Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн “балинч”

ГССҮТ-ийн захирал Ц.Энх­баяр гэж хэн бэ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ГССҮТ-ийн захирлаар очсон ч эмч, ажилтнууд нь түүнийг хүлээж авахгүй хэмээн эсэргүүцсээр байна. Тэрхэрээр тэрбээр хэвлэлийн баатар болоод байна. Эмнэлгийнхээ эмч, ажилтнуудыг “дээрээс өгсөн зааврын дагуу” гэсэн тайлбартайгаар ажлаас халж, дөнгөж сургууль төгссөн залуусыг тасаг, тэнхмийн ерөнхий эмчээр томилсноос асуудал үүсэв. Энэ хугацаанд түүний удирдсан эмнэлэгт хоёр ч өвчтөн нас барлаа. Хоёр хүний амь түүний захирлын суудлын дэргэд юу ч биш бололтой. Эмэгтэй хүн, эх хүн, эмч хүн гэхэд тэр дэндүү хатуу сэтгэлтэй эмэгтэй бололтой. Нэг талаар эмнэлэгт бугшсан буруу, булхайтай бүхнийг ийм хатуу аргаар зөөллөж болох ч нөгөө талаар хүний амийг аврахын төлөө тангараг өргөсөн эмч хүнд баймгүй ёс суртахууныг гаргаж байгаа нь муухай байна. Ц.Энхбаяр хэтэрхий том ар талтай хүн үү, аль эсвэл мэдлэг мэргэжилдээ эрдсэн нэгэн үү. Юутай ч тэр салбарын сайдынхаа үгэнд хэтэрхий сайн ордог юм байна. Өөрийгөө ямар ч буруугүй, хийж байгаа алхмаа зөв хэмээн тодорхойлсоор суугаа энэ эмэгтэйг эмнэлгийн захирал гэх үү, албан томилгоогоор очсон эрх мэдэлтэн гэх үү. Тэрбээр өмнө нь “Ачтан элит” эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм билээ. Бас нэг улсын эмнэлгийг бараг л дампууруулах шахсан гэдэг. И.Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн даргаар очиход нь эмч, ажилтнууд нь мөн л эсэргүүцэж хүлээж аваагүй. Очсон байгууллага бүртээ гологдож, гоочлогдож явсаар энэ эмнэлэгт ирсэн гэх. Ц.Энхбаяр гэгч энэ эмэгтэй ямар шаардлага хангаж, шалгалт шүүлгээр орж, шалгаруулалтад тэнцэж ГССҮТ-ийн захирал болсныг нь мэдэхгүй ч ЭМ-ийн сайд “энэ балинч”-аа авчихвал яасан юм бэ.

Т.БОЛОРЦЭЦЭГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж