“Өнөөдөр илүү сайн байгаарай”

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

“Өнөөдөр илүү сайн байгаарай”

Нийгэмдээ санаачлагатай ажиллаж буй, өндөр боловсролтой, өнөөгийн залуу
удирдагчдын нэг Монголын Телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирал, NTV
телевизийн Захирал М.Уламбадрахтай ярилцлаа.
Мэргэжлээ анх хэрхэн сонгосон бэ?
Би гадаад хэлэнд их сонирхолтой хүүхэд байлаа. Ялангуяа Хятад, Япон хэл, Монгол бичиг, Түвд  гээд дорно дахины хэлэнд илүү байв. Тиймээс аав маань намайг 13 настайд Харгана овогт Жаргалын Өлзийт гэдэг хүнд хадаг бариулж, шавь оруулсан юм. Тухайн үеийн социалист нийгэмд настай хүнд хадаг барьж шавь оруулах явдал ховор үзэгдэл байлаа шүү дээ. Ингээд би тэр хүний гарын шавь болж, гэрээр нь очин Хятад ханз, хэл заалгадаг болов. Тэгсэн багш маань нэг өдөр Япон хүн ирж багшлах болсныг хэлж намайг тэр сургууль руу шилжихийг зөвлөлөө.  Ингээд 38 дугаар сургууль руу шилжсэнээр Япон хэлэнд улам дуртай болж, үүнээсээ үүдэн  соёл, ёс заншил, уламжлал, ард түмнийх нь сэтгэлгээг сонирхох болсон. Сонирхлынхоо дагуу Гадаад хэлний дээд сургууль буюу одоогийнхоор Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Япон хэлний ангид элсэн орж, тэндээсээ Япон руу сургуульд явсан юм
Тэгвэл телевизийн салбартай холбогдсон шалтгаан юу юм бол?
Цэвэр тохиолдол. Өөр салбарт өөрийгөө сорьж үзье гэж бодсон л доо. Намайг оюутан байх үед NTV телевизийн миний өмнөх захирал А.Ганбаатар, М.Буянбадрах, Ц.Онон бид болон бусад хүмүүсийн оролцоотойгоор анх “Шинэ зууны радио FM 107” –г ажиллуулж байсан юм. Энэ радио нь ЖААГ компанийн харъяа байсныг нь худалдаж аваад ажиллуулсан. Тухайн үед би Японд судлаач мэргэжлээр сурдаг оюутан байв. Төгсөөд Японы компанид гурван жил ажиллаж байхдаа мэдээллийн технологийн чиглэлээр магистрантурт сурсан. Энэ хооронд “Шинэ зууны радио FM 107”-гийн ажил маань үргэлжлэн явсаар, хөрөнгө оруулагчид нь ч олон болж өргөжсөөр сүүлдээ телевиз байгуулах болсон. Телевизэд анхнаас нь л хамтран ажиллах санал надад ирсэн юм. Миний хувьд сэтгүүл зүйн салбарын талаар ямар ч ойлголтгүй болохоор  маркетинг, бизнес төлөвлөлт тал дээр нь ажиллаж эхэлсэн. Ингээд  NTV телевиз 2006 оны арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдсэн. Би Бизнес төлөвлөлтийн албаны даргын  алба хашиж байгаад, 2008 онд телевизийн захирлаар томилогдсон л доо.
Өнөөдөр манайд хэвлэл мэдээллийн маш олон байгууллага шинээр гарч  улам  өрсөлдөөнтэй  болж байна?   
Өрсөлдөх чадвартай болох хамгийн дөт зам бол эрүүл, шударга өрсөлдөөн. Мэдээлэл олж авах эх сурвалж маш олон болсон, ийм болохоор хэрэглэгчдийн маань  хүсэлт шаардлага өндөржиж байна. Хэрэглэгчдийн түвшин өснө гэдэг мэдээллийн байгууллага бүтээгдэхүүнээ чанаржуулах сайжруулахаас өөр аргагүй байдалд хүргэнэ. Аливаа байгууллага төгс зүйлийг зорин ажилладаг. Сонсоход хийсвэр мэт боловч хүн энэ амьдралдаа хэзээ ч бүтэшгүй зүйлийг зорьж, түүндээ жаахан ч ойртохын төлөө л явдаг. Би өөрийн удирдаж буй ажилтнууддаа  үүнтэй, түүнтэй өрсөлд гэдэггүй, харин “Өчигдрөөсөө илүү өнөөдөр сайн байгаарай” л гэж хэлдэг.  
Таны бодлоор телевизийн сэтгүүлч хүн ямар байх ёстой вэ?
Баримтад тулгуурласан, төрөлх хэлээрээ зөв ярьж бичиж, үзэгчдийн соёлын түвшинд хүрсэн хэлбэрээр хүртээмжтэй мэдээлэл түгээх нь бидний үүрэг. Ялангуяа телевиз нь  хувийн байгууллага боловч ашиглаж буй давтамж, нүдэнд харагдахгүй хэдий ч хязгааргүй орон зайд цацагдаж буй тэрхүү хүчирхэг долгион нь өөрөө нийтийн шинж чанартай зүйл. Тиймээс тэр хүчирхэг долгионоор худал буруу зүйл ярьж, цацаж болохгүй. Энэ хариуцлагаа ухамсарлаж байх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөө гэж ярих нь нэгдүгээрт иргэн хүний үнэн зөв, бодитой мэдээлэл олж авах эрхийн тухай ойлголт байх ёстой юм. Гэтэл бид одоо зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчийн тухай яриад байна. Мэдээж олж авсан баримт, эх сурвалжаа нууцлах зэрэг зүйл бий. Гэхдээ эцсийн тэр мэдээллийг олж авах эрх нь нийт уншигч, үзэгчдэд байна. Тэрхүү хэрэгцээг нь бид хэр хангаж өгч байна вэ? Эргээд энэ бүхэнд хариуцлага нь давхар яригдах ёстой. Ёс зүй гэсэн үг. Зарим тохиолдолд ёс зүй эрх зүйгээсээ илүү үйлчилдэг. Нийтээр дагаж мөрдөх ёс жаяг, зан заншил, хорио цээр гэдэг ямар ч хуулиас хүчтэй үйлчлэлтэй. Жишээ нь сэтгүүлч буруу бүдүүлэг үг хэрэглэх нь ёс зүйн асуудал. Ийм үг, өгүүлбэр бичсэнийхээ төлөө ял шийтгэл авахгүй юм аа гэхэд ядаж л ичгэвтэр байдалд орох ёстой биз дээ. Гэмших гэдэг утгаараа. Зөвхөн телевизийн сэтгүүлч ч биш  хэвлэл мэдээлэл нь өөрөө асар хүчтэй зэвсэг учраас сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа бүх хүн хамгийн наад зах нь хүнлэг байх ёстой. Хүнлэг хүн ядаж л хамаагүй худлаа яриад байхгүй. Бичиж, ярьж буй зүйлээс нь болж хэн нэгэн хохирч магадгүй гэсэн ёс суртахуун байх учиртай.
Ур чадварыг бол сайжруулаад, суралцаад явж болох учир дараагийн асуудал гэж би боддог. Сэтгүүлч хүн редакци, байгууллагын  соёл, нэгдмэл үнэт зүйлийг нь бүрдүүлэхийн тулд хувь нэмрээ оруулж чадахуйц нэгэн байх ёстой. Учир нь хэвлэлийн бүтээгдэхүүн гэдэг багийн тоглолт юм. Үүнээс цаашхи шаардлагуудыг яривал нэлээд урт жагсаалт болох байх. Жишээ нь, “Алтан Шонхор” наадам байна. Зарим хүн уг наадмыг телевизийн сэтгүүлчдийн баяр гэдэг. Тэгвэл энэ нь телевизэд ажилладаг бүх хүний  баяр  юм. Сэтгүүлчээс гадна инженер, оператор, цаашлаад үйлчлэгч гээд олон чухал ажил үүрэг бий шүү дээ. Зөвхөн телевиз гэлтгүй  сонин, сэтгүүлийн редакци ч мөн адил. Энэ олон хүмүүсийн хөдөлмөрийг төлөөлөн харуулах сэтгүүлч нь  тэр хамт олныхоо бүтээснийг балладаггүй л байх хэрэгтэй юм.
Телевизийн салбар дахь залуу удирдагчийн хувьд энэ салбарын ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
Монголын телевизийн салбарын ирээдүйн тухайд технологийн хөгжил асар хурдацтай явж, өргөн боломжуудыг шинээр нээж өгч байна. Уламжлалт өргөн нэвтрүүлгээс гадна кабель, сансрын холбоо, mobile TV, IPTV зэрэг технологийн нэгдэн нийлэлт явагдах байх.  2015 оноос манай улс мөн дижитал системд шилжихээр төлөвлөж байгаа. Тэгэхээр суваг гэхээсээ илүүтэй контент бэлтгэх ажил  гээд хөтөлбөр, мэдээ, агуулга бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй болно. Технологийн хөгжлийг дагаад “hardware” талдаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно. Тоон системд шилжихэд телевизүүд хараахан бэлэн биш, бэлдэх зүйл их байгаа. Эрх зүйн талаасаа зохицуулалт хийх хэрэгтэй, Телевизүүдийн холбооноос ч гүйцэтгэх бэлтгэл ажил их бий. 2015 он гэдэг хэтэрхий тулсан хугацаа юм. Гэхдээ дэлхий нийтээрээ шилжих гээд байгаа нь манай хувьд давхар сорилт болж байна.  Жишээ нь Япон гэхэд  2001 онд арван жилийн дараа тоон системд бүрэн шилжинэ гэж зарласан. Энэ хугацаандаа өөрчлөлтүүдийг аажмаар хийсээр ирэх жилийн долдугаар сар гэхэд бүрэн шилжиж дуусна. Хэрвээ дэлхий нийтийн энэ жишгээс бид хоцорвол манай улсад “second hand”-ийн бараа бүтээгдэхүүн ихээр орж ирэх нэг муу үр дагавартай.
Та NTV болон бусад телевизийн аль нэвтрүүлгийг үзэх дуртай вэ?
Үзэгчийн хувьд надад хамгийн хэрэгтэй мэдээлэл бол цаг агаар. NTV-г зоогийн газраар зүйрлэвэл хамгийн олон төрлийн хоолтой, меню сайтай. Бусад телевизийн нэвтрүүлгийн хувьд  рейтинг өндөр гэгдэж, хүмүүс ам дамжиж яриад байгаа тийм сайн бүтээл гарвал үзэхийг хичээдэг. Ер нь бид чинь маш зав чөлөөгүй цаг үед амьдарч байна шүү дээ. Амралтын өдрүүдэд Оросын НТВ, Японы NHK үздэг.
Та өөрөө нэвтрүүлэг бэлдэж байсан уу? Үгүй бол энэ талаар бодож байв  уу?
Би сэтгүүл зүйгээр мэргэшсэн хүн биш учраас нэвтрүүлэг хийе энэ тэр гэж боддоггүй юм. Харин нэг удаа сонинд нийтлэл бичиж байсан юм байна. Өнгөрсөн оны долдугаар сард “Үндэсний шуудан” сонинд хэвлүүлсэн. Тэр үед Ерөнхий сайд Японд айлчлахад манай NTV телевиз бүрэлдэхүүнд нь багтсан. Би тухайн үед Японд байсны хувь телевизийнхээ багийн орчуулагч маягаар явсан. Тэгээд  айлчлалын тухай төрсөн сэтгэгдлээ хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас бичсэн. Тэр нь сэтгүүл зүйн бичлэг гэхээсээ илүү блог буюу сонирхогчийн жанртаа орох байх.
Ажилтайгаа холбоотой сэтгэлд тод үлдсэн үйл явдал, дурсамжаасаа өгүүлээч?                 
Магад өөр ажил хийгээд явсан бол ганц хүний л амьдрал. Харин телевизийн ажил гэдэг  олон хүний хувь заяа, амьдралыг илүү ойрхон таньж мэдэх боломж олгодог. Сэтгэл эмзэглүүлсэн зүйл л санаанд их тод үлддэг юм шиг. Манай телевизийнхэн Налайхын уурхайд ажилладаг хүүхдийн тухай нэвтрүүлэг хийсэн юм. Тэгсэн Налайхын нэг дарга нь ирж энэ нэвтрүүлгийг гаргахгүй энэ тэр гээд  багагүй асуудал үүсгэлээ. Тэр дарга  тухайн хүүхдийн хувь заяанаас илүүтэй өөрийнх нь ажлыг л муулах вий гэж хар амиа бодож байсанд их харамссан. Мөн 13 настай байхад нь Хойд Солонгосчууд  хулгайлчихсан хүүхдийн эцэг, эхтэй бид Японд очиж уулзан, нэвтрүүлэг хийж  байлаа.Цаг үе, нийгэм нь хүний , гэр бүлийн хувь тавиланг айхтар эргүүлчихдэг гунигт түүх олон. Уг нь манай телевиз  “Өөдрөг өнгө, өөр өнцөг”  гэсэн уриатай учир болж өгвөл гэгээлэг зүйл гаргачих санаатай. Сүүлийн үед баримтат кино, нэвтрүүлэг рүү нэлээд орж байна. Телевиз маань дөрвөн настай, залуухан байгууллага. Өнгөрсөн хугацаанд тухтай тайвнаар  эргэн харж,  бүхнийг эргэцүүлэх завгүй л явна. Зөвхөн урагшаа тэмүүлээд явсан мэт санагддаг юм. Гүйх зуураа л зүг чигээ олж байлаа шүү дээ. Цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Одоо л харин бүхнийг эрэгцүүлэн тухтай бодох тэр мөчлөг дээр ирээд байна.   
Завгүй ажиллаж явааг тань харж байна аа. Гэхдээ хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?             
Айн Рэндийн ”Атлантын нуруу тэнийв” гэсэн зузаан номыг уншиж байна. Айн Рэндийн “Эх сурвалж” гэж бас их сонирхолтой ном бий. Уг зохиолын гол дүр  Роарк , мөн хэвлэл мэдээллийн том босс Гейл Уайнанд гээд сонин дүрүүд гардаг юм. Дараа нь “Үүл бид хоёр” номыг уншина даа. Уншиж буй номоо хамт ажилладаг хүмүүстээ санал болгодог заншилтай.
Амьдралын тань гол зарчим юу вэ?
Ахмад, туршлагатай болоод хөндлөнгийн хүн санал бодлоо илэрхийлж, зөвлөгөө өгөхөд сонсох дуртай. Гэхдээ  эцсийн шийдвэрийг би өөрөө л гаргадаг. Дараа нь хэн нэгнээс болчихлоо гэж бодохыг хүсдэггүй. Алдсан ч, оносон ч өөрийн гэсэн хүлээх хариуцлагатайгаар амьдрахыг л боддог.   
Өнөөгийн сэтгүүл зүйн салбарын талаар ямар бодолтой явдаг вэ?   
Одоо ч тэр, анх байгуулагдаж байхад ч ялгаагүй сэтгүүлчдээс шалтгаалахгүй олон зовлон бэрхшээл, асуудлууд бий гэдгийг ойлгосон. Гэхдээ дотоодын учир шалтгаан ч бас их бий.  Жишээ нь бизнес төлөвлөлт хийхэд SWOT дүн шинжилгээ хийдэг шүү дээ. Аливаа дүн шинжилгээнд гадаад болон дотоод орчин гэж бий. Гадаад орчны асуудлууд их байна. Гэхдээ дотоод орчны асуудал байгаа бол бид өөрсдөө засаж болохоор зүйлүүдийг шийдэж, сайжруулах хэрэгтэй.  Нэг энгийн жишээ хэлье. Үг үсгийн алдаатай бичнэ гэдэг юу гэсэн үг вэ? Зөвхөн сэтгүүлч гэлтгүй, өөр  мэргэжлийн хүн ч гэлээ үг үсгийн алдаатай бичдэг хүнийг ажилд төдийлөн авахгүй л болов уу. Гэтэл үг үсгийн алдаа хаа сайгүй харагдаж л байдаг. Энд анхан шатны асуудал яригдаад байна шүү дээ. Агуулгын хувьд ойлголт, мэдлэг боловсрол дутуугаасаа болоод буруу биччихдэг. Энэ зэргийг уучилж болох юм гэж хүмүүс ярьдаг нь ч туйлын буруу. Сүүлдээ ийм “нигүүлсэл” даамжраад,  алдаа дутагдлаа мэдэж байгаа хэрнээ нүд, амаа таглуулчихсан мэт явж болохгүй шүү дээ.  Тэгэхээр дотор нь ажиллаж байгаа хүний хувьд ч тэр, уншигч, үзэгчийн байрнаас  ч тэр өнөөгийн сэтгүүл зүйн салбарт би ихэд шүүмжлэлтэй ханддаг. Бэрхшээл, асуудлын учир шалтгааныг зөв олох юм бол гарах гарцуудыг нь зөв тодорхойлж чадна. Тэгэхгүй зөнд нь хаяж, тоохгүй яваад байж болохгүй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
Нөгөө талдаа, сэтгүүл зүйн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна бусад  хүчин зүйл нөлөөлдөг тал бий.  Наанадаж л сонгуулийн тогтолцоо нь сэтгүүл зүй дэх бэрхшээлд  нөлөөлж байна уу гэвэл тийм.  Сонгуулийн тогтолцоо нь явахаа больсон, улс төрийн намууд нь хариуцлагагүй зүйл амладаг, түүнээ биелүүлэхийн тулд зөөлнөөр хэлбэл “пи ар” ажиллагаа явуулдаг. Энэ мэтээр  гаднах нөлөөллийг яривал олон л доо. Телевиз гэдэг дуу хоолойтой, дүрстэй болохоор хүртээмж нь их. Тиймээс бусад хэвлэлээс ч илүү хариуцлагатай байх ёстой гэж би боддог юм. Мөн зөвхөн телевизтэй холбож ярилгүйгээр нийтэд нь аваад үзэхэд юм уншдаг хүн цөөрч байгаад ихэд эмзэглэдэг. Үүнд телевиз өөрөө ч бас тодорхой хэмжээнд буруутай байж магадгүй. Мэдээллийг хялбаршуулж өгдөг учраас үзэгчдэд их амархан хүрдэг. Тэгэхлээр хүн юм уншихгүй шүү дээ. Ийм хандлагаас болоод  сонин, сэтгүүлийн захиалгын тоо буурч байна. Энэ бол анзаарч, бодох л ёстой асуудлын нэг.
Дүгнэлт хийхээс аргагүй бас нэг асуудал бол гадаад хэлний мэдлэггүйн  бэрхшээл. Мэргэжлийг нь дээшлүүлэх гээд хилийн чанад руу явуулах гэхээр хэлний мэдлэг гологдоод байдаг. Ийм бэрхшээлийг арилгах  үүднээс манайх сэтгүүлчдийнхээ дунд гадаад болон монгол хэлний сургалтууд явуулдаг.  Ном уншихгүйн гай гэж бас байна аа. Уран зохиолын хичээл сургуулиудад орж байна уу? Монгол хэлний хичээлийг ямар түвшинд зааж байна гэдэг өөрөө анхан шатны асуудал. Ном тогтмол уншдаг хүн барагтайд алдаа гаргаад байдаггүй. Мэргэжлийн сэтгүүлч бэлтгэдэг сургууль олон болсон нь сайшаалтай хэдий ч чанартай нь хэд байна вэ гэдэг дээр олон хүн тааруухан дүн хэлэх байх. Их, дээд сургуулиудыг нэгтгэе, чанаржуулъя гэсэн арга хэмжээг  зөв гэж боддог. Өнөөгийн залуу сэтгүүлчид боловсрол муугаасаа асуудалд орж, шүүмжлэлд өртөж байна. Тиймээс юуны түрүүнд мэдлэг боловсролоо дээшлүүлж, хөгжих хэрэгтэй.
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”  байгууллага сэтгүүлчдийг сургах чиглэлээр ажиллаж эхэллээ. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?    
Ийм байгууллага бий болсон нь нэг ёсондоо сигнал, мессеж юм. Сэтгүүлчдийн байгууллага нь дотроосоо санаачлан ийм зүйл  байгуулсан нь сайшаалтай. Болж бүтэхгүй зүйл, алдаа дутагдал байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч буйгаас ажлаа эхэлнэ гэдэг их том алхам юм шүү. Нийгэмд мэдээлэл хүргэж буй сэтгүүлч нь нэн түрүүнд боловсрох ёстой. Ялангуяа улс орны хөгжил, эдийн засагтай холбоотой ойлголтоо дээшлүүлэх нь зайлшгүй чухал. Уг нь нэг мэдээ бэлтгэж, бичихийн тулд маш олон зүйл уншиж, судалж нарийн утга учрыг нь ойлгох хэрэгтэй болдог. Тэгэхгүйгээр шууд л нэг хүний амаар, аль эсвэл өөрийнхөө бодсоноор уран зохиол аятай биччихдэг нь нэгдүгээрт өөрөө буруу замаар будаа тээж, хоёрдугаарт нийгмийнхээ хөгжлийг хойш татаж байгаа явдал юм. Гэгээрүүлэх, боловсролыг нь дээшлүүлэх зорилгыг төлөвлөгөө, бодлоготойгоор хийх болсон нь маш зөв алхам. Би хувьдаа энэ байгууллагыг ихэд дэмжиж байгаа.
 Ярилцсан Э. Оджаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж