Нөөцийн махыг бэлтгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг бэлтгэж эхэллээ

Нөөцийн махны нийлүүлэлтийн талаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ. Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран  “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах ажлыг хийх “Нөөцийн махны менежер”-ийг өнгөрөгч есдүгээр сард сонгон шалгаруулжээ. Нөөцийн махны худалдааг нийслэлд болон Дархан, Эрдэнэт хотуудад хийх бөгөөд тус бүрт нь гүйцэтгэгч компаниуд ийнхүү шалгарч, мах бэлтгэлийн ажлаа эхлүүлсэн юм. Ирэх жил иргэдийн хэрэгцээнд 14 мянган тонн нөөцийн мах худалдах юм байна. Тухайлбал,

  • Дархан хотын  “Нөөцийн махны менежер” болох “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тн мах;
  • Эрдэнэт хотын “Нөөцийн махны менежер” болох “Эрдмийт” ХХК нь 1000 тн мах;
  • УБ хотын “Нөөцийн махны менежер” болох “Эи Эн Ди Эм” ХХК нь 6000 тн, “Баатарууд тэнгэр” ХХК нь 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худалдан борлуулах ажээ.

Нөөцийн махыг 2.3, 5 кг-аар уутална

Махны нөөц, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махыг 2006 онд худалдаанд гаргаж байсан бөгөөд агуулахын мах гэдгээрээ чанаргүй гэсэн шүүмжлэлийн жил бүр авдаг билээ. Тиймээс ирэх жилийн нөөцийн маханд чанарын шаардлагыг сайтар тавих тухай албаныхан онцолсон юм. Ингэхдээ нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компаниудыг төсөл сонгон шалгаруулалт байдлаар сонгосон бөгөөд зөвхөн үйлдвэрийн аргаар үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл, тал өрөөл, хонь, хурга, ямааны гулууз махнаас бэлтгэх ажээ. Өөрөөр хэлбэл, Техникийн ерөнхий шаардлага “MNS 111-2007” стандартын нэгдүгээр зэрэглэлийн шаардлага хангасан махыг нөөцийн агуулахад хүлээн авахаар болжээ.

Нөөцийн мах хэтэрхий шулагдсанаас яс, арьстайгаа үлдсэн байна гэсэн гомдол их гардаг учир нөөцөд бүрдүүлэх үхрийн махны жингийн 5 хувь, ямааны махны жингийн 10 хувиас доошгүй хэсгийг шулж, 0.5 кг-аар, үхэр, ямааны махны жингийн үлдсэн 90 хувь, хонины махыг гулуузаар эсхүл жижиглэж, хөрөөдөн, яс махны зохистой харьцааг баримтлан, 2, 3 ба 5 килограммаар уутлан савлаж, худалдах юм байна.

Мах бэлтгэн нийлүүлэх, худалдан борлуулах бүхий л шатанд Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, мах бэлтгэлээр ажиллаж буй компаниудад хөнгөлөлттэй зээл олгох арилжааны банкны төлөөлөл хамтран ажиллах ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж