Ирэх онд 2,1 тэрбумын бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Ирэх онд 2,1 тэрбумын бонд гаргана

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр гишүүд сонирхсон асуултандаа хариулт авсан юм. Н.Энхболд “Эдийн засгийг тэлэх хоёр зам бий. Эхнийх нь мөнгө хэвлэх, эсвэл бонд гаргах. Гол аюул нь бид ардаа баталгаагүйгээр мөнгө хэвлэж байна. Мөн дээрээс нь бонд гаргаж байна. Ийм нөхцөл байдал биднийг улам хямрааж байна шүү дээ.  Хоёр осолтой зүйлийг зэрэг хийгээд байна шүү дээ. Бонд авахыг бид буруутгаагүй. Гол нь бонд чинь ирээдүйд дарамт өгч болохгүй шүү дээ. Хамтраад ажиллая гээд сайхан уриалаад яваад байж болно л доо. Бонд бол аюул биш гээд, алтны нөөц нэмэгдээгүй байхад төгрөг нэмж хэвлээд байгааг чинь юу гэж ойлгох вэ” гэлээ.

Сайд Н.Алтанхуяг энэхүү асуултад ”Өөрийнхөө бодсоныг өрөөлийг бодсон гэж бүү бод” гэж нэг ухаантны үг бий. Та нарын хэлж байгаа шиг манай засгийн газар мөнгө хэвлээд байгаа зүйл байхгүй шүү дээ. Энгийн хүн сонсвол нээрээ л тэгж мөнгө хэвлээд байдаг юм уу гэж бодно шүү дээ. Бондыг шүүмжлээд байна. Тэгж яривал 5 тэрбумын бонд гарга гэж УИХ чинь баталчихсан шүү дээ. Түүнээс 1,5 тэрбумыг нь гаргачихсан. Засгийн газар 3,5 арай ихдэнэ гээд ирэх онд 2,1 тэрбумын бонд гаргана гээд төлөвлөчихсөн зүйл ч байна. Гол нь зөв зүйлд зарцуулж, “чулуу” болгочих юмсан гээд л ажиллаж байна шүү дээ” гэв. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улс өөрсдийнхөө мөнгийг алтаар баталгаажуулах зүйл хийсээр л байгаа. Бонд орж ирснээс найман хувийн хүүтэй орон сууцны зээл авах хөрс бүрдсэн. Онлайнаар мэдээллээ өгч байгаа нь хангалтгүй байвал бид бүгдийг нь хэвлээд ном болгоод та нарт өгье” гэсэн байна.
Дараагаар нь гишүүн Д.Оюунхорол “мэдээлэл өгч байгаа хүмүүс чинь зөрөөтэй байгаа шүү дээ. Иймд бидэнд ч мэдээллийн хомсдол байна. Бондын хүүгийн дарамт эдийн засагт хүндрэлтэй байгаа гэдгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Ханшны зөрөөнөөс болж зээлийн хүүнд идэгдэж яваа шүү дээ. Бондын асуудалд улс төрийн өнцгөөр хандаад байгаа зүйл байхгүй шүү дээ. Эдийн засаг чинь уруудаж байгаа гэдгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Тансаг зүйл ярилгүй талхны үнэ яаж өссөнийг хар л даа 650 төгрөг байсан бол 850 төгрөг болчихсон байтал иргэдийн орлого нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байгаа биз дээ” гэсэн юм. Ийнхүү асуулт хариултаар Ерөнхий сайдын мэдээллийн цаг дууссан бөгөөд УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөж буй юм.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж