Манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны одоогийн мөрдөж байгаа журам болох үндсэн багцад хамаарах даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээ хэт хязгаарлагдмал байгаа бөгөөд КТГ-н шинжилгээнээс эхлэн хагалгаанд хэрэглэх өртөг өндөртэй, багаж хэрэгсэл, протезийн төлбөрийг үйлчлүүлэгч өөрөө 100 хувь төлж байгаа нь даатгуулагчийн хувьд сэтгэл ханамж авч чадахгүйд хүргэдэг гэдгийг олон үйлчлүүлэгчид хэлдэг. Эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагуудын эдийн засгийн чадавхи муу, эрүүл мэндийн салбарт ажиллагсадын цалин бага, өртөг өндөртэй орчин үеийн, чанартай багаж хэрэгсэл, эм тариа авах санхүүгийн тогтвортой эх үүсвэр байхгүй, эрүүл мэндийн даатгалаас тухайн үйлчилгээ үзүүлж буй байгууллагад нэг оношоор тогтоосон бодит бус зардлын өртөг шингээсэн санхүүжилт орж ирдэг, санхүүгээ эмнэлэгүүд бие даан захиран зарцуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгаагаас болоод эмнэлэгийн байгууллагуудын өнгөрсөн зуунд хэрэглэж байсан аппарат, багаж хэрэгсэл, арга барил төдийлөн шинэчлэгдэж чадахгүй байсаар байна. Эдгээр бодит байдал нь үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, эмчилгээний чанар үр дүн, эмч нарын ур чадвар, эрүүл мэндийн салбарын хөгжил зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлж байна.
Зарим өндөр хөгжилтэй, хүн ам олонтой, даатгалын байгууллага нь чадамжсан оронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалын байгууллагаар дамжуулан үнэ төлбөргүй хүргэдэг бол ихэнх хөгжилтэй улс оронд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авахад шатлал бүрт харилцан адилгүй төлбөртэй хүргэдэг аж. Өндөр хөгжилтэй ихэнх оронд оношлогооноос эхлээд хэвтэж эмчлүүлсэн болон мэс засал эмчилгээ хийлгэсэн бүх тохиолдолд, ашигласан зүү тариур, хөвөн, бинт, эм тарианаас эхлээд эмчилгээнд хэрэглэсэн өндөр өртөг бүхий багаж хэрэгсэл, протез, эмч сувилагчийн ажлын хөлс гээд тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээ үйлчилгээнд гарсан бодит зардал тухайн улсын хууль журмын дагуу зохих хувиар даатгалын байгууллагаас төлөгдөж байдаг бөгөөд эмнэлэгүүд нь санхүүгээ бие даан захиран зарцуулах эрх зүйн зохицуулалтаар хангагдсан байдаг юм билээ.
Эмнэлэгүүд санхүүгийн бие даасан эрх зүйн чадамжтай болсноор тендер нэрийн доор олон шат дамжлагаар ирсэн зах зээлийн үнээс өндөр үнэтэй багаж төхөөрөмжийг авах бус өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн аппарат тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр материаллаг хангамжаа шинэчилж, эмнэлэг бүр дотоод журмынхаа дагуу ажилчдынхаа цалинг хийснээр нь үнэлж, урамшуулах нөхцлийг бүрдүүлэх боломжтой юм. Тиймээс энэхүү шинэ хуулийн төсөлд Эрүүл мэндийн заавал даатгалын үйл ажиллагааг монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын бие даасан эрх бүхий байгууллага эрхлэх, Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн сар бүр төлж буй шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон чухал заалтыг оруулж өгөх хэрэгтэй. Одоогийн мөрдөж байгаа даатгалын хуулиар аж ахуйн нэгж, байгууллагын ажилтаны шимтгэлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогчийн хариуцан төлөх нь 2,0 хувь, ажилтан буюу даатгуулагч өөрөө хариуцан төлөх нь 2,0 хувь байна. Үүнийг тодорхой хувиар нэмэгдүүлэх, улмаар 50 хувийг ажил олгогч харин үлдсэн 50 хувийг ажилтан төлдөг байхаар зохицуулах шийдвэрийг ч гэсэн тусгаж өгөх нь нийгмийн шаардлага болоод байгаа юм. Ер нь энэ мэт олон чухал асуудлыг зөв талаас нь тусгасан чанартай Эрүүл мэндийн даатгалын хууль төрөн гарах нь ар араасаа асуудал дагуулж буй эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд ихээхэн түлхэж болно.