Аялал жуулчлал, эдийн засгийн өсөлт, хөрөнгийн баталгаа, иргэдийн хөгжил, нийгмийн хөгжил гээд бүхий л чиглэл, салбарын өсөлт, дэвшил тус хоёр улсад бүрэн утгаараа хөгжиж байгааг ч В.Путин өгүүлсэн. Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засгийн урсгал Ази руу чиглэж эхэлснээр хоёр улсын хөгжилд маш чухал эрин үе ирээд байгаа аж. Иймд хөгжлийн чухал үед Азийн гол цөм болсон хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа ямар байхаас бүх зүйл хамаарах бололтой.
ОХУ-ын хувьд нефть, байгалийн хийн салбарт дээд зэргийн технологийн хөгжилд тулгуурлах ёстой талаар Тус улсын Ерөнхий сайд Д.Медведев БНХАУ-ын Шинжлэх ухааны Хэфэйн физикийн хүрээлэнгийн оюутнуудад тавьсан илтгэлдээ өгүүлсэн байна. Түүний хэлсэн зүйлийн баталгаа нь БНХАУ-д байрлах Тяньзиний нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр юм. Хоёр улс нүүрс болон устөрөгчөөс атомын эрчим хүч хүртэлх хүчтэй энерги гаргах авах боломж бололцоо байгааг мөн онцлов.
ОХУ-ын зүгээс “Роснефть” БНХАУ-ын зүгээс “CNPC” компаниуд хамтран уг үйлдвэрийг барих санамж бичигт саяхан Д.Медведев гарын үсэг зурсан. Тодруулбал, 2019 онд анхны бүтээгдэхүүнийг бэлэн болгож зах зээлд нэвтрүүлэх аж. Мөн гэрээнд зааснаар “Роснефть” нь дээрх үйлдвэрт газрын тос нийлүүлэх цорын ганц компани байхаар шийдвэрлэжээ. Шинэ үйлдвэр нь жилд 19 сая тонн нефть зах зээлд нэвтрүүлэх хүчин чадалтай байх бөгөөд жилээс жилд 10 сая тонн нефть нэмж нийлүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. “Роснефть” компанийнхан цаашид Хятадын корпорацитай хамтарсан үйл ажиллагаандаа тулгуурлан өөрсдийн байгалийн хийг Хятадын зах зээлд гаргах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, ОХУ-ын зүүн Сибирийн ордуудад хайгуул хийх замаар хоёр улсын байгалийн хийн ирээдүйн экспортын батлан даагч нь БНХАУ болох таатай нөхцөлийг бий болгож байгаа юм. Улмаар байгалийн хийн салбарт ч ололт амжилт ихтэй байх үндэс суурийг тавьж байгаа аж.
Хятадад аж үйлдвэрийн эрчим хүч хэрэгцээтэй байгаа. Харин ОХУ-д байгалийн хий, өөрсдийн бүтээгдэхүүнээ Ази төдийгүй Номхон далайн орнуудад гаргах шаардлага бий. Гэхдээ БНХАУ-аар дамжуулан дэлхийн зах зээлд Европоор хязгаарлагдахгүй байх бодлого ч чухал гэдгийг ажиглагчид тайлбарлав.
Мөн Хятадын компаниуд ОХУ-д хэрэгжүүлэх нүүрсний төслүүдтэй холбоотой дуудлага худалдаанд оролцохоор болсон. ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской “Хоёр улсын нүүрсний салбарт хийж буй томоохон алхмын нэг нь төслүүдийн үнэ дуудах худалдаанд БНХАУ оролцох гэж байгаа явдал юм” гэжээ. Гэхдээ үнэ дуудах худалдааг тодорхой этгээдэд биш нийтэд зориулах нь бүр ч чухал.
Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д,Медведев “Бид харилцан ухаалаг байж хоёр улсынхаа хөгжилд тус дэм болох цаг ирсэн” хэмээн өнгөрсөн долоо хоногт хийсэн айлчлалын үеэр мэдэгдэж байсан. Хэдхэн жилийн өмнө хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанаас 11 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байсан бол 2015 он гэхэд энэ тоо 80 тэрбум ам.доллар болох бүрэн боломж байгааг онцолжээ. Үүний тулд газрын тос, байгалийн хий, аж үйлдвэрийн томоохон шинэчлэлт маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг Си Жинпин дарга өгүүлэв. Дэлхий нийт ч хоёр улсын эдийн засгийн баттай байр суурийг анхааралдаа авч, цаашид тухайн хоёр их гүрнээс ирж буй бодлого дээр нь хүлээн авагч орон уян байх ёстой талаар хэвлэлүүд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ-ын харилцаа дэлхий нийтэд нөлөөлж эхэлсэн гэдэг нь батлагджээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин