Ардчилсан намын генсек Ц.Оюундарь СЕХ-той “үзэлцэнэ” гэнэ. Түүний ингэх болсон шалтгаан нь Увсын асуудалтай холбоотой аж. Тодруулбал УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намаас Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар нэр дэвшсэн. Харин МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар ялж гишүүний тангаргаа өргөөд байгаа билээ. Сонгогчдын саналыг авах зорилгоор Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Увс аймгийн Тариалан сумын 13 хүнд мөнгө тараасан гэдэг нь нэгэнт батлагдсан. Одоо харин СЕХ шийдвэрээ гаргах л үлдээд байна хэмээн Д.Нямхүү ярьж байсан юм. Харин СЕХ одоо болтол шийдвэрээ гаргахгүй байгаа нь Ардчилсан намын генсекийн эгдүүцлийг хүргэсэн бололтой юм. Өдгөө Ардчилсан намын генсек Ц.Оюундарь гадаадад хурал зөвлөлгөөнд оролцож байгаа. Үүнийгээ дуусгаад СЕХ-той нэгийгээ үзэх нь.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин