Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар /10.31-нд/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай”  УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Ингэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс бусдыг нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх даваа гаригт УИХ дахь намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдэлд хүрсний дараа чуулганы хуралдаанаар санал хураахаар болсон юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

УИХ-аар батлагдаж байсан Төсвийн тухай хууль нь төсвийн төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих шинэ үзэл баримтлалын дагуу хийгдэж орон нутагт төсвийн эрх мэдлийг бодитойгоор олгох үндсэн зорилго агуулсан байна. Ингэхдээ орон нутгийн төсвийн харилцаанд шинэтгэл хийн аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт орон нутгийн хөгжлийн сан байгуулах, энэ зорилгоор Монгол Улсын төсөвт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан байгуулахыг хуульчлан заажээ. Энэхүү нэгдсэн санд дотоодын Нэмэгдсэн өртгийн албан татварын 25 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын 5 хувь гэх мэт тодорхой татварын орлогоос хатуу тогтоосон хувь хэмжээгээр хөрөнгө төвлөрүүлэх. Нэгдсэн сангаас тодорхой шалгуур үзүүлэлтийг үндэслэн томьёонд тулгуурласан байдлаар загварчилсан шилжүүлгийг орон нутгийн хөгжлийн сангуудад хуваарилах, нийт хөрөнгө, эх үүсвэрийн 60-аас доошгүй хувийг сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд оруулахаар Төсвийн тухай хуульд заасан байна. Загварчилсан шилжүүлгийн журмыг Сангийн яамнаас оруулсан саналын дагуу Засгийн газар тогтоохоор хуульд тусгажээ. Харин Засгийн газар энэхүү журмаа 2012 оны есдүгээр сард баталжээ.

Гэтэл Орон нутгийн хөгжлийн санг байгуулах журамд орон нутгийн хөгжлийн индекс 25 хувь, хүн амын тоо 25 хувь, хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ 25 хувь, орон нутгийн татварын идэвхи санаачилга 25 хувь хэмээн бүх үзүүлэлтийн нөлөөллийг адилхан байхаар тэгшитгэн 2013 оны төсвийг энэ байдлаар боловсруулж батлан аймаг, сум орон нутагт хуваарилсан байгаа нь ихээхэн зөрчлийг дагуулж байна гэж хууль санаачлагч үзсэн байна. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд Сангийн яамны тооцоогоор 2013 онд нийт 250 тэрбум төгрөг төвлөрөх бөгөөд үүний 20 хүрэхгүй хувь нь (40 орчим тэрбум төгрөг) хүн амын хагас нь одоо нэгэнт суурьшаад байгаа Улаанбаатар хотод хуваарилагдахаар байгаа нь гажуудал болжээ гэж дүгнэжээ.

Тиймээс Монгол Улсын төсвийн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд оруулах загварчилсан шилжүүлгийн шалгуур үзүүлэлтийн хувь хэмжээг Төсвийн тухай хуулинд дараах байдлаар хатуу зааж өгөхөөр төсөлд тусгасан байна. Тухайлбал, хүн амын тоо-70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээ-10 хувь, аймаг, нийслэлийн татварын идэвх санаачилгын индекс-20 хувь байхаар, аймаг, нийслэлийн хувьд татварын идэвх санаачлагын индексийг нэг хүнд ногдох орон нутгийн татварыг нэг хүнд ногдох орон нутгийн ДНБ-д нь харьцуулсан харьцаагаар тооцож тогтоохоор тусгасан байна. Мөн тухайн аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн нийт хуримтлагдсан орлого, эх үүсвэрийн 60-аас доошгүй хувийг нийт сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд Хүн амын тоо-70 хувь, төвөөс алслагдсан байдал-10 хувь, сум, дүүргийн татварын идэвх санаачилга-20 хувь байхаар тооцжээ.

Тухайн аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн нийт хуримтлагдсан орлого, эх үүсвэрийн 60-аас илүүтэй хувийг нийт сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэх, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд одоогийн Төсвийн тухай хуулиар дотоодын Нэмэгдсэн өртгийн албан татварын 25 хувь орж буйг 5 пунктээр нэмэгдүүлэн 30 хувь болгох саналыг ч мөн тусгажээ. Гишүүд энэ асуудлыг нухацтай хэлэлцсэний дүнд хэлэлцэхийг дэмжсэнээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж