Төмөр замын төслийг гишүүд “таалсангүй”

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Төмөр замын төслийг гишүүд “таалсангүй”

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар хэлэлцэж байгаа Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын талаарх гишүүдийн байр суурийг бид өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн дугаарт “Ардын эрх”-ийн чуулган нэрээр зохион байгуулснаар уншигчиддаа хүргэсэн билээ. Хэдийгээр уг асуудлаар намын бүлгүүдийн шийдвэр гарч, Төмөр замын бодлогын талаарх баримт бичгийг дэмжин хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа ч энэ асуудлаар хувь гишүүдийн байр суурь нэлээд зөрүүтэй байгаа нь дээрх санал асуулгаас харагдсан юм. Төмөр замын бодлогын асуудлаар УИХ дахь хоёр намын бүлэг санал нэгдэж, Тавантолгойн ордоос Сайншанд, Чойбалсангийн чиглэлд тавих төмөр замыг өргөн царигаар тавих, харин энэ зам баригдсаны дараа урагшаа чиглэлд тавих төмөр зам болон түүний царигийн асуудлыг тухайн үед нь УИХ-д оруулж шийдүүлэхээр хойш тавиад байгаа билээ. Гэхдээ энэ нь намын бүлгүүд дээр олонхиороо гаргасан шийдэл болохоос эцсийн шийдвэр биш.

“Ардын эрх” сонин Төмөр замын бодлогын асуудлаар “чуулган” зохион байгуулахдаа УИХ-ын нийт гишүүдээс,

-Засгийн газраас оруулж ирсэн Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолыг дэмжиж байгаа эсэх?

-Монголын төмөр замын сүлжээг өргөтгөхөд зүүн чиглэл буюу Сайншанд, Чойбалсангийн чиглэлд тавих төмөр зам болон урагшаа Хятад руу шууд гарах гарцын алиныг нь дэмжих вэ?

-Монголын төмөр замын сүлжээнд өргөн нарийн царигийн аль нь үр ашигтай вэ? гэсэн гурван асуултыг тавьж товч хариулт өгөхийг хүссэн юм.

Эхний асуултад хариулт өгсөн гишүүдийн олонхи нь буюу 41 гишүүн “дэмжинэ”, есөн гишүүн “дэмжихгүй” гэсэн байна. Харин 16 гишүүн дээрх асуултад хариулахаас татгалзсан буюу хариулт өгөөгүй, 10 гишүүн гадаадад болон орон нутагт томилолтоор ажиллаж байгаа, өвчтэй, чөлөөтэй гэдэг шалтгаанаар санал асуулгад оролцоогүй билээ. Харин төмөр замын сүлжээг өргөтгөх чиглэлийн алийг нь дэмжиж байна вэ гэдэг асуултад хаиулт өгсөн гишүүдийн 16 нь зүүн чиглэлийг, нэг гишүүн урагшаа төмөр замыг, харин 26 гишүүн хоёр чиглэлийг хоёуланг нь эхлүүлэх хэрэгтэй гэсэн санал хэлсэн байна.

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төсөлд эхний ээлжинд зүүн чиглэлийн төмөр замаа тавьж, Сайншандад байгуулах хүнд үйлдвэрийн цогцолборыг түүхий эдээр хангах, үүний дараа Хятад руу тавих төмөр замын асуудлыг шийдэх, ингэхдээ төмөр замын бүх сүлжээгээ Оросын өргөн царигаар тавих саналыг УИХ-д оруулаад байгаа. Гишүүдийн хувьд Төмөр замын бодлогын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газар боловсруулсан нь сайн хэрэг боловч чиглэл болоод царигийн асуудал дээр санал зөрж байгаагаа хэлжээ. Тодруулбал, чиглэлийн асуудлаар санал өгсөн 43 гишүүний 16 нь буюу 37,2 хувь нь ч зүүн чиглэлийн төмөр замыг түрүүлж эхлүүлэх нь зүйтэй гэсэн бол 26 гишүүн буюу 60,46 хувь нь хоёуланг нь тавих ёстой, нэг гишүүн урагшаа төмөр замыг түрүүлж тавих ёстой гэсэн байна.

Сайншанд, Чойбалсангийн чиглэлийн төмөр замыг дэмжсэн гишүүдийн дийлэнх нь түүхий эдээ шууд гаргаснаас хүнд үйлдвэрийн цогцолбороо ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох нь зүйтэй гэж үзжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг Хятад улстай хийх экспорт, итпорт эзэлж байгаа нь эдийн засгийн аюулгүй байдал талаасаа ч, зах зээлийн өрсөлдөөнт байдлын хувьд ч учир дутагдалтай гэсэн тайлбар хийжээ.

Харин урагшаа төмөр зам, зүүн чиглэл хоёрыг хоёуланг нь дэмжсэн, эсхүл төслийг огт дэмжихгүй гэж хариулсан гишүүдийн Засгийн газраас боловсруулсан төслийг “Хэт нэг талыг барьж, зах зээлээ хязгаарласан төсөл болсон. Хоёр хөршийнхөө ашиг сонирхлыг тэнцүү хангаж байж нүүрсний салбарт өрсөлдөөнийг бий болгоно” гэж үзсэн байх жишээтэй. Тухайлбал, Ч.Улаан гишүүн “Эдийн засагт бий болсон хэрэгцээ шаардлагаа бодвол урд чиглэлийн төмөр замыг дэмжихээс аргагүй. Энэ нь ашигт малтмалаа түргэн хугацаанд эргэлтэд оруулах боломжийг бий болгоно. Харин байгаа боломж болоод давуу талаа ашиглаж хөгжлийн тодорхой үр дүнд хүргэе гэвэл зүүн чиглэлдээ ач холбогдол өгөх хэрэгтэй. Чойбалсан болон Бичигтийн боомт дээр төмөр зам ирж байгаа учир энэхоёр цэгийг холбож чадвал Ази-Европыг холбосон төмөр замын шинэ коридор бий болж, далайд хүрэх хамгийн дөт зам тэр болно” гэсэн байна.

Царигийн асуудал дээр ч гишүүд мөн өөр өөр байр суурийг илэрхийлж байгаа. Энэ асуултад хариулт өгсөн 51 гишүүээс 13 нь буюу 25,5 хувь нь өргөн царигийг, 26 нь буюу 51 орчим хувь нь хос царигтай байхыг, хоёр гишүүн нарийн цариг нь дээр гэж үзсэн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн “Шинээр баригдаж байгаа төмөр зам одоо ашиглагдаж байгаа төмөр замтай шууд холбогдох нөхцөлд өргөн царигтай байх ёстой. Харин бүтээгдэхүүнээ урд хөрш рүү шууд нийлүүлэх, үйлдвэрүүдээс хилийн боомт хүртэлх төмөр замын шугамууд нарийн цариг буюу дэлхийн жишигт нийцсэн байх ёстой. Эдийн засаг талаас нь харвал зардал хэмнэж, цаг хугацаа хожих давуу талтай” гэж үзэж байна. Бусад гишүүд ч мөн адил Монголын төмөр замын суурь сүлжээ өргөн байж, тодорхой ордуудаас нүүрс экспортлох чиглэлүүд рүүгээ нарийн царигийн төмөр зам тавихыг дэмжжээ. Цөөнх болсон хоёр гишүүний хувьд нарийн цариг нь өргөнөөсөө хөгжлөөрөөр 20 жилээр түрүүлж яваа, ашиглалтын зардал нь км тутамд 60-100 сая төгрөг буюу 20-30 хувь хямд тусдаг гэсэн бол аль нэг хувилбарыг сонгоогүй бусад гишүүдийн хувьд технологитой холбоотой ийм асуудлыг мэргэжлийн байгууллагууд нь шийдэх ёстой гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг “Ийм бодлого зайлшгүй байх ёстой” гэдэг үүднээс нь ихэнх гишүүд дэмжсэн боловч шийдвэр гаргахдаа арай өөр байр сууринаас, зөвхөн улс төрийн учир шалтгаанаар бус, эдийн засгийн үр ашиг, хөгжлийн боломж талаас нь тооцож үзэх ёстой гэсэн байна. Зүүн чиглэлийн төмөр замыг дэмжиж байгаа олонхи гишүүдийн гол айдас нь “Хэрвээ урагшаа төмөр замаа эхлээд тавьчихвал зардал хямдыг нь бодоод нүүрсээ түүхийгээр нь зөөгөөд дуусна, үүний улмаас зүүн чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулах газар одохгүй. Харин зүүн чиглэлээ барьж дууссаны дараа бол Хятад руу тавих нарийн төмөр замын асуудал дээр бэрхшээл гарахгүй, олборлогч компаниуд өөрсдөө хөрөнгөө оруулаад шийдчихнэ” гэдэг тайлбарыг хэлж байгаа юм.

Уг нь бол Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого нь Засгийн газраас боловсруулсан санал. Энэ үүднээсээ УИХ-ын гишүүд төслийг дэмжих үү үгүй юу гэдэг ганц л асуудтад хариулах ёстой. Өнгөрсөн онд УИХ-аар баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр ч Засгийн газар “Буруу байвал бид хариуцлагаа хүлээнэ” гэж байгаад УИХ-аар гэрээгээ батлуулсан. Харин энэ удаа яригдаж буй төмөр замын бодлого нь нэг Засгийн газрын асуудал биш, Монголын төрийн урт удаан хугацаанд баримтлах бодлого  гэдэг утгаараа гишүүдээс илүү идэвхитэй оролцоог шаардаж байна. Тиймээс ч бид уг асуудлаар гишүүдийн байр суурийг нэгбүрчлэн сонсохыг зорилго болгосон билээ. Тиймээс хэлэлцүүлэг цаашид хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглацгаая.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж