Байт харвааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайвань улсын Тайпей хотноо энэ өдрүүдэд үргэлжилж байна. 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй хамтатган өсвөрийн азийн аваргын тэмцээн(залуучуудын олимпийн эрх олгох)-ийг зохион байгуулж буй.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа дасгалжуулагч Ж.Нарантуяa, Ю.Ганзориг, П.Жамьянгомбо нарын удирдлагад оролцож байгаа бол залуучуудын олимпийн эрхийн харваанд рекурвын гурван тамирчин онч мэргэнээ сорьж байна. Мөн Энхбатын Саруул тивийн аварга шалгаруулах тэмцээнийг урилгаар шүүж буй.
Тэмцээний эхний өдрүүдэд рекурв болон компаунд төрлийн урьдчилсан харваа явагдаж, улмаар өчигдөр багийн харвааны медальтнууд тодорлоо. Рекурвт эмэгтэй баг 1869 оноогоор 7-р байраар /11 багаас/ шалгарч, Хонгконгийг 209:183-аар хожиж, шөвгийн наймд шалгарсан ч Тайваны багт (210:212) ялагджээ. БНСУ алтан медаль хүртэж, Тайвань, Японы багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэй багийн хувьд 1912 оноогоор 7-р байраар /13 багаас/ шалгарч, Бангладешийг (212:205) хожиж, шөвгийн наймд шалгарсан ч Тайваньд (207:214) ялагджээ. БНСУ алтан медаль хүртсэн бол Япон, Малайз улсын баг мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Компаундын төрөлд эмэгтэй хоёр, эрэгтэй гурван тамирчин оролцсоноос П.Жамьянгомбо, Б.Батцэцэг нар 1/16-д шалгарсан амжилтыг үзүүллээ.
Харин манай гол найдвар рекурв төрлийн эмэгтэй, эрэгтэй тамирчид маргааш шийдвэрлэх харваагаа хийнэ. Рекурвийн эмэгтэй урьдчилсан харваанд 47 тамирчин оролцсоноос ОУХМ Б.Урантунгалаг 629 оноогоор 19-р байр, ОУХМ А.Энхтуяа 624 оноогоор 21-р байрт, ОУХМ Д.Мирослоава 671 оноогоор 21-р байрт шалгарсан.
Рекурвын эрэгтэй урьдчилсан харваанд 49 тамирчин оролцсоноос ОУХМ Ж.Гантөгс 663 оноогоор 7-р байр, ОУХМ Б.Долгорсүрэн 632 оноогоор 25-р байр, ОУХМ Г.Ган-Эрдэнэ 617 оноогоор 35-р байрт тус тус шалгарсан. Эмэгтэй болон эрэгтэй тамирчид бүгд 1/16-д шалгараад байна. Тэмцээний гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.