10 тэрбумтай хэрнээ амьдарч чадахгүй болжээ гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

10 тэрбумтай хэрнээ амьдарч чадахгүй болжээ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан ширүүхэн байр суурь илэрхийллээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд ирэх онд Монгол Улсын өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэхээр заагаад байгаа юм. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан эсэргүүцсэн юм. Тэрээр “Монгол Улс хэдхэн жилийн өмнө 450 тэрбум төгрөгтэй амьдарч чадаж байсан бол одоо 10 тэрбум ам.доллартай болчихсон хэрнээ амьдарч чадахгүй болчихсон, ирэх жил дахиж өр тавъя гэж байна.

Өвгөд дээдэс “Өртэй хүн өөдөлдөггүй юм шүү” гэж сургаж ирсэн. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр “Өр тавихгүй бол Монгол хөгжихгүй гэж ярьж байна. “Чингис бонд”-ыг өнгөрсөн жил гадаад зах зээлээс босгосноор одоо хүүнд нь өдөрт 250 сая төгрөг төлж байна. Сард долоон сая ам.доллар болж байгаа. Адууныхаа хэрээр исгэрч хөнжлийнхээ хэрээр хөлөө жийх ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг нь Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёр бие бие рүүгээ асуудлыг түлхэж байгаагаас харж болохоор байна” гэлээ. Гэхдээ уг хуулийн төслөөр энэ удаад гишүүдээр санал хураалгахгүй ирэх долоо хоногт бүлгээр төслийг хэлэлцэж нягталсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дахин оруулж хэлэлцүүлснээр санал хураах болж байна. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж