Өөрсдөө юу хийдэг нь огт мэдэгддэггүй мөртлөө хүн юм хийхээр түүнийг нь шүүмжилдэг, энэ нь бараг үндсэн үйл ажиллагаа нь болсон байгууллага Монголд олон байх юм. Өчигдөр нэгэн үүрэн телефоны сүлжээгээр дамжуулан нийт хэрэглэгчдийн гар утас рүү мессеж ирүүлжээ. Энэхүү мессеж нь “Иргэд ээ, гахайн томуугаас хамгаалах амны хаалтыг гар дээрээс битгий аваарай, зориулалтын газраас нь аваарай” гэсэн утгатай ба үүнийхээ ард чухал статус бүхий байгууллагынхаа нэрийг тавьсан байна.
Хэн шударга биш байдлаар бизнес хийж, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байна гэдгийг тогтоодог байгууллага бололтой. Албан ёсны нэр нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэжээ.
Энэ удаад тэдний мэдэгдэж буйгаар А хүрээний H1N1 вирусын халдвараас хамгаалах амны хаалтыг гар дээрээс авч болохгүй, зөвхөн лангуун дээрээс авах ёстой ажээ. Үнэхээр л халдвараас хамгаалах арга нь амны хаалт юм бол тэр нь хоёр сая гаруй хүний хэрэгцээг хангахуйц элбэг байх тусмаа л сайн биз. Тэр эрэлтийг гүйцэхийн тулд хувь хүмүүс амны хаалт хийж зарахыг хааж боож байгаагаа тэрхүү байгууллага мэдэгдсэн байна. Энэ нь шударга өрсөлдөөний төлөө авч буй алхам нь аж, яагаад гэвэл тус байгууллага шударга бус өрсөлдөөний эсрэг ажилладаг учраас.
Монгол Улс амны хаалт ч үйлдвэрлэдэггүй юм байна. Тэглээ гээд амны хаалтаар дутагдаж гачигдаж байгаагүй учраас энэ талаар хэн ч санаа тавьж, бизнес сэдэж байгаагүй бололтой. Харин энэ нь гахайн томуугийн вирус цар тахлын хэмжээнд хүртэл хүн амд халдварлах үеэр л анзаарагдаж, ил болов. Энэ байдал нэг хэсэг хүнд бизнес хий санаа сэдэл төрүүлсэн бол нөгөө хэсэгт нь үүнийг шүүмжлэх, хориглох, тэгснээрээ үүргээ гүйцэтгэж байгаагаа үзүүлэх аятайхан далим болжээ.
Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн нэгдлүүдийн нөөцөд байсан 600 мянган амны хаалтыг эмийн сангуудаар дамжуулан худалдаанд гаргах шийдвэр гаргаж байснаас биш өнөөдрийг хүртэл “гар дээрээс авч болохгүй” гэсэн сануулга, зөвлөгөө огт гаргаагүй байна. Амны хаалт хэрэглэснээр халдвараас сэргийлэх эсэх дээрээ тулбал түүнийг гар дээрээс авав уу, лангуун дээрээс авав уу гэдэг нь гол биш. Харин түүнийг зөв хэрэглэж байна уу, үгүй юү гэдгээс л хамаарна. Уг нь амны хаалтыг хоёр цаг тутамд солих, эсвэл ариутгаад дахин хэрэглэсэн тохиолдолд л жинхэнэ хаалт болно гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Гэхдээ ихэнх хүмүүс гар дээрээс биш лангуун дээрээс авсан маскаа хүртэл юун хоёр цаг тутамд
солих, хоёр хоногтоо нэг удаа сольж буй нь нууц биш байна.
Нэгэнт л үйлдвэрлэл үгүйгээс хойш хувь хүмүүс зах зээлийн эрэлтээр амны хаалт хийж, нөгөө тал нь хэрэгцээгээ хангаж, хоёр талдаа ашигтай ажиллахад шударга өрсөлдөөний төлөө газар юунд нь дургүйцээд байгаа юм бол? Хятадаас орж ирсэн ч бай, эмийн сангаар худалдсан ч бай амны хаалт бүхнийг гараар хийж, гар дээрээс худалдана шүү дээ. Асуудал гараас уу, аптекээс үү гэдэгт биш хэрхэн зөв хэрэглэхэд л оршиж байна. Уг нь амны хаалтыг “гарал үүслээр нь” ялгаварлан хааж боохоос илүү чухал асуудлууд өнөөдөр тулгамдаж байгаа. Агаарын бохирдол амьсгалын замын өвчлөл, эрсдэлийг гахайн томуутай хавсраад улам нэмэгдүүлж байгааг яах вэ. Үүний эсрэг хэн юу ч хийж чадахгүй гээд хэлээ гаргаад, гараа өргөөд буугаад өгцгөөчихсөн үү?
Хийж бүтээж байгаагаасаа илүү хийсэн бүтээснийг шүүдэг байгууллага Монголд олон болжээ. Дархан-Уул аймгийн Хонгор суманд хордлогын улмаас эмгэгтэй төрөөд эндсэн нярайн зургийг нийтэлж, асуудал хөндсөний дараа нэгэн хүүхдийн байгууллагаас манай сурвалжлагчид хандан “ийм зураг нийтэлж хүүхдийн эрх хөндлөө” гэсэн сануулга өгсөн байсан. Тэнд хүүхдүүд хөрс, усны бохирдлоос болоод эрүүл мэнд, амь насаараа хохирч байхад хүүхдийн төлөө байгууллагууд дуугүй л байсан, одоо ч дуугүй л байгаа биз дээ.
Амны хаалт хийсэн, зарсан хүмүүстэй тэмцэх нь асуудлын гол биш байх аа. Алгын чинээ тэр зүйлийг гар дээрээс авах нь битгий хэл гараараа хийгээд зүүж ч болно шүү дээ.
Холбоотой мэдээ