
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тушаалаар уул уурхайн зураг төсөл боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг аттестатчилах ажлыг зохион байгуулжээ. Энэхүү зураг төслийг боловсруулах чиглэлээр 50 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага ажиллаж байгаагаас 30 гаруй нь хамрагдсан байна. Түүнчлэн уг аттестатчиллын дүнгээс үзэхэд зураг төслийн чиглэлээр ТЭЗҮ, зураг төсөлд төрөл бүрийн тусгай программ хангамж ашиглан уул уурхайн технологийн зургийг төлөвлөх зэрэг ололттой тал байсан. Харин ихэнх компани тогтсон ажлын байргүй, мэргэшсэн зөвлөх инженерүүдийг тогтмол ажиллуулдаггүй, шаардлагатай тохиолдолд харилцан тохиролцож нэрийг нь ашигладаг, хийгдсэн ТЭЗҮ нь чанарын шаардлага хангахгүй, олон дахин засуулдаг зэрэг нийтлэг дутагдал ажиглагджээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин