Оюутнуудад &#34цалин&#34 өгөх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Оюутнуудад &#34цалин&#34 өгөх нь зөв үү?

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлээд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан батлуулсан их, дээд сургуулийн оюутанд сар бүр 70200 төгрөгийн урамшуулал, тэтгэлэг олгох хууль хэрэгжиж эхлээд жил гаруй болж байна.

Өнгөрсөн оны байдлаар 165 мянган оюутанд 106 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Хуульд зааснаар хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ арван сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэхээр байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхийн хэрээр оюутнуудын тэтгэлгийн хэмжээ өсөх юм. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянга болгож нэмэгдүүлсэн учраас одоо мөрдөгдөж буй хуулиар оюутнууд сард 90 мянган төгрөгтийн тэтгэлэг авах учиртай. Гэхдээ Сангийн яамнаас суралцагчдад олгож байгаа тэтгэлэг нь урамшууллын шинж чанартай учир суралцагчдад суралцах хугацаанд нь сар бүр олгох үндэсний тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх нь хуулийн зүйл заалттай нийцэхгүй. Иймээс тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахгүй байх, цаашид тэтгэлгийн хэмжээг Засгийн газар тогтоодог байхаар хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Хэрэв энэ хууль батлагдвал 2014 онд оюутнуудад сард хэдэн төгрөгийн тэтгэлэг олгох, бүх оюутанд ижил өгөх зэрэг нь өөрчлөгдөх болж байна. Дээрх асуудлын хүрээнд УИХ-ын  гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Хуулийг өөрчлөхийг дэмжихгүй

-Энэ хуулийг Ерөнхийлөгчөөс санаачлахдаа оюутны нийгмийн баталгааг бий болгох зорилго агуулсан. Хөдөө орон нутгаас суралцаж буй оюутнууд Улаанбаатарт амьдрах газраас эхлээд хүнд байдаг нь үнэн. Хуульд өөрчлөлт оруулж Засгийн газар тэтгэлгийг хэмжээг тогтооно гэж байгаа нь тэтгэлгийн хэмжээг багасгах, бүр өгөхгүй байх далд санаа агуулж байна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа. Харин сурлагаараа тэргүүлэгч оюутнуудыг дэмжих өөр төрлийн урамшуулал, тэтгэлэг байх ёстой юм. Хэрэв оюутнуудад цаашдаа тэтгэлэг өгөхгүй байх юм уу, ялгавартай өгвөл Засгийн газар үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн  үг. Одоо өгч байгаа 70 мянган төгрөг үнэндээ нийгмийн баталгаа болж чадахгүй шахам байгаа. Тэгэхээр цаашдаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

УИХ-ын  гишүүн А.Бакей: Оюутны тэтгэлэг үр дүнгээ өгч байгаа

-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль хэрэгжиж, оюутнууд тэтгэлэг авдаг болсон нь тодорхой үр дүнгээ өгч байна. Хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаж явахад тэтгэлгийг зөв зүйтэй шийдвэр болсон гэдэг. Нэг айлаас 1-3 оюутан суралцахад эцэг, эхчүүдэд хүнд. Оюутны амьдрал хагас өлсгөлөн байдаг нь үнэн шүү дээ. Тиймээс цаашдаа тогтмол өгөөд явах нь зөв. Хуульд "Олгож болно" гэдгээр бус "Олгоно" гэж оруулж өгөх хэрэгтэй. Харин жил бүр тэтгэлгийн хэмжээг Засгийн газраас тогтоохыг дэмжиж байгаа. Засгийн газарт эрхийг нь өгөөд цаашдаа нэмэгдүүлэх зарчмаар явбал үр дүнгээ өгнө.


УИХ-ын гишүүн Д.Арвин: Сургуулийн эздийн бизнесийг дэмжиж байна

-Тооцоо судалгаа хийх хэрэгтэй байна. Их, дээд сургуулийн эздийн бизнесийг дэмжих хандлага ажиглагдаж эхэллээ. Сургуулийн захирлууд ахиухан мөнгө олохын тулд зүгээр л анги дүүргэлт хийхийг зорьдог болж. Сургалтын төлбөр маш өндөр байгаа энэ үед  сургуулиудын бодит зардал, сургалтын төлбөрөөс олж буй ашиг зэргийг нарийвчлан тооцож гаргамаар байна. Цаашдаа тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхээс илүү  үр дүнтэй эсэхэд судалгаа  хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ялгавартай өгөх нь зөв

-Оюутны мөнгөн урамшууллыг бүгдэд нь тэгш байдлаар бус тодорхой ялгавартай өгөх хэрэгтэй. Тухайлбал, эрэлт хэрэгцээтэй тодорхой мэргэжлүүдээр оюутнуудыг суралцуулахад чиглэж болно. Дараагийн ээлжинд ийм бодлого оруулж ирээрэй гэж хүсье. Энэ мөнгө урамшуулал гэхээсээ илүү тэтгэлэг. Тэтгэлгийн үр ашиг нь тодорхой байх ёстой.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Сургалтын төлбөрт бэлэн бусаар шилжүүлэх хэрэгтэй

-Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Ямар асуудлаа нэгдүгээрт тавих вэ гэдгээ зөв шийдэх хэрэгтэй. Оюутнуудад арван сарын турш 70 мянган төгрөг гэхээр 700 мянган төгрөг хуримтлагдана. Энэ бол дундаж сургалтын төлбөрийн 3/1 нь. Тиймээс сар бүр бэлнээр өгөх биш сургалтын төлбөрт нь бэлэн бусаар шилжүүлэхээр журамлавал үр дүнгээ өгнө.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж