Дахиад л түгжрэлийн тухай…..

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Дахиад л түгжрэлийн тухай…..

Улаанбаатар хотын автозамын түгжрэл ямархуу хэмжээнд хүрсэн талаар ярих нь нурсан явдал болно. 3 хүнийг эс тооцвол дарга цэрэггүй бүгд энэ асуудлыг яс махандаа шингэтэл ойлгож байгаа, бүгд шийдэхийн төлөө сэтгэл санаагаар болон үйл хөдлөлөөрөө хөдөлж байгаа. Харин цөөхөн хэд нь ажил хийсэн нэр зүүж нэр хүндээ өсгөх гээд байна уу,  эдгээрээс дутахааргүй тооны хэсэг нь зам засах барих нэрийдлээр улсын мөнгө цохих гээд байна уу гэдгийг олж харах шаардлага гарч ирээд байгаа юм.
  Нийслэл хотын 430 км асфальтан замын 80 хувь нь хуучирсан. Бүгдийг нь шинэчлэхэд 700 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Иймэрхүү зүйлс яриад жил бүр олон тэрбум төгрөг аваад засвар хийдэг, ганц нэг шинэ зам тавьдаг, өргөсгөдөг.  Түгжрэл багасдаггүй. Жил бүр замаа засахдаа чанар муутай хийнэ. Нэг мөсөн олигтой хийвэл дараа дараагийн жилд нь мөнгө авах шалтаг олдохоо больж ажилгүй болчихно. Засч байгаа нэрийдлээр зам хаана, 12 сарын талд нь буюу жилийн хагасыг замын засвар гэж сурталчлан түгжрэлийг нь улам дордуулна. Хэл ам гаргасан жолооч нарыг тэсвэр тэвчээргүйгээр нь хочилж торгож шийтгэнэ хэмээх сүрдүүлнэ. Одоо 10 сая хүнтэй Бээжин хоттой барьцан машинуудыг дугаараар нь ялгаврлан хориглох шийдвэр гаргах сураг байна.
   Автозамаас гадна зогсоол гэж бас нэг тулгамдсан асуудал түгжрэлд шууд нөлөөлдөг. Автозогсоолуудыг төлбөртэй болгоно гэж дуулдсан. Улаанбаатар хотын жолооч нарын ганц бахархал болсон үнэгүй зогсоолыг үгүй хийснээр машинууд алга болохгүй, агаарт зогсдог болохгүй. Хаа нэг газар зогсч л таараа.  Маш хямдхан, бага үнээр зогсоох юм гэсэн. Нэг л мөнгө аваад эхэлчихвэл мөнгөө төрөл бүрийн шалтаг шалтгаан хэлээд нэмээд байхаа дарга нар харин ч чадна.  Хүч хэрэглэн айлган сүрдүүлж хориглож байхын оронд жаахан ч болов сэтгэл гаргахад түгжрэл гээч зүйл нь алга болдоггүй юмаа гэхэд багасах боломж байгаа юм.
Жишээ нэг:
3 4 дүгээр хорооллоос Гэмтэлийн баруун талаар доошоо буюу урагшаа урууддаг зам бий. Нэгдүгээр хорооллын хойд зам руу эргэх гэсэн машинууд 500 -гаад метр салгалан байж нэг муу зорьсноо биелүүлдэг. Өглөө болон ажил тарах үед энэ эргэлтийг хийх гэж хагас цагийг зарцуулна. Саяхан Саппорогийн тойргийг шинэчлэх үеэд олон цагаар зогсох үе ч тохиосон. Гэтэл олон тэрбум төгрөг нэхэж, зам хааж байхын оронд Гэмтэлийн баруун талын замыг нэгдүгээр хорооллын хойд замтай шууд холбочих боломж байгаа юм. Доогуураа тойрохгүй шууд холбох юм бол шинээр 20 хүрэхгүй метр шинэ замыг тавина. Үүнд 10 сая хүрэхгүй төгрөг л зарцуулагдана. Мэдээж энэ хавьд түгжрэл гээч юм алга болно. Модны 2-ын зам ч сийрэгжээд эхэлнэ. Шууд зам тавихад дулаан болон цахилгааны шугам сүлжээ газар доор нь байхгүй. Үүнийг нь холбогдох газруудаас нь лавлаад мэдчихсэн. Тиймээс элдэв шалтаг шалтгаан хэлээд энэ саналаас татгалзах арга байхгүй. Шинэ зам жаахан налуу байж мэднэ. Гэхдээ Улаанбаатар телевизийн урд талын замаас илүү налуу байхааргүй юм билээ. Хэрвээ нэг удаа ч болов өөрсдийн дур зоргоор биш иргэдийн саналыг сонсоод хэрэгжүүлбэл олон мянган литр шатахуун хэмнэж,  дутахааргүй тооны иргэдийн нерв гамнана. Улсын мөнгө идсэн нүглээ жаахан ч болов наминчилж, бусдад буян болох нь гарцаагүй.       
Жишээ 2:
Япончууд Нарны зам хэмээх шинэ зам тавьж, 8 жилийн турш ашиглахад ямар ч сэв суугаагүйг бид харж байгаа. Тэд жил бүр монгол улсын төсвөөс мөнгө нэхэж чадахгүй, тийм санаагүй учраас ийм чанартай зам тавьсан нь гарцаагүй. Замын цагдаагийн газрын зүүн талаас салаалж, хойшоо чиглэсэн шинэ зам тавигдсан. Улаанбаатар Буян компанийн баруун талаар өнгөрөөд Солонгосын элчин сайдын яам хүрээд дуусдаг. Өнгөрсөн жил энэ шинэ замыг тавихдаа 13 дугаар хорооллыг холбосон шинэ гүүртэй холбочих сэтгэл гарсангүй. Нэгэнт баригдчихсан учир одоо бандан тас биз. Гэхдээ хэл ам татрах болоогүй. Энэ замыг тэр чигт нь татаад Дамдаржаагийн замын цагдаагийн пост хүртэл татчих боломж байгаа юм. Солонгос элчин хүрээд төгсдөг энэ шинэ замыг эхлээд Арслантай гүүр хүртэл сунгана. Дараа нь одоо шороо бужигнуулан машинууд давхилдаад байгаа Төв бассейны зүүн талын замыг асфальтан болгоод холбочихно. Залуучуудын соёлын төвийн хойд замтай холбогдоод цаашаа АНУын элчин сайдын яамны зүүн талын шинэ замтай холбочихно. 100 айлын гүүрний баруун хойшоо нэг далан бий. Тэр далан нь 2 урсгалтай зам болчих боломжтой. Ингээд лагерийн замтай нийлдэг Дамбын посттой учирна. Хэрвээ энэ санаа хэрэгжих юм бол хотын хойно урдыг холбодог автозамын түгжрэл үгүй болно. Ялангуяа зун цагт лагер зуслан явахад зүдрэх зүйлгүй болно.
Жишээ 3:
Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгийн уулзварыг нийслэлчүүд андахгүй. Нэг их хөдөлгөөн байхгүй ч машины зогсоол дутсанаас энд байнга бөглөрөл үүсдэг. Нэг талаас эмнэлэгт үзүүлэх гэсэн хүмүүс, нөгөө талаас сурах гэсэн анагаахын оюутнууд. Дээрээс нь эрүүл мэндийн газар, компаниуд гээд машины эзэд нэмэгдэнэ. Ачаалалтай үеэр энэ гудамжны автозам нэг урсгалтай болон хувирч 2 талаас нүүрэлдсэн машинууд аргаа бардаг.        
Энэ аймшгийн гудамжны зүүхэн талыг та бүхэн харж байна. Ганц нэг даргын машинаас өөр ямар ч тэрэг үзэгддэггүй. Энэ гудамжны бөглөрлийг үлгэр шидийн юм шиг алга болгох боломж гараад ирэх нь тэр. Энэ хашааг нь нээчихэд л амьдрал цэцэглэнэ. Харин энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн амьдрал там болно гэж хэлэх дарга нар гарч ирж мэднэ. Гадаа нарлах талбайгүй зөндөө л эмнэлэг үйл ажиллагаа явуулаад болоод  байна. Тэртэй тэргүй утаа тоостой энэ хотод энэхэн талбайд л өвчтнүүдийн эдгэрэх итгэл тээгдээд явдаг гэж битгий л хэлээрэй. 3 дугаар эмнэлэг өмнөх талбайнаасаа зараад баяжаад л байна. Та нар газраа зарж баяжихаа байг, энэ хашааг онгойлгочиход яагаад байгаа юм гэсэн хариуг барья.
4 дэх жишээ:
Бас л зогсоолын асуудал. Сүхбаатарын талбайг тойроод түр болон удаан хугацаагаар зогсчих санаатай тэрэгнүүд дүүрэн байдаг. Элдэв жагсаал өлсгөлөн болоогүй бол талбайн зүүн талаар нь машинуудад зогсох эрх олддог. Харин баруун талд нь яагаад ч юм халгаадаггүй. Хотын захиргааны нэг хүнээс шалтгааныг нь сонсоход нийслэлийн засаг дарга болон олон тооны орлогчид нь Төрийн ордон руу ихэвчлэн алхачихдаг юм байх. Тэдний замд нь янз бүрийн машинууд хөглөрч, уурыг нь хүргэхээс сэргийлээд энэ талд  машин зогсоохыг хориглодог сурагтай. Талбайн баруун талд зогсоол олж чадаагүй азгүй нөхдүүд нь хотын захиргааны ард тавихыг найдан бүтэн тойрно, эс чадваас гутлын 22 үүдэнд зогсоочих санаатай гуйлгачин царайлна. Хэдхэн дарга нарын ямбанаас болж тэр. Би бээр ажил болгоод энэ зургыг авангаа энэ талбайд хичнээн машин зогсож болохыг тоолж үзлээ. 90 ширхэг машины зай талбайн баруун талд байна. Нэг дарга нь тушаал өгөхөд энд машинууд байрлах боломж бий болно. Нэг ч төгрөг зарлагадахгүй. Дарга нарын хэнд нь ч ашиггүй болохоор хөдөлдөггүй өдийг хүрсэн биз. Нэг удаа ч болов хүн төрхтэй шийдвэр гаргавал буян болно шүү, дарга нараа.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж