Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд ирэх онд Монгол Улсын өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэхээр тусгаад байгаа юм.
Харин энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эсрэг байр суурь барьж буйгаа илэрхийллээ. УИХ-аас 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж байсан. Үүгээр бол ирэх онд улсын өр ДНБ-ний 40 хувийг давах ёсгүй. Гэтэл Засгийн газар 20 хувиар нэмж ДНБ-ний 60 хувьд хүргэхээр оруулж ирж байгаа нь зохисгүй явдал. 1993 онд Да.Ганболд өлгийтэй бяцхан хүүхдээсээ эхлүүлээд Монголын иргэн бүр 10 мянган ам.долларын өртэй гэсэн лоозон бариад Төрийн ордны гадаа жагсаж байсан. Одоо тэгтэл Засгийн газар өрийг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа нь тун зохисгүй үйлдэл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө Засгийн газар буцаан татах ёстой" гэсэн байр суурь илэрхийллээ.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдээр одоо санал хураалгахгүй. Ирэх даваа гаригт хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлж, өөр альтернатив хувилбар байгаа эсэхийг судалж нягталсны үндсэн дээр УИХ-ын чуулганд оролцож байгаа гишүүдээр санал хураалгана гэсэн юм. Тиймээс одоо энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна.