Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ойлголтоо нэг болгомоор байгаа юм. Есөн чиглэлээр Чингис бондын мөнгийг зарцуулж байгаа гэдгийг тодорхой л хэллээ шүү дээ. Үр ашиг гэдэг нь өөр ойлголт. Үеийн үед хэрэглэхээр бүтээн байгуулалт гэдэг нь үр ашиг шүү дээ. Энд танилцуулагдсан есөн төсөл дотор үр ашиггүй нэг ч төсөл байхгүй. Гүйцэтгэлийн хувьд манай шинэчлэлийн засаг бүх зүйлийг ил тод болгосон. Ямар ч нууц зүйл байхгүй. Хийж байгаа ажил, явж буй явц гээд бүх мэдээллийг ил болгосон. Зам хийж байгаа компанийн захирлынх нь утсыг хүртэл илээр бичүүлж байгаа шүү дээ” гэв. Түүний хариултанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Уулзварыг өргөн болгосноороо, түгжрэлгүй байгаа хэмнэлт гарч байгаа юм шүү дээ. Үүний тооцооллыг гаргачихсан байгаа. Эргэлзээд байгаа бол шалгалтаа оруул. Нээлттэй байгаа шүү дээ” гэсэн юм. Асуулт хариулт үргэлжилж байна.
“Бондыг үр ашигтай зарцуулсан уу”
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан “Чингис бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна. Гишүүн Тлейхан “Монгол улсыг хөгжүүлэх зорилготой бонд гаргасан. Гэтэл өнөөдөр зээлийн хүү нь 111 тэрбум болж гэж байна. Энэ бол 160 цэцэрлэг барьчих мөнгө. Гэтэл бондын мөнгөнийхөө талыг нь зарцуулаагүй гэж байна. Ихэнх нь автозам, гудамж төсөлд явчихаж. Мэдээж хийж байгаа юм чинь сайн зүйл байлгүй яах вэ. Төмөр зам, цахилгаан станц барихыг нь бол сайшааж байна. Гол нь эдийн засгийн үр ашигтай зүйлд зарцуулж байна уу гэдэг л байна. Хийж байгаа зүйлийг харлуулах зорилго үнэндээ алга. Энэ бондын мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулсан гэдгийг яаж нотлож, батлах вэ. Дэд бүтцийн төслүүдийг гүйцэтгэгчийг яаж шалгаруулсан юм бэ. Шууд гэрээ хийсэн бололтой. Энэ чинь нийгэмд хардлага төрүүлж байна. Төсөл авсан компаниуд ямар хэмжээний мөнгө авч, хэрхэн ажилласан гэдийг ил тод зарлах хэрэгтэй. Зээлийн зарцуулалтыг хянадаг бүтэц бий болгох хэрэгтэй гэдгийг яагаад дэмжихгүй байгаа юм бэ” гэв.
Э.ЭНХ