Бондын зарцуулалт хяналтаас гадуур байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Бондын зарцуулалт хяналтаас гадуур байна гэв

УИХ-ын нэгдсэн хуралдаанд "Чингис" бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр төлбөрийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс дүгнэлт гаргажээ.

Дүгнэлтэд "МАН-ын бүлэг эдийн засгийн өсөлтийг хурдасгах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх нэг арга нь бонд, өрийн бичиг гаргах гэдгийг зарчмын хувьд буруу гээгүй. Гагцхүү тоон судалгаатай, аль болох богино хугацаанд үр ашиг өгөх төслүүдийг шалгаруулан зарцуулах нь хамгийн чухал асуудал юм. Мөн энэ зээлд хэтдээ эдийн засгийг урт хугацаандаа эрсдэлд оруулахгүй, улс орныг өрийн дарамтаас хол байлгах зарчим үйлчлэх ёстой. Энэхүү алтан зарчим "Чингис" бондын хувьд алдагдсан байна гэж бид үзэж байна. "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллар нь улс орны санхүү, эдийн засгийн байдалд зарим талаар шууд бус эерэг нөлөө үзүүлсэн боловч ашигтай тал нь хор хөнөөлтэй талаасаа хэд дахин бага байна" гээд тодорхой шалтгаануудыг дурджээ.Тухайлбал хугацааг тооцоогүй, бэлэн төсөлгүй зээл авснаар улс орныг асар их хүүгийн дарамтад оруулсан. 2013 оны байдлаар 1.5 тэрбум ам.доллараас өдгөө дөнгөж 837 тэрбум төгрөгийг ашигласан боловч үүнийхээ 10 гаруй хувьтай тэнцэх 110 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн хүүнд төлөхөөр болсныг онцоллоо. 

Тус намын бүлгээс бондын зарцуулалт нь үндсэндээ УИХ-ын хяналтаас гадуур байгаа нь авлига, хээл хахууль, улс төрийн санхүүжилттэй холбоотой маш их эргэлзээ хардлагыг төрүүлж байгааг дурдсан байна. Учир нь бондын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн зарцуулалтыг Засгийн газар зөвхөн бөөн дүнгээр тайлагнаж байгаа болохоос ямар ажлууд хийгдсэн нь тодорхой бус. Үүнийг УИХ-аас тусгайлан ажлын хэсэг байгуулж шалгах шаардлагатай гэж үзжээ.

Бондын мөнгийг Засгийн газар хяналтгүй зарцуулж байгаагаа зогсоож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих замаар концессийн гэрээгээр ажил гүйцэтгүүлэх, аль болох баялаг бүтээгч хувийн хэвшлийг татан оруулах таатай нөхцөл бүрдүүлэх, урамшуулах чиглэл баримтлан ажиллахыг шаардлаа.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж