Сав, баглаа үйлдвэрлэлийн салбарт бодлого дутагдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Сав, баглаа үйлдвэрлэлийн салбарт бодлого дутагдаж байна

Эдийн засгийн гинжин холбоо түүхий эд, боловсон хүчин, үндэсний үйлдвэрлэлээс эхлээд экспортын орлого, эдийн засгийн өсөлт, иргэдийн худалдан аваах чадвар гээд яригдах биз ээ. Дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх үндэсний зорилтод том бүтээн байгуулалт голлох үүрэгтэй биш. Эхний ээлжинд өөрсдийнхөө хийж чадах зүйлсээ гадныхнаас авахгүй байвал болох. Үүний нэг жижиг боломжит хувилбар нь сав, баглаа боодол үйлдвэрлэх асуудал.

 Манай сав, баглаа боодлын нийт хэрэглээний 30 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 70 хувийг импортоор хангаж байна. Ингэхдээ жилд  дунджаар 80 гаруй сая ам долларын  төрөл бүрийн сав баглаа боодол импортолж буй талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын импортын бүтцийг авч үзвэл, хэрэглээний 80-90 хувийг БНХАУ-аас, үлдсэн 10-20 хувийг ОХУ болон бусад орноос импортолж байна.

Сав, баглаа боодлын хэрэглээний 30 хувийг хангадаг дотоодын үйлдвэрлэлийг 30 гаруй аж ахуйн нэгжүүд 700 гаруй ажиллагсадтайгаар явуулж байна. Тухайлбал, картон хайрцаг, даавуун болон цаасан уут, бэлэгний уут, даавуун цүнх, тор, бүх төрлийн шошго, ундаа усны сав, баглаа, багцлагч хальс, ороогч хальс, бөглөө, хуванцар савны бэлдэц, хүнсний бүтээгдэхүүний гялгар уут, ном, сонин, сэтгүүл, мяндсан шуудай, ПП уут, дотортой,  доторгүй, шошго, салфетик, сурагчийн дэвтэр, термаль цаасны үйлдвэрлэл, хуванцар нэг удаагийн аяга, таваг, бичиг хэргийн дугтуй зэрэг нэр төрлийн, жилдээ 50-60 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн жилд  үйлдвэрлэн борлуулж буй.  Гэтэл хэрэглээнийхээ 70 хувийг гаднаас аваад байх юм.

Шинжилгээ хийх лаборатори байдаггүй гэнэ

Одоогийн байдлаар сав баглаа, боодол үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн, энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх тодорхой бодлого, төсөл, хөтөлбөр үнэхээр дутагдаж буй гэж үздэг юм байна. Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сад, баглаа, боодлын чанар чухал нөлөөтэй бөгөөд хэчнээн норм, дүрэм ёсоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн ч муу баглаатай барааны хор хөнөөл их. Тиймээс үйлдвэрлэгч нарт дараах саад тулгарч байгаа ажээ.

-Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалтын төвшин хангалтгүй, ихэвчлэн ил задгай, тохирсон сав баглаа боодолгүйгээр хэрэглэгчдэд нийлүүлж, гадны бохирдол авах эрсдэл өндөр байна.

-Зориулалтын бус нийлэг сав баглаа боодолд хөндлөнгийн болон дотоодын хяналтгүйгээр хүнсний бүтээгдэхүүн савлаж, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх явдал газар авснаас төрөл бүрийн химийн нэгдэл, мономерээр бохирдсон хүнс хэрэглэн, хавдраар өвчлөх тохиолдол нэмэгджээ.

-Уламжлалт болон нийлэг сав, баглаа, боодлын материалд физик, хими, микробиологийн шинжилгээ хийх лаборатори байдаггүйгээс хүнсний бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг судлах, үнэлгээ өгөх, техникийн зохицуулалт хийх асуудал орхигдсон.

Түүнчлэн сүүлийн 20 жилийн жилд сав, баглаа, боодлын үйлдвэрлэл хэт жижигдээ тооцогдож ирсэн бөгөөд зөвхөн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж ирсэн юм. Ингэснээр бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх сав, баглаа, боодлын ариун цэврийг сайжруулах, үйлдвэрүүдийн технологийн ажиллагаа, ер нь бүгдийг нэгтгэсэн бодлого, төсөл, хөтөлбөр байдаггүй ажээ. Цаашлаад энэ үйлдвэрлэлийг зөвхөн нийслэлд одоогоор хийж байгаа бөгөөд нэгдсэн мэдээ, мэдээллийн тогтолцоо үгүйлэгдэж буйг үйлдвэрлэгчид хэлжээ.

Хөнгөн үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогыг боловсруулна

Эдгээр асуудалд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас анхаарч, ажиллахаа мэдэгдэж, саналуудыг нэгтгэн Хөнгөн аж үйлдвэрийг төроөөс дэмжих бодлогыг боловсруулах юм байна. Түүний дараа Засгийн газраар оруулах төлөвлөгөөтэй байгаа тухай албаны хүн хэллээ. Бодлого боловсруулах саналд сав, баглаа, боодлын бүх төрлийн түүхий эд, машин, тоног төхөөрөмжийг зөвхөн импортоор авдаг онцлогийг харгалзан төрөөс санхүү, татварын бодлогоор дэмжих, цаас, хэвлэл, сав, баглаа боодлын үйлдвэрийг парк хэлбэрээр болон кластерийн системээр хөгжүүлэх, түүхий эд болох цаас, хуванцар, нийлэг материалыг дотооддоо үйлдвэрлэх, мөн сав баглаа боодлын үйлдвэрлэлийн хаягдал болох хоёрдогч түүхий эд хаягдал цаас, хаягдал хуванцарыг дахин боловсруулж шинэ түүхий эд үйлдвэрлэхийг дэмжих талаар яригдаж байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж