
Английн шигшээд хэдэн хүн тоглодог гэнэ ээ…?
Довтолгоо болон дунд эгнээний тоглолтоороо гайхуулдаг Английн шигшээд сүүлийн хоёр эгнээн нь байнга л асуудал дагуулдаг болсоор удаж байна. Энэ бол хамгаалалтын шугам болон хаалгачийн асуудал юм.
Ядаж байхад ганц түшиг тулгуур болдог Рио Фердинанд нь гэмтлийн улмаас тоглохгүй байгаа юм. Гэвч үүнээс илүү санаа зовоох зүйл нь Английн шигшээг сүүлийн жилүүдэд байнга дагах болсон хаалгач нарын алдаа юм. Хөлбөмбөгт сайн хаалгач амжилтын тавин хувийг авчирдаг гэж ярьцгаадаг билээ. Хэрэв энэ томьёолол үнэн л юм бол “гурван арслантангууд” амжилт олохын тулд одоогийн хүчин чармайлтаа хоёр дахин нэмэхээс өөр арга алга. Яагаад гэвэл хаалгач нарын алдаа гаргадаг ужиг “өвчин” нь Дэлхийн аваргын эхний тоглолтоос л “дахиж “эхэллээ.
Ямартаа л “Английн шигшээгийн өмсгөлтэй 11 тоглогч талбай дээр гардаг ч 10 нь Английн төлөө тоглоод, хаалгач нь нөгөө багийнхаа 12 дахь тоглогч болдог ”гэж хоржоонтой англичууд хэл амаа билүүдэж эхэллээ. Энэ нь ч үнэний ортой юм.
(Тэд уурлах нь аргагүй гэдгийг та доорхи азгүйтлийн самбараас харж болно.)
Английн шигшээ багийн хаалгачдын алдаа:
2002 он. БНСУ. ДАШТ-17. Англи Бразилийн шигшээтэй тоглож байхад Рональдино 40 метрийн зайнаас торгуулийн цохилт хийв. Түүний хөөргөж цохисон бөмбөг шууд хаалгыг нь чиглэнэ гэж бодоогүй Английн хаалгач Дэвид Симэнс байр луугаа эргэж ухарсан ч бөмбөг түүнийг давж хаалганд орсон.
2002 он. Македони. 2004 оны Европын аваргын урьдчилсан шатны тоглолт. Булангийн цохилтын дараа Английн хаалгач мөн л байр буруу эзэлснээс эргэлттэй бөмбөг хаалгач Сименсийг давж орсон.
2006 он. Хорват. 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт. Английн хамгаалагч Гарри Нэвэллийн буцааж өгсөн бөмбөгийг хаалгаж Пол Робинсон өшиглөх гэж байгаад онолгүй зөрж бөмбөг өнхөрсөөр өөрийх нь хаалганд орсон. Хөөрхий Нэвэлл өөртөө гоол хийсэн түүхийг намтартаа бичүүлсэн.
2007 он. Англи. 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт. Мөн л Хорватын шигшээ багтай шийдвэрлэх тоглолт хийж байхад Английн хаалгач Скотт Карсон Хорватын довтлогчийн 30 орчим метрийн зайнаас цохисон бөмбөгийг тосгуулан барьж авах гэсэн боловч алдаа гаргаж бөмбөг гарт нь ойн хаалганд оржээ. Энэ тоглолтод хожсон Хорват Английг Европын аварга шалгаруулах тэмцээнээс мулталж дөнгөсөн.
2010 он. Өмнөд Африк. ДАШТ-2010. АНУ-ын шигшээ багийн Клинт Дэмпсигийн 20 орчим метрээс цохисон бөмбөгийг Английн хаалгач Роберт Грин тосгуулан барьж авах гэсэн боловч өөрийх нь хэлснээр” эрхий хуруунд нь ойж” хаалганд оров.
Алдаа юу, эсвэл бөмбөг хэтэрхий бөөрөнхий байна уу
ДАШТ-2010 –ын анхны тоглолтоор л Англи хамгийн сайн нь байж мэдэх өрсөлдөгчтэйгээ таарсан нь хөлбөмбөгийн хорхойтнуудын ёстой аазгайг нь хөдөлгөж орхисон биз. Тоглолт эхлээд удаагүй буюу эхний 5 дахь минутад цуут Стивен Жерар хашир довтлогч Эмиль Хэскийн чамин дамжуулалтыг чулуу болгов. Ердөө л хамгаалалтын ханыг даваад орж ирсэн бөмбөгийг тууж ороод л хаалгачийн хөдөлгөөний эсрэг баруун хөлийн гадраар түншиж орхисон хэрэг. Яг л бэлтгэл дээр байгаа юм шиг.
“Ингээд эхэлдэг юм байж, Английн шигшээгийн давамгайлал” гэж бодсон хөгжөөн дэмжигчдийн зүрхний хэмнэл тогтворжиж амжаагүй байтал нөгөө л хар дарсан зүүд шиг үйл явдал давтагдах нь тэр. АНУ-ын шилдэг тоглогчдын нэг болох Демпси 20 гаран метрээс хүчтэй цохилт хийхэд бөмбөг хаалгач Роберт Гринийг онож очсон гэхэд болно. Хоёр гараараа тосоод авах нь уу гэтэл эргэлттэй бас хүчтэй очсон “бөмбөрүүшг” хаалгачийн гараас мулт эргээд л хаалганы тор луу зугатан оров.
Энэ азгүйтлийн дараа Английн шигшээгийн тоглогчид үнэхээр шоконд орсон гэдгийг зарим нь хүлээн зөвшөөрч байгаа юм. Хурдан гоолын эзэн Стивен Жеррард хэлэхдээ “Хожлын төлөө бүх л бололцоогоо дайчлаад зүтгэж байхад ингэнэ гэдэг биднийг үнэхээр их цохилтод оруулсан гэдгийг хүлээх ёстой” гэжээ. Харин багийн менежер Фабио Капелло “ Довтлогч нар байгаа онохгүй байх нь ч бий, хаалгач нар ч алдаа гаргадаг. Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ. Грин дараагийн үед сайн тоглосон, гэхдээ алдаа алдаагаараа л үлдэнэ” гэсэн байна. Магадгүй Капеллогийн сүүлд нь цохож хэлсэн энэ хатуу үг Гриныг дараагийн тоглолтод оруулахгүй байх магадлалтайг илтгэж байж болох юм.
Анхнаасаа Гринийг сонгосон нь олон хүний таалалд нийцээгүй гэнэ. Учир нь тэрээр Премьер лигийн өнгөрсөн улирлаар алдаанаасаа болж хамгийн олон гоол алдахад хүрсэн хаалгач болж байсан аж. Мөн тэрээр 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Беларусьтай хийсэн тоглолтын үеэр бөмбөг гаргах гэж байгаад хий цохин багаа хөөдөж, өөрөө ч гэмтэл авч байсан ажээ.
Энэ хэрэг явдалтай уялдаатайгаар Өмнөд Африкт болж буй тэмцээний албан ёсны бөмбөг “Жабулани”-ийн талаар дахин шүүмжийн түймэр асаж эхлэв. Зулу хэлээр “баяр баясгалан “ нэртэй энэ бөмбөг маш олон тоглогч болон дасгалжуулагчдын дургүйцлийг төрүүлж байна гэж ВВС мэдээлжээ. Английн хаалгачийн дараагаар Сербийн хаалгач ч мөн адил “баяр баясгалант бөмбөрүүшний” учрыг олж чадалгүй багаа хожигдолд хүргэсэн билээ. Бөмбөгний агаарт эргэлдэх байдал нь нэг л биш гэж хөлбөмбөгчид хэлсэн гэнэ. Магадгүй чухам үүнийг нь ойлгосон Аргентины шигшээгийн одууд “доогуур” тоглоод байсан юм биш биз.
Ямар ч байсан 2006 оноос эзэн баг эхний тоглолт хийдэг болсноос хойш Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гоолын салхийг гэрийн эзэд хагалж ирсэн уламжлал тогтож байна. Германчууд эхний тоглолтдоо өрсөлдөгчөө бут ниргэж байсан бол Өмнөд Африкчууд эхний гоолыг хийж уламжлалыг үргэлжлүүлэхэд “Жабулани” бөмбөгний агаарт нисэх чадвар гойд тусалсан юм. Бас бөмбөг ямар ч байсан бай, тэр тусмаа түүнийг хаалга руу нь чиглүүлэн буудаж байгаа өрсөлдөгч нь хичнээн хүчтэй байсан ч Жабулани “бөмбөрүүш”-ийг хэрхэн аргалж болдгийг Нигерийн хаалгач Венсан Эньяама харуулж дөнгөсөн. Түүний хаалга руу дэлхийн энэ оны шилдэг хөлбөмбөгч Лионел Месси удаа дараалан цохисон ч Эньяама нэгийг нь ч алдаагүй юм. Тэгэхээр шударга л байя л даа, шүүмжлэгчид ээ. “Жабулани” аль ч тал руу нь ниснэ шүү дээ. Харин Эньяамаг Английн хүргэн болгочихож болохгүй л юм байх даа.
М.Наст
Зурагны тайлбар:
Бекхэм: “Чөтгөр гэж”
Б.О “ Түүнийг хараач ээ”.
Роберт Грин: Хэрэв Дэмпси дахиад тийм цохилт 1000 удаа хийвэл 999-ийг нь лав хааж чадна
Фабио Капелло : “Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ. Грин дараагийн үед сайн тоглосон, гэхдээ алдаа алдаагаараа л үлдэнэ”
Венсан Эньяама: Габриел Хайнцийн толгой Мессигийн хөлнөөс хүчтэй юм аа