Бүхнийг муугаар төсөөлөхийн өмнө “Төмөр замын шинэ гарцуудыг бий болгоно. Ингэхдээ ОХУ руу нэг, БНХАУ руу дөрвөн гарц нээнэ” гэсэн сайн мэдээг судалж үзмээр санагдав. Энэ мэдээг Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр “Монгол Улсын төмөр замын тээврийн хөгжлийн бодлого” сэдэвт илтгэлдээ “амлачихсан” юм билээ. Тэгэхээр тус яамны байр суурь гэж ойлгож болох юм.
Үүнийг батлах мэт Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын мэдээнд “Зүүн хойд Хятадын цорын ганц далайн боомт бөгөөд олон улсын харилцааны чухал цэг нь болсон Ляолин мужийн төв Шэньян хот болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын хооронд төмөр зам тавихаар боллоо” гэсэн байдаг. Бас шууд нислэг үйлддэг болно гэж байгаа. Тэгэхээр өнөөх яриад байсан шинэ гарц нь бололтой юм. Мөн энэ айлчлалын үеэр Ляонин, Жилин, Хэйлунзянь гурван мужийг нэгтгэсэн эдийн засгийн томоохон бүс болгоод Монголтой хамтарч ажиллах нь гэсэн мэдээлэл дуулдсан. Ямартай ч иймэрхүү утгатай санамж бичиг байгуулсан гэж байгаа болохоор итгэж болох биз ээ.
Гэхдээ хятадууд ч бас сайхан “зална” шүү дээ. Тээр жил Ж.Наранцацралт агсныг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад “Ээ, гэгээн минь, монголчууд манайхтай зах зээлийн харилцаатай болоогүй бол манай Эрээн хот өдий дайтай байхгүй байсан. Тиймээс манайх Эрээн-2 хотоо байгуулахдаа Замын-Үүдийг чинь хамт өөд татах “өртэй” улс” гээд л нурж унаад байв. Гэтэл түүнээс хойш Замын-Үүдийн байдал дээрдсэнгүй. Одоо Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ямар амжилтад хүрэх бол гэдэг нь хүлээлт үүсгээд байна. Ямартай ч дэд бүтцийг нь сайжруулах, гадныхны анхаарлыг татах талаар нэлээд ажил хийж байгаа бололтой. “Алдарт” Алтанбулагийн чөлөөт бүсийн гунигт түүхийг л бүү давтаасай.
Рашаант, Бичигтийн боомтыг Ляолинтой холбочихвол УИХ-аас баталсан төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг нь бэлэн байна. УИХ зөвшөөрчихсөн гэсэн үг. Мөн энэ боомт газруудад автозам барихаар төлөвлөсөн, төмөр замын боомт, чиглэлээ хоёр тал тодорхойлоод зураг төслөө хүртэл хийчихсэн юм билээ. Тэр ч байтугай Рашаант боомт хүртэл Хятадын тал төмөр замаа тавиад эхэлчихсэн. Одоо Бичигт хүртэлх 70 км төмөр замыг л барих юм байна. Шийдэж амжаагүй асуудлаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх нар БНХАУ-ын Зам тээврийн сайд болон Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нартай нь тохирчихоод ирсэн бололтой. Энэ бол “Нүүрсний экспортоо нэмэгдүүлэхсэн” гэсэн мөрөөдөлдөө хүрэх эхний шат юм.
Тэгэхээр айлчлалын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Шиньхуа групп” корпораци Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам барихаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсгээ зурсан. Мөн уг санамж бичгийн хүрээнд “Шиньхуа групп”-ээр ахлуулсан консерциум Монголын Гашуунсухайт боомтын өртөөг Хятадын Ганц модны боомттой холбосон ачаа тээврийн боомтын төмөр зам барьж “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээлээ. Ингэснээр Сүхбаатар аймагт нэг, Дорноговьд нэг, Өмнөговьд аймгаар хоёр, нийт дөрвөн боомт нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл өмнө нь зөвхөн Эрээн, Замын-Үүдийг л ярьдаг байсан бол гарц улам нэмэгдсээр байна.
Энд бас нэг асуудал бий. Энэ бол Оросын тал хэрхэх бол. Төмөр замын асуудлаар Хятадтай хийсэн Оросуудын тохироо Монголд ашигтай юу гэдэг асуудал анхаарал татаж эхлэв. Ирэх сарын эхээр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана, шинэ Элчин сайд ирнэ. Хамгийн гол нь Монголын Ерөнхий сайд Хятадад хийсэн айлчлалынхаа дараахан ОХУ-д айлчилна” гэсэн мэдээлэл дэлхий дахинд тархаад буй.
Дашрамд сануулахад өнгөрсөн хавар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи манай улсад хоёр хоног айлчилсан. Түүнийг явмагц хойд хөршийн “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунин Монголд ирж зургаахан цагийн хугацаатай түр саатаад буцсаныг санаж байгаа болов уу. В.И.Якунин зургаан цагийн дотор шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нартай уулзсан байдаг. Ингээд урд хөршийн зочин Ян Жэчигийн 48 цагийн албан ёсны айлчлал, хойд хөршийн “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунины зургаан цагийн “сааталт”-ын аль нь “хүчтэй нөлөөлөх”-ийг улс төр, бизнесийн хүрээнийхэн анхааралтай харж байв.
Албан ёсны мэдээллээр бол Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төсөл дээр хэрхэн хамтрах “технологи”-оо тодорхой болгох гол яриа хэлцлийг энэ үеэр хийсэн гэнэ. Үүнд төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашгийг хүндэтгэх нь чухал. Ялангуяа стратегийн түншлэлийн харилцаатай мөнхийн хөрш орны хувьд харилцан үр ашигтай хамтран ажиллах чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолжээ. Мөн хурд чухал байгааг сануулсан байдаг. Харин энэ удаад Ерөнхий сайд хойд хөрштэй ямар амжилттайгаар айлчлахыг таашгүй.
Ямартай ч зөвхөн ОХУ, БНХАУ төдийгүй “Шинэ төмөр зам” төслийн зураг төслийг Японы “Nippon Koei” компани хийж, барилгын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Samsung” ажиллахаар болсон. Мөн төслийн хяналт, техникийн зөвлөхөөр Германы, санхүүгийн зөвлөхөөр Францын, хуулийн зөвлөхөөр АНУ-ын “Siti Oster” компаниуд ажиллаж байгаагаас харахад Монгол Улс зөвхөн хөршүүдээсээ “давж харилцах” цаг ирсэн гэдэг дохиог авсан болов уу гэж найдаж байна. Энэ нь ч Тяньжинд 10 га газар авч терминаль байгуулаад Монгол руу илгээх ачааг Замын-Үүдээрээ дамжуулан Улаанбаатарт авчирна гэх хэтийн төлвийг ойртуулан харагдуулах шиг урамтай санагдана.
Хэдийгээр шалгаруулалтад эргэлзэх хардлага, сэрдлэг дуусаагүй ч Ерөнхий сайдын 65 дугаар захирамж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг дээр компаниудыг урьж тэрхүү урилгаа олон улсын нэр хүнд бүхий “Financial Times Word” болон дотоодын өдөр тутмын сонинуудад нийтэлснийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин