
Монгол Улс 1990-2013 онд буюу сүүлийн 14 жилд 2.8 тэрбум ам.долларын зээл авснаас өнөөдрийн байдлаар 800 сая ам.долларыг эргүүлэн төлжээ. Тэгэхээр хоёр тэрбум ам.долларын гадаад, дотоод өр үлдсэн гэсэн үг. Дээрх зээлийн ихэнхийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас авсан байна. Гадаадаас авч буй зээлийн 77 хувийг эдийн засаг, 20 хувийг нийгмийн салбарт зарцуулахаар авчээ. Нийгмийн салбарт орон сууц, нийгмийн халамжийн чиглэлээр, эдийн засгийн салбарт зам тээвэр, эрчим хүч, санхүү, үйлдвэр, барилгын чиглэлээр зээл авчээ.
Дээрх өр төлбөрийг төлөх графикийг үе үеийн Засгийн газар гаргасан бөгөөд 2013 онд 90 сая ам.доллар, 2020 онд 140 сая ам.доллар гээд 2050 он гэхэд нэмж зээл авахгүй бол төлж дуусах боломжтойг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Харин Чингис бонд-ын мөнгийг бөөнд нь буюу 2018, 2022 онуудад төлөх ёстой. Бондын хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн олонхыг арилжааны банкуудаар дамжуулан компаниудад олгосон тул 2-3 дахин өсөх боломжтой учир эргэн төлөлтөд санаа зовохгүй байж болно гэлээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өрийн талаарх шалгуур үзүүлэлтэд Дотоодын нийт бүтээгдэхүүнд өрийн эзлэх хувиар тооцдог болохоос хэдэн төгрөгийн зээл авснаар тооцдоггүй. Монгол Улсын өр 2012 онд ДНБ-ний 53.3 хувь, 2013 онд 49.8 хувьтай тэнцэж байгаа. Ирэх жил буюу 2014 онд 50 хувьтай байна гэж төсөөлж байгаа. Энэ нь дахин 2.1 тэрбум ам.долларын зээл авбал 50 хувь болно гэсэн тооцоо. Хэрэв зээл авах шаардлагагүй гэж үзвэл гадаадын өрийн хэмжээ 40 хувь руу орно” гэж онцоллоо.
“Чингис бонд”-оос 930 тэрбум төгрөгийг зарцуулаад байна
Чингис бонд-ын хөрөнгөөр нийтдээ 204 төсөлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал, авто зам, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, барилгын материал зэрэг салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас аравдугаар сарын 29-ний байдлаар 930 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар Ерөнхий сайд мэдээллээ.
1. Авто зам: 1800 км авто зам барихад нийтдээ 570 тэрбум төгрөгийг зарцуулахаас өнөөдрийн байдлаар 855 км зам, 260 км далангийн ажилд 300 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.
2. Гудамж төсөл: Нийслэлийн авто замын 33 уулзварыг шинэчлэхэд 200 орчим сая ам.доллар зарцуулахаас 18 уулзварыг ашиглалтад оруулахад 34 тэрбум төгрөг зарцуулсан.
3. Дэд бүтэц: Чингис бонд-оос 416 тэрбум төгрөг төлөвлөснөөс нийслэлийн 12 байршилд дахин төлөвлөлт хийх, орон сууцыг шугам сүлжээнд холбох ажилд 120 тэрбум төгрөг зарцуулахаас өнөөдрийн байдлаар 70 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан
4. Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт ноос, сүү, арьс, оёдлын үйлдвэрийг дэмжих чиглэлээр 270 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоос 44 тэрбум төгрөг эзэддээ хүрсэн
5. Шинэ төмөр зам: Таван толгой-Гашуун сухайтын чиглэлд тавигдах төмөр замын далан барих ажилд одоогоор 216 тэрбум төгрөг гаргасан. Энэ ажилд нийтдээ 400 орчим сая ам.доллар шаардлагатай
6. Тавантолгой төсөлд Монголын төлөөс 50 сая доллар гаргахаас одоогоор 1.6 сая ам.долларыг ашигласан
7. Байшин үйлдвэрлэх кобинатын төсөл /БҮК/ Үйлдвэр байгуулахад нийтдээ 24 сая ам.доллар шаардлагатайгаас 3/1 хувь буюу долоон сая ам.долларын зээл олгосон. Нэг жилийн дараа үйлдвэр ашиглалтад орно.
8. Орон сууцны барилгыг дэмжихэд 100 сая ам.доллар төлөвлөснөөс 64 тэрбум төгрөгийг Буянт Ухаа хороолол барихад зарцуулсан
9. Төмөрлөгийн үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр “Бэрэн”, “Мон-Лаа” зэрэг дөрвөн компанийн төслийг тус тус санхүүжүүлэхэд зарцуулсан байна.
Цөөнхийн гишүүд Ерөнхий сайдаас Чингис бонд-ын зарцуулалт, үр дүн, Монгол Улсын гадаад, дотоод өрийн асуудлаар асуултандаа хариулт авч байна.