Тахиулсан оюутнууд, тоншуулсан бацаанууд

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Тахиулсан оюутнууд, тоншуулсан бацаанууд

-Эгч ээ, одоохон… гэж халаасаа тэмтчих жаалыг автобусны кондуктор нудрасхийгээд яваад өгөв. Будилуу жаал хаалаасаа ухсаар. Суудал байхгүй. Бариуланд гар нь хүрэхгүй жаал оюутнуудыг хоёр гурван удаа мөргөн байж тогтон, сая нэг юм 200 төгрөгөө олсон ч буцаагаад далд хийчихэв. Нэг ёсны тэр кондуктор эгчид нудруулаад хөлсөө төлчихсөн. Уначихгүйг хичээнгээ мөнгөө халаасандаа лавхан хийхийг зорих хүүд мөргүүлсэн оюутнууд гутал дээр нь гишгэчих вий гэсэн шиг ширэв татан бяцхан жаалыг биеэсээ холдуулан түлхэх маягтай. Хүү ч мөнгөө далд хийсэн болохоор хүн мөргөчихгүйг хичээн суудлын бариулаас тас зууран зогсох нь өрөвдөлтэй. Тэр бяцхан жаал мөнгөө төлөөд явж байхад ах, эгч нар автобусанд үнэгүй зорчдог шүү дээ. Гэтэл өнөө маргаашгүй оюутнуудад тэтгэлэг олгохоор 106 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар хэлэлцэж байна.

Өнөөгийн боловсролын тогтолцоонд энэ мэт хачирхалтай шинэчлэл хийгээд нөлөөлөл үйлчилж байна гэвэл олон хүн санал нийлэх биз ээ. Боловсролын яамнаас авсан албан ёсны тоогоор энэ оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191 мянга 805 хүүхэд суралцаж байна. Үүнээс төрийн болон хувийн өмчийн 1017 цэцэрлэгт нийт 160 мянга 201 хүүхэд суралцах юм байна.

Тэгвэл ерөнхий боловсролын сургуульд 504 мянга 233 сурагч суралцаж байгаа гэсэн статистик байх юм. Тэдний 54 мянга 641 сурагч нь шинээр нэгдүгээр ангид элссэн жаалууд. Тэгвэл төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175 мянга 591 оюутан суралцаж буй гээд байгаа. Харин Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад шинээр 26 мянга 175 суралцагч элсэн суралцаж байгаа гэнэ.

Төрийн өмчит цэцэрлэг хүмүүжиж буй багачуудын хоолны мөнгийг төрөөс даадаг. Харин бидний цэцэрлэгт тушаагаад байдаг мөнгө бол хүүхдийг хөгжүүлэхэд зарцуулж буй бараа, материал, сургалтын хэрэгслээс эхлээд ариун цэврийг нь сахиулахад шаардагдсан зүйлсийн мөнгө. Сурагчдын хувьд үдийн цайг нь мөн л төрөөс дааж байгаа. Харин автобусанд мөнгийг бол хувиасаа гаргана.

Тэгвэл оюутнуудад огт өөр боломж үйлчилж байна. Оюутан болсных нь төлөө тэтгэлэг олгодог. Автобусаар үнэ төлбөргүй зорчуулна. Ер нь тэднийг эмзэг бүлгийнхэнд тооцдог. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй эн тэнцүүхэн авч үздэг. Нийтийн тээврээр л гэхэд үнэ төлбөргүй зорчуулна.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын нийтийн тээврийн нөхөн олговорт нийслэлийн төсвөөс энэ онд 46 тэрбумыг төсөвлөсөн байна.

Сангийн сайд Ч.Улаан "Энэ онд 106 тэрбум төгрөгийг 165 мянган оюутнуудад Үндэсний тэтгэлэг хэлбэрээр олгоно. Шаардлагатай мөнгийг төсөвт тусгасан" гэж УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар мэдэгдлээ. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан “эмзэг” бүлгийнхэнд 70 мянгыг олгодог байсан бол энэ удаад 96 мянган төгрөг олгохоор болж байна. Ингэхдээ Засгийн газар хэмжээг нь тогтоодог байхаар нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргаад байна.

Магадгүй энэ мөнгөөр сургалтынхаа төлбөрийн хагасыг нь хугасалдаг оюутнууд байж болно. Гэхдээ нийтэд нь хавтгайруулан олгох нь учир дутагдалтай. Оюутны мөнгө орлоо гэх сургаар согтуу охид, залуус баараар дүүрчих нь элбэг байдаг.

Хэдийгээр энэ мөнгийг сурлагынх нь үзүүлэлтээс хамааран 130 мянга хүртэл төгрөгийг олгодог. Гэхдээ сүүлийн үед багш нартайгаа хуйвалдаад кредит цагаа өндөр тавиулах явдал хувийн сургуулиудад нийтлэг гарах болжээ.

Ер нь оюутнуудад тэтгэлэг олгодог, автобусаар үнэгүй зорчиулдаг. Гэтэл их, дээд сургууль төгссөн оюутнууд эх хэлээрээ арван үг зөв тавьчих чадваргүй төгсч байна. Дээд боловсролын чанар ийм л байна. Мэдээж дээд сургуульд биш дунд сургуульд зөв бичиж сурах ёстой гэж өмгөөлөх хүн байгаа. Тэгвэл дээд сургуульд зөв бичиж чаддаггүй оюутан элсэн орж байгаа нь дээд боловсролын босго ямар доор унасныг харж болно.  

Бяцхан жаалууд автобусанд мөнгөө төлөөд яваад болоод байхад яагаад нас биед хүрсэн залуусыг эмзэг бүлгийнхэнд хамруулах ёстой гэж.

Ажлын байргүй байтал 99 их, дээд сургуульд 175 мянга 591 оюутан суралцуулах ямар шаардлага байгаа юм бэ. Төрөөс дээд боловсролыг үнэ төлбөргүйгээр заавал эзэмшүүлэх хууль байхгүй. Тэгээд ч хэрэггүй. Дургүй ламыг дарж байж сахил хүртээв гээч л болно. Харин бүрэн дунд боловсролыг бол үнэ төлбөргүй олгох хууль бий. Гэтэл дунд сургууль хүрэлцээ муутай. Хотын захын сургуулиудад нэг ангид 40-50 хүүхэд суралцаж байна. Хэрвээ оюутнуудад тараах 106 тэрбум төгрөгийг дунд сургууль барихад зарцуулбал орчин үеийн чанар стандартад нийцсэн 30 гаруй сургууль барьж болно.

Өөрийгөө аваад явах чадваргүй бяцхан сурагчдаас мөнгө харамладаг хэрнээ оюутнуудад олгодог нь сонгуультай холбоотой гэх хар эрхгүй төрнө. Яагаад гэвэл оюутнууд сонгогч. 175 мянган сонгогч гэдэг бол ямар ч нөлөө үзүүлж болохуйц дүн. Тэгэхээр сурагчдаас илүүтэй оюутнуудад мөнгө олгох нь улстөрчдөд хэрэгтэй байж ч болох юм. Ер нь оюутнуудад мөнгө олгодог, хөнгөлж чөлөөлдөг явдал нь тухайн хүнийг бие даан амьдрах чадваргүй. Бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох хамгийн эхний хорлол мэт санагдана. 175 мянган оюутны дунд өрсөлдөх чадвартай, өдөр нь хичээлдээ суугаад өөрийгөө болгоод цагийн ажил хийчихдэг бишгүй олон залуус бий. Автобусны суудал эзлээд жирэмсэн эмэгтэй, хөгшдийг харахаараа унтсан дүр эсгэдэг увайгүй нөхдүүд ч бий. Тиймээс тэдэнд мөнгө олгох бус чанартай боловсрол эзэмшүүлэх тогтолцоог бий болгох, чөлөөт цагаараа ажил хийж мөнгө олох боломжийг л төр хийж өгвөл жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалт болно.  

Тэтгэлэг, хөнгөлөлтөөр тэднийг хорлоно уу гэхээс хөгжүүлэхгүй. Тийм их мөнгөтэй юм бол дунд сургууль, эмнэлэг барих, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулахад зарцуулбал яасан юм бэ?!

Л.ТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж