаа худаг уурхайд ашиглаж байна.
Тус уурхай өмнө нь 785C загварын самосвал ашиглаж байв. Үүн дээрээ түшиглэн 793D дээр ажиллах операторуудыг бэлтгэжээ. Одоогоор 793D-г  ажил­луулахын тулд нийтдээ 22 оператор бэлтгээд буй. Тэдний дунд мэргэжлийн инженер, өмнө нь ажиллаж байсан турш­лагатай нэгэн, орон нутгаас сая­хан ажилд орсон малчин залуу ч бий.  Монгол­чуудын  аливаад  ажигламтгай чанар, түргэн сурах чадварыг гаднын сургагчид гайхаж магтдаг. Энэ ч утгаараа Ухаа худагийн уур­хайн монгол ажилчид энэ аварга техникийг богино хугацаанд эзэмшиж чаджээ. Индонез, Мексик, Филиппинд ажиллаж байсан гадаадын багш нар “Монголчууд өөр юм аа. Хүн хэлээгүй, заагаагүй байхад л харж зогсч байгаад сурчих юм “гэж хэлдэг тухай Ухаа худаг уурхайн засварын төвийн мастер Ц.Ууганбаатар хэлж байсан.  Ж.Эрдэнэ-Очир тэргүүтэй уурхайн операторчид дэлхийд ховорхон  техникийг эзэмшиж байгаадаа сэтгэл хан­галуун, ажиллах урам зориг ихтэй яваагаа ч дурсч байна. “Энержи ресурс”-ийн дэд захи­рал Х.Батболдын хэлснээр  операторын сургалт цаашид ч тасралтгүй  явах юм байна. Талбай дээр гарах дадлагын сургалтаас гадна онолын сургалтыг явуулах  тоног төхөө­рөмж бүхий сургалтыг Австралиас сургагч багш ирж зааж байна.

Чанар дагаж үнэ

Уг нь үнэ дагаж чанар гэдэг. Харин уул уурхайн салбарт энэ хэллэг эсрэгээрээ байдаг. Чанар дагаж үнэ гэж. Учир нь уул уурхайн салбар бол худалдаж авсан чанараараа баялаг бүтээдэг, ашиг хийдэг.  Жишээ нь, хонины мах үнэтэй байх тусмаа тарган байдаг. Гэхдээ тэр махыг иднэ үү гэхээс өсгөж болохгүй. Нэг дээл хийж өмслөө гэхэд материал нь үнэтэй байх тусмаа чанарждаг. Харин тэрхүү дээл эзнээ гоё ганган харагдуулахаас бус, эдийн засгийн ашиг авчрахгүй. Тийм учраас ихэнх салбарт үнэ дагаж чанарждаг. Харин уул уурхайд чанар  дагаж үнэ өсдөг.  Тухайн техник тех­нологи дэвшилттэй байх тусмаа өндөр бүтээмжтэй байж, удаан хугацаанд ашиглагддаг. Ингэж байж ашиг орлого төвлөрүүлнэ. Одоо  Ухаа худаг уурхайд ашиглаж байгаа 793D авто самосвал гэхэд нэг бүрийнх нь үнэ 3.5 сая ам.долларын үнэтэй.  Зөвхөн нэг дугуй нь л гэхэд 36 мянган ам.доллар гэж “Вагнер Ази” компанийн худалдааны хэлтсийн заавар­лагч Х.Батсайхан хэлж байна. 793D авто самос­­­вал Ухаа худагт дөрөв байгаа гээд бодо­хоор 14 сая ам.доллар.  Ийм их мөнгөөр дөрөвхөн самосвал авч байна  гэхээр манай үндэсний хөрөнгө оруулагчид  үнэхээр “хачин” хөрөнгө оруу­лалт хийсэн ч юм шиг.  Гэтэл тийм­гүй ажээ. Энэ тухай уул уур­хайн зөвлөх инженер, доктор Б.Бат-Очир “Энержи ресурс”-ийн асар үнэтэй энэхүү техникүүдийн шинэч­лэлт нь ашигт малтмалыг эрж хайх, олборлох, боловс­руулахад ихээ­хэн хэм­жээний хөрөнгө оруу­лалт шаард­лагатайг амьд­рал дээр харуулж буй хэрэг.
Энэ их хөрөнгө оруулалтаа урт хугацааны туршид нөхдөг. Нөгөө талаар урт хугацаанд нөхөх их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь  тухайн компани нийгмийн өмнө хариуцлагатай, тогтвортой ажиллах баталгаагаа  харуулдаг онцлогтой гэж ярилаа. Дээр өгүүлсэн хоёр төрлийн хүнд даацын машин механизмыг дагаж аливаа ашигт малтмалыг трактороор ухаж, Зил-130 машинаар зөөдөг, ингэж зөөгөөд  ашиг олно гэдэг гэнэн мөрөөдөл ард хоцорлоо. Хамгийн гол нь эдгээр  тэргүүлэх машин механизмтай хамт дэлхийн түвшний технологи, мэдлэг, менежмент Монголд орж ирж байна. Үндэсний хөрөнгө оруулагчид маань урдахь нүүрсээ ухаж ашиг олохыг урьтал болголгүй дэлхийн түвшний техник технологийг эх орондоо анх удаа нэвтрүүлсэнд нь, монголчуудаа энэ чиглэлд бэлтгэж мэргэшүүлж эхэлсэнд нь   салбарынхан нь баяртай байна.
Энэ тухай уул уурхайн  салбарын компаниудыг нэгтгэдэг  Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Монгол нутагт гадаадын өндөр технологи нутагшуулж байгаа нь уул уурхайн салбарт оруулж буй асар том хөрөнгө оруулалт. Үүний үнэ өртгийг нөхөхөд нэлээд хэдэн жил зарцуулна. Түүнээс биш, энэ жил нөхчихөөд л ирэх жилээс энэ машинаараа ашиг хийгээд явчихна гэж байхгүй. Уул уурхай бол бусад салбарыг бодвол хамаагүй их өндөр технологи, хөрөнгө оруулалт шаарддаг, ашгаа удаан хугацаанд нөхдөг онцлогтой салбар. Доод тал нь таван жил ажиллаж байж ашгаа нөхдөг. Энэ эрсдлийг тооцож чадаж байна гэдэг нь зөв менежмент, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадаж байгаагийн гол шинж. Эдгээр хүнд даацын машин механизмуудыг ажиллуулж ашиглахад нарийн мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. Тэднийг дотооддоо, монголчуудаасаа бэлтгэж байгаа нь уул уурхайн салбарын боловсон хүчний бодлогод үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа хэрэг” гэж ярилаа.  Үүнээс гадна дэлхийн түвшний өндөр технологи ашигласнаар нэгд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хоёрт уул уурхайгаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, гуравт хөдөлмөрийн бүтээм­жийг дээшлүүлснээр уул уурхайн сал­бараас олох  эдийн засгийн ашгийг эрс нэмэгдүүлж,  цаг хугацааг наашлуулдаг зэрэг олон сайн талтай юм.  
 
Брэнд бүтээх хүсэл

Техник технологи, бүтээгдэхүүнээс гадна тухайн компани өөрөө брэнд болох нь бий. Уул уурхайн салбарт Рио Тинто, BHP Billiton бол брэнд. Тэд зөвхөн санхүүгийн чадавхи, олон салбар компанитай гэдгээрээ  акулууд болчихоогүй. Эдгээр үзүүлэлт нь брэнд болж дэлхийгээр хүлээн зөвшөөрүүлэхэд ч  хангалтгүй.  Хамгийн гол нь тэд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлдэг, хүний аюулгүй ажиллагааг дээдэлдэг, байгаль орчинд халгүй техник технологи хэрэглэдэг. Энэ бүх болзлыг хангахын тулд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд техник технологиудыг ашигладаг. Энэ утгаар нь харвал дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологиудыг Монголдоо анх удаа оруулж ирсэн “Энержи ресурс” компанийнхан Монголын өмнийн говьд  Ухаа худаг гэдэг шинэ  брэнд бүтээж байна.   Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологийг бие даан  ажиллуулж, ашиглаж засварлаж байгааг нь харсан ч брэнд бүтээх хүсэл, ирээдүй   монгол залууст байна. Тэдэндээ амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж