Д.Лүндээжанцан :Хүүхдийн мөнгийг сар тутамд олгохыг дэмжиж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан :Хүүхдийн мөнгийг сар тутамд олгохыг дэмжиж байгаа

УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголыг авч хэлэлцлээ. Бүлгийн дарга энэ тухай хэлэхдээ “Олон улсын валютын сан болон Дэлхийн банк, бусад олон улсын байгууллагатай хийсэн хөтөлбөрийн хүрээнд тодорхой тоон үзүүлэлтийг хангах хэрэг гарч байна. Хөрөнгө оруулалтад зарцуулах хөрөнгийн хэмжээ өссөн байгаа учраас төсвийг тодорхой хэмжээгээр танах шаардлага гарсан. Гэтэл тавигдсан хөрөнгө оруулалт үнэхээр шаардлагатай. Иймээс хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг энэ жил өгөөд ирэх жил үлдсэн хувийг нь хийхээр шийдлээ” гэв.
Мөн тус бүлэг төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай МАХН-ын Удирдах зөвлөл, бүлгийн хамтарсан ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Энэ үеэр гишүүд орон нутагт эрх мэдэл өгч, төвлөрлийг сааруулах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн байна. Ингэхдээ орон нутаг дахь төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хүрээнд татварын орчныг өөрчлөхийн зэрэгцээ эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах ёстой гэж үзжээ. Үүнд томилгоог ч тухайн орон нутгийн удирдлага өөрөө шийддэг байх, алдаа гаргасан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлдөг байх тогтолцоонд шилжих нь орон нутгийн бие даасан байдлыг хангана гэжээ.
Өнөөдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд өөрийгөө аваад явах чадвартай найман аймаг бий. Бусад алслагдсан аймаг, сумыг өөрийгөө болго гээд хаячих нь хэр зохистой вэ гэсэн сөрөг байр суурь ч бас гарсан аж.
Дээрх мэдээллийг бүлгийн дарга Д.Лүндээжанцан хийсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.  
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсгийнхэн төрийн албан хаагчдын тоог 7000 –гаар цомхотгох санал оруулж ирсэн. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Найман тэрбум төгрөг хэмнэх замаар захиргааны зардал  бууруул гэдэг заалтыг өгсөн. Гэхдээ олон хүний аж амьдрал цаана нь байгаа. Олон түмнээс тавьж байгаа шүүмжлэл, мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт дүгнэлтээс үзэхэд одоогийн төрийн албаны орон тоог нүсэр гэдэг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, төрийн алба гэдэгт боловсрол, эрүүл мэндийн салбарынхан багтдаг учраас тооны хувьд том харагддаг. Намрын чуулганаар ирэх оны төсвийг өргөн барихдаа төрийн захиргааны иж бүрэн шинэчлэлийн төлөвлөгөөг хамтад нь оруулж ирэх даалгаврыг өгсөн байгаа.
-Бүтцийн өөрчлөлтийг хэдийд хийх бол?
-Аравдугаар сард хийнэ. Зардал мөнгөө яаж хэмнэх вэ гэдэг нь төсвийн тодотгол батлагдсанаас эхлээд шийдвэрлэгдэх юм л даа.
-АН-ынхан хүүхдийн мөнгийг долдугаар сарын нэгнээс олгоё гэж байгаа. Бүлэг үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Хүүхдийн мөнгөний асуудал дээр Ардчилсан намын бүлэг, манай бүлэг хоёр байр суурь ойролцоо зөвшилцсөн гэж хэлж болно. Энэ асуудлыг Хүний хөгжлийн сангаар дамжуулж шийдвэрлүүлнэ. Төсөв хэлэлцэх үед тодорхой болно.  Ер нь бол сар сард нь өгөөд явах байр суурьтай байгаа.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж