ЗДТГ-ын мэдээллийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

ЗДТГ-ын мэдээллийг танилцуулав

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ



1. Удирдлага, зохион байгуулалт, эдийн засгийн бодлогын хүрээнд:

10-р сард хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн 2 удаагийн хуралдаанаар:

1.    Аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл

2.    Эрдэнэт хотын үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тухай мэдээлэл

3.    Иргэдийн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар зохиож буй ажил, цаашид баримтлах бодлогын тухай

4.    Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажлын явцын тухай
Баян-Өндөр сумын Баянцагаан баг, “Эрдэнэт хивс” ХХК-ийн ард хэсэгт шинээр суурьшлын бүс бий болгох тухай асуудлуудыг хэлэлцэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

Иргэдээс гарч буй өргөдөл, гомдол, санал, хүсэлтэнд өндөр ач холбогдол өгч тэднээс гарсан санал, хүсэлтийг аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогын асуудалд  тусган хэрэгжүүлэх талаар  тогтмол анхааран ажиллаж байна.

Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах төв”-ийн “Иргэдээ сонсож байна” 70353511 утсанд 326 иргэнээс гомдол, санал, хүсэлт ирснээс 92-ийг шийдвэрлэж, 234 нь шийдвэрлэх шатандаа явна.

Эхний 10 сарын байдлаар аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар болон хэлтэс,  албадууд,  төрийн чиг үүрэг бүхий байгууллага, ажилтанд нийт 20899 өргөдөл, гомдол ирсний 9043 нь шийдвэрлэх хугацаа болоогүй, 11856 буюу 56,7  хувь нь хуулинд заагдсан хугацаанд шийдвэрлэгдлээ.

Дээрх өргөдөл, гомдлын 2572 нь гомдол, 485 нь санал, 49 нь талархал, 17793 нь өргөдөл, хүсэлт байна. Ирсэн гомдлын ихэнх хувь нь барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээ /халаалт, сантехник, ус, цахилгаан/, хот тохижилт, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн үйлчилгээний доголдол, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний талаарх гомдол байна.  

Шийдвэрлэх хугацаа болоогүй хүлээгдэж байгаа өргөдлийн 8027 нь буюу 90,4 хувь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар авахыг хүссэн өргөдлүүд эзэлж байна. Баян-Өндөр суманд шинээр олгох газар байхгүй тул тус онд шинээр газар олгож өгөхийг хүссэн иргэдэд энэ тухай тайлбарлаж өргөдлийг нь бүртгэн дараалалд авлаа. Харин тайлант хугацаанд өмнөх онуудад шинээр газар авахыг хүсч ирүүлсэн өргөдлийн дараалалд бүртгэгдсэн 736 иргэнд нийт 55,72 га газрыг шинээр олголоо. Дээрх ирүүлсэн нийт өргөдлөөс аймгийн Засаг даргын Тамгын газарт 5273 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлсний 2896 нь  амаар болон утсаар, 1377 нь  бичгээр ирсэн байна.

Монгол Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2, Улсын Их хурлын тамгын газраас 2, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 21 албан бичгээр нийт 6 иргэний өргөдөл шилжүүлсийг хуулинд заасан хугацаанд судалж шийдвэрлэн холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газарт байгууллага, аж ахуйн нэгжээс нийт 1891 албан бичиг ирсний 126 нь хариутай байснаас 121-г хугацаанд нь шийдвэрлэн хариуг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн ба 5 нь хугацаа болоогүй байна.

Авилгатай тэмцэх газрын зааврын дагуу нийт төрийн байгууллагуудад авилгын эсрэг зохион байгуулж буй ажил, төрийн захиргааны албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын талаар зөвлөн туслах үзлэг шалгалтыг зохион байгуулав.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод болгох зорилгоор “Худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод мэдээлэх журам”-ыг боловсруулан мөрдөн ажиллаж байна.

Баян-Өндөр, Жаргалант сумын 22 багийн Засаг дарга, зохион байгуулагч,  нийгмийн ажилтнуудад албан хэрэг хөтлөлтийн стандартын чиглэлээр сургалт явууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран “Эрдэнэтийн илгээлтийн эзэд-анхдагчдын чуулган”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж эхлээд байна.

10 сарын 31-ний байдлаар орон нутгийн төсөвт 29.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн орон нутгийн хөгжлийн санд 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэхээс одоогоор 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд үүнээс Баян-Өндөр суманд 1.5 тэрбум, Жаргалант суманд 900.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

10 сарын эхний байдлаар нийгмийн даатгалын сангийн орлогод 35.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 107.3 хувиар биелсэн ба бүх сангуудын орлогын төлөвлөгөө 1.9–8.8 хувиар давж биелжээ. Сангийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 30.6 хувиар нэмэгдсэн байна.

2. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Цагдаагийн газрын мэдээгээр 10 сарын эхний байдлаар 459 хэрэгт 392 хүн холбогдон шалгагдаж, хэргийн илрүүлэлт 61.0 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үеэс бүртгэгдсэн хэрэг 21.8 хувиар, холбогдогч 10.1 хувиар, 18–аас дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 3.7 продицимилээр өсч, хэргийн илрүүлэлт 6 пунктээр нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 676.9 сая төгрөгийн хохирол учирч, 219 хүн хүнд ба хөнгөнөөр гэмтсэн ба нийт хохирлын 48.3 хувийг нь нөхөн төлүүллээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 1407 жолоочийг илрүүлэн, 988 жолоочийн эрхийг тодорхой хугацаагаар хасч шийтгэсэн ба өнгөрсөн оны мөн үеэс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн тоо 48.1 хувиар, эрх хасалт 14.4 хувиар нэмэгдсэн байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эрх зүйн туслалцааны төвөөр нийт 325 иргэн үйлчлүүлснээс эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон өмгөөллийн төлбөрийн чадваргүй 71 иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлэн, 191 иргэнд эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгч, хууль, тогтоомжийн лавлагааны сангаас 63 иргэнд  лавлагаа, мэдээлэл гарган өгч үйлчилсэн байна. Мөн тус төвд 15 удаагийн сургалтыг зохион байгуулж нийт 799 иргэнийг хамрууллаа.

Аймгийн Архивын тасагт зориулалтын 20 ш нягтруулсан шүүгээг нэмж суурилуулснаар хадгаламжийн сангийн багтаамж 40 хувиар нэмэгдлээ.

3.    Боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Боловсролын талаар:

Боловсролын газрын мэдээгээр 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 20 сургуулийн 532 бүлэгт (үүнээс 4 нь цогцолбор сургууль) 16.8 мянган хүүхэд суралцаж, 33 цэцэрлэгийн 217 бүлэгт 6.3 мянган хүүхэд хүмүүжиж, эдгээрт 1179 багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Өнгөрсөн оноос суралцагсад 0.6 хувиар буурч, багш сурган хүмүүжүүлэгч 1.5 хувиар, хүмүүжиж байгаа хүүхэд 21.4 хувиар нэмэгджээ. Аймгийн хэмжээнд төрийн өмчийн 2, хувийн 3 цэцэрлэг шинээр ашиглалтанд орсноор цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Нийт багш нарын 79.6 хувь нь ерөнхий боловсролын дунд сургуульд, 20.4 хувь нь цэцэрлэгт ажиллаж байна. 2012-2013 оны хичээлийн жилд 3.3 мянган хүүхэд 9, 11-р ангийг төгссөн ба харин I-р ангид 1.8 мянган хүүхэд элсэн орсон байна. 3 их, дээд сургуульд 2.9 мянган оюутан суралцаж байгаагийн 84.8 хувь нь их сургуульд сурч байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын стандарт хангалт 99.9, чанар 71.4 хувьтай байгаа ба өмнөх хичээлийн жилээс стандарт хангалт 0.3 пунктээр нэмэгдсэн байна.

Багш нарын дунд уламжлалт спортын наадам, тэмцээн, “Шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал, “Сургуулийн шинэ менежмент хичээлийн судалгааны арга зүй”, “Явцын үнэлгээ, үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан ба “Эко аялал-орон нутаг судлал” хичээлд ерөнхий боловсролын сургуулийн 230 сурагч, 30 гаруй багш хамрагдлаа.

Дэлхийн банкны санхүүжилтээр баригдсан 100 хүүхдийн хүчин чадал бүхий 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтанд хүлээн авч, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 20-р цэцэрлэгийн Багшийн хөгжлийн төвд 2,0 сая төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэв.

Эрүүл мэндийн талаар:

Иргэдийн гомдол, саналыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2013 оны 312 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн газар дээр иргэдийг хүлээн авч уулзах байрыг цагийн хуваарийн дагуу ажиллуулж эхэллээ.

Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран төвийн бүсийн 7 аймгийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороодын гишүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.

Жил зохион байгууллагддаг дархлаажуулалтын 10 хоногийн аяны хүрээнд сахуу татрангийн дархлаажуулалтанд 925, нөхөн дархлаажуулалтанд 9 хүүхэд, томуугийн вакцинд 149  эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулав.

Аймгийн Засаг даргын шийдвэрээр хорт хавдартай 20 иргэнд эмийн зардалд нь дэмжлэг үзүүлж 2,0 сая төгрөгийг олголоо.

Эрүүл мэндийн газартай хамтран өрхийн эрүүл мэндийн ахлах сувилагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооны эмч мэргэжилтнүүдэд тархины саа өвчний сэргээн засах талаар сургалт зохион байгууллаа.

Эхний 10 сард эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 440.2 мянган хүнд үзлэг хийснээс 37.3 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан ба өнгөрсөн оны мөн үеэс нийт үзлэг 5.0 хувиар, урьдчилан сэргийлэх үзлэг 0.6 хувиар нэмэгджээ. Сэргийлэх тарилгад 12.9 мянган хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүний 99.1 хувь бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс хамралт 0.2 пунктээр өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 20.7 хувиар буюу 18,1 продицимилээр багассан байна.

Хүүхэд, залуучууд, соёл, урлаг, спортын  талаар:

“Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийг соёл, урлагаар дамжуулан хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилгоор аймгийн Хүүхэд залуучуудын театр, Боловсролын газар хамтран сурагчдад урлагийн багц тоглолт үзүүлэх ажлыг эхлүүлсэн ба Номын төвтэй хамтран сурагчдын дунд танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээн, “Зохиолч уншигчдын уулзалт” арга хэмжээг зохион байгуулав. 

Хүүхдийн ордны дэргэд “Хүүхдийн үндэсний дуу бүжгийн чуулга” байгуулагдав.

ЭМГ, ССАЖГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Хутагт ламын хийд, Ахмадын хороо зэрэг байгууллагууд хамтран “Эрүүл чийрэг Монгол хүн” зорилтын хүрээнд иргэдийг эрүүл агаарт идэвхитэй амраах, уул ус, байгаль дэлхийгээ дээдлэн хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Буяны гороо аялал”-д 19 багийн 500 орчим иргэд оролцлоо.

Уурхайчин соёлын ордны 35 жил, аймгийн Музей байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Бахархан дуурсах жилүүд” сэдэвт уран зургийн үзэсгэлэн,  Баянцагаан багийн соёлын төвтэй хамтран цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн бүтээлээр “Байгаль” сэдэвт үзэсгэлэн, “Аргат мэргэн Хүрэл хүү” хүүхэлдэйн жүжиг, “Гайхамшигт ертөнц” сонгодог концерт, “Урхи” жүжиг, “Номын баяр-2013” зэрэг соёл, урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн, хөл бөмбөгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Монгол улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан, “Өөрийгөө ялах-Эрдэнэт марафон-2013” гүйлтийн тэмцээн, явган аялалын Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээнүүдэд манай аймгийн 200 гаруй тамирчид амжилттай оролцлоо.

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн талаар:

10 сарын эхний байдлаар аймгийн дүнгээр давхардсан тоогоор 50.9 мянган хүнд 27.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосноос 2.2 мянган хүнд 1.9 тэрбум төгрөгийн халамжийн тэтгэвэр, 2.0 мянган хүнд 750.6 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 4.0 мянган хүнд 548.4 сая төгрөгийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж, 5.7 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 318.2 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлийн улсын төсвийн санхүүжилтээр 10.2 мянган хүнд 1.7 тэрбум төгрөгийн тэтгэмж, хөнгөлөлт, Хүний хөгжлийн сангаас 12.2 хүнд 883.3 сая төгрөгийн хишиг хувийг олгожээ.

“Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ажил олгогч байгууллага ба хөдөлмөрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажил олгогч нарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, архив, албан бичиг хөтлөлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгөх зорилгоор “Ажил олгогч-таны мэдлэгт” сургалтыг 36 аж ахуйн нэгж байгууллагын захирал, хүний нөөцийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнуудад зохион байгууллаа.

Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэн, хорих ангиас суллагдсан 1, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагтай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай 5 иргэн хамрагдаж нийт 510,0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн хүрээнд бүтээмжийн хөдөлгөөнийг далайцтай өрнүүлж бүх нийтийн үйлс болгох зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд “Инноваци, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл”-ийн болзолт уралдааныг 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зарлалаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх үзлэг шалгалтанд 96 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдлаа.

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 48760 гаруй даатгуулагчдад зөвлөгөө өгч, 15475 иргэний холбогдох материалыг хүлээн авч бүртгэсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт хивс” ХХК дээр ээрэгч, сүлжмэл, нэхэгч мэргэжлээр 50 иргэн сургалтанд хамрагдаж эхэллээ.

Хөдөлмөрийн хэлтсээс Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээл болон төслийн хэрэгжилтийн байдалд 35 аж ахуйн нэгж, иргэний ажлын байртай танилцаж, хяналт үнэлгээ хийсэн байна.

10 сарын эхний байдлаар Хөдөлмөрийн хэлтэст 1717 хүн бүртгэлтэй байгаа ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар буурсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 4.1 хувь нь 45-59 насныхан, 7.5 хувь нь 35-44 насныхан, 38.0 хувь нь 25-34 насныхан, 50.4 хувь нь 16-24 насныхан ба 21.9 хувь нь сургууль төгссөн, 5.7 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 2.4 хувь нь байгууллага татан буугдсан, 1.8 хувь нь орон тооны цомхотголоор, 1.3 хувь нь цэргээс халагдсан шалтгаанаар ажил хайж бүртгүүлжээ. Ажилгүйчүүдийн 43.5 хувийг бүрэн дунд, 29.0 хувийг дээд, 11.6 хувийг мэргэжлийн анхан шатны, 8.9 хувийг суурь, 4.3 хувийг тусгай дунд, 2.6 хувийг бага боловсролтой, 0.2 хувийг боловсролгүй хүмүүс эзэлж байна.

Нийт 2584 хүн ажлын байраар хангагдсанаас 1339 нь шинээр бий болжээ. Ажлын байраар хангагдагсдын 10.4 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 16.6 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 14.3 хувь нь худалдааны салбарт ажилд орсон нь дийлэнх хувийг эзэлж байна.

4.    Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:

Аймгийн хэмжээнд ургац хураалт улаан буудай 3582 га-аас 6985.3 тонн, тосны ургамал 315 га-аас168 тонн, тэжээлийн ургамал 203.5 га-аас 315,5 тонн, төмс 331.1 га-аас 2851 тонн, хүнсний ногоо 229 га-аас 2314.7 тонныг буюу га-гаас үр тариа 19.5 цн, тэжээлийн ургамал га-гаас 15.5 цн, төмс га-гаас 86 цн, хүнсний ногоо га-гаас 102 цн-ийг тус тус хураан авч, үр тариа, хураалт төмс, хүнсний ногооны хураалт 100 хувьтай ба ургац хураалтын энэ оны ажил дууслаа.

 Аймгийн хэмжээнд 9500 тн хадлан бэлтгэхээс 9962 тн буюу 103 хувь, гар тэжээл 35 тн бэлтгэхээс 40 тонныг бэлтгэж гүйцэтгэл 114 хувьтай байгаа ба аймаг, суманд 255 тн өвс нөөцлөөд байна.

 Нийт нутаг дэвсгэрт уст цэг 103 байгаагаас инженерийн хийцтэй 72, энгийн уурхайн худаг 25, усан сан 6 байна. Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил орон нутгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр суманд 6, Жаргалант суманд худгийг тус тус шинээр гаргаад байна.   

Архаг халдварт лейкоз, сүрьеэ өвчний онош баталгаажуулах, өвчлөлийн түвшин тогтоох шинжилгээг 2654 үхэрт хийлээ.

“Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос хойш чацарганы суулгац зээлээр авсан 8 аж ахуйн нэгж, 7 иргэний үйл ажиллагаатай газар дээр нь танилцан үнэлгээ хийсэн ба төслийн явцын үнэлгээ 70 хувьтай хэрэгжиж байна.

 “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба 2 сумын 6 аж ахуйн нэгж, 70 гаруй ногоочид оролцож 30 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн ба “Өрхийн тариалан-2013” төслийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 886 өрх 140 тн төмс, 20 орчим тн хүнсний ногоо хураан авсан байна.

Байгаль хамгаалах намрын сарын ажлыг “Ногоон хөгжил–бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн бүх нийтээр мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд нийт 20016 ш мод, 10619 ш бут сөөгийг 50 аж ахуйн нэгж, байгууллага, 675 иргэний оролцоотойгоор тарьсанаас Баян-Өндөр суманд 17716 ширхэг мод, 9619 ширхэг бут сөөг, Жаргалант суманд 2300 ширхэг мод, 1000 ширхэг бут сөөгийг тарьсан байна.

2013 онд бүх нийтээр мод тарьж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өөрийн эзэмшил газарт цэвэр орчин бүрдүүлэх ажилд идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шагнаж урамшуулав.

5.    Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

10 сарын эхний байдлаар аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбарт 876.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 897.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан ба гадаад худалдаагаар 1.1 их наяд төгрөг буюу 754.6 сая ам.долларын бараа эргэлт хийсэн байна.

Мэргэжлийн сургалтанд хамрагдсан 20 иргэнд өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1.9 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгов.

Монгол улсын “Мастер тогооч” шалгаруулах төвийн бүсийн шалгаруулалтанд оролцуулах зорилгоор аймгийн тогооч нарын аварга шалгаруулах уралдааныг зохион байгуулж, 8 аж ахуйн нэгж байгууллагын 13 тогоочийг хамруулав.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчилах, бизнесийн түншлэл тогтоох, зах зээлээ өргөтгөх боломж бүрдүүлэх зорилгоор “Хангайн бүсийн түншлэл-Булган-2013” үзэсгэлэн худалдаанд хүнс, аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт 29 иргэн, аж ахуйн нэгж оролцож 22.0 сая төгрөгийн борлуулалт хийлээ.

Мөн “Эрдэнэт-түншлэл-2013” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 7 аймгийн 110 гаруй аж ахуйн нэгжүүд оролцов.

Аймгийн хилийн цэсийн маргааны асуудлаар Барилга, хот байгуулалтын яаманд хүсэлт гаргасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгээс Орхон аймгийн Баян-Өндөр сум болон Булган аймгийн Орхон сумын дунд байрлах Өндөр толгой цэг, Орхон аймгийн Жаргалант сум болон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын дунд байрлах Хөшөө чулуу нэртэй цэгүүдийн өндөржилт, байршлыг тогтоож хилийн цэсийн маргааныг эцэслэн шийдвэрлэв.

   Техникийн оношлогооны Орхон аймаг дахь салбартай хамтран зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар техник хяналтын давтан үзлэгт хамрагдаагүй 46 тээврийн хэрэгслийн 13 зөрчилд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авлаа.

Тээврийн байгууллагууд 53.7 мянган тн ачаа тээвэрлэн, 17.5 сая.тн/км-ийн ачаа эргэлт, 6.0 сая зорчигч тээвэрлэн, 90.5 сая хүн/км–ийн зорчигч эргэлт хийж, тээврийн үйлчилгээнээс 9.7 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Зорчигч тээврийн үйлчилгээнд 247 микроавтобус, 475 такси гарч тэдгээрт 955 хүн ажиллаж байна.

Стандартчилал хэмжилзүйн хэлтэстэй хамтран эзэлхүүн механик хэмжих хэрэгслийн чиглэлээр Шатахуун түгээх станцуудын түгээгүүр болон хэрэглэгчдийн эрчим хүчний тооцооны цахилгаан тоолуур, усны тоолуурын ээлжит баталгаажуулалтын ажлыг зохион байгуулж, холбогдох аж ахуйн нэгж, зарим багийн айл өрхүүдийг хамрууллаа.

Дэлхийн стандартын өдрөөр “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-тай хамтран 35 аж ахуйн нэгж, байгууллагын 120 гаруй ажилтнуудын дунд “Олон улсын стандарт эерэг өөрчлөлтийг бий болгох нь” сэдэвт сургалт, семинар зохион байгуулж, “Эрдэнэт-Үйлдвэр”, “Эрдэнэт –Хивс”, “Эрдмин” ХХК-уудад ISO-9001 стандартыг нэвтрүүлсэн туршлагын талаар санал солилцлоо.

Орхон аймагт барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 30 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаа ба ГХБХБГ-ын дэргэд Барилгын материалын сорил шинжилгээний лабораторийг байгуулан 27.5 сая төгрөгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллаж байна.

Их барилгын 36 аж ахуйн нэгжүүд 18.7 тэрбум төгрөгийн барилга угсралт их засварын ажлыг 91 обьектод хийж гүйцэтгэсний 51.2 хувь нь их засварын ажил байна. Гүйцэтгэсэн ажлын дүн өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар, их засварын ажил 22.3 хувиар нэмэгджээ. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 55 объектод 6.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 дахин их байна.  Аймгийн дүнгээр тайлант хугацаанд 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий барилга байгууламж ашиглалтад орсны 50.0 орчим хувь нь барилга засвараар гүйцэтгэсэн ажил байна.

10-р сарын 31-ний байдлаар Эрдэнэтийн дулааны цахилгаан станц 3 зуухтай хэвийн ажиллаж, 20 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

Эх сурвалж: www.erdenet.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж