Ахмад волейболчдод хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Ахмад волейболчдод хүндэтгэл үзүүлнэ

Bолейболын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх мягмар гаригт нээлтээ хийх ажээ. Нээлтийн ажиллагаанд ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, АОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар болон 1965 оны Будапештийн Универсиадад анхлан оролцож байсан волейболын ахмад тамирчид оролцоно.
Энэ үеэр Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцож  эхэлсний 45 жилийн ойд зориулан МОСХ ахмад тамирчдаа хүлээн авч уулзан, урамшуулал гардуулах ажээ.  
Дэлхийн оюутан залуусын эв найрамдлын бэлэгдэл болсон олон улсын спортын түүхэнд “Бага олимп” хэмээн нэрлэгддэг Дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадамд Монгол улсын оюутны спортын төлөөлөгчид анх 1965 онд Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны спортын зуны IV  их наадмаас эхлэн оролцсон түүхтэй. Энэхүү наадамд манай улсын эмэгтэй, эрэгтэй волейболын баг тамирчид анх удаагаа орж эмэгтэй багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч МУИС-ийн Ц.Шоовдор, тамирчин П.Борхүү, С.Алимаа, П.Хандсүрэн. Ж.Цэндсүрэн, Я.Содгэрэл, Д.Нарангэрэл, Х.Хултаа, Д.Цэрэндолгор, Я.Отгонсүрэн тамирчид багтжээ. Эрэгтэй багийн ахлагчаар Г.Дэмбэрэлсайхан тамирчидад Х.Доржжүгдэр, Д.Чойдорж, Д.Цогнэмэх, Б.Авирмэд, Д.Түвдэнжигмэд, Ж.Хаянхярваа, М.Лувсандамдин, Д.Дангаа, Н.Жанчив нар оролцож байсан байна. Тэмцээнд МУБИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Дархан ХААИС, УБДС, Барилгын коллеж зэрэг их, дээд сургуулиудын эрэгтэй 14, эмэгтэй 13   багийн 270  гаруй оюутан тамирчид өрсөлдөнө.  
Тэмцээн 14-ийг хүртэл үргэлжлэн явагдах бөгөөд энэ оны Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн волейбол, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, гандбол, бокс, шатар, модон бөмбөг, сагсан бөмбөгийн спортын 9 төрлөөр зохиогдож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж