Т.Билэгт эмчлүүлж, Н.Хүрэлбаатар “гэрийн хорионд” байна

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Т.Билэгт эмчлүүлж, Н.Хүрэлбаатар “гэрийн хорионд” байна

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар нар батлан даалтад гарснаасаа хойш сураг алдарсан. Тэдний хувьд хоёулаа Интерполоор эрэн сурвалжлагдаж, Т.Билэгт хоёр жил АНУ-д орогнож, Н.Хүрэлбаатар гадаадад нэг их удалгүй эх орондоо ирснийхээ дараахан баривчлагдсан. Тэдний талаар сураг тавив.

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар батлан даалтад гарснаасаа хойш биеэ эмчлүүлсэн байна. Тэрбээр “гэрийн хорионд” байж, намынхантайгаа ч уулзахгүй байгаа гэнэ. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр намынхаа их хуралд ч оролцоогүй.

МАН-ын Бага хурлын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ шинээр сонгогдож байгаа. Н.Хүрэлбаатар их хурлын төлөөлөгчөөр очоогүй тул Бага хурлын гишүүнээр ч сонгогдоогүй аж. Өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэргийг нэг тийш болсоны дараа намынхаа ажилд оролцохоо мэдэгдсэн аж. Тэрбээр баривчлагдах үедээ улс төрийн оролцоогүйгээр өөрийнх нь хэргийг шийдвэрлэхийг хүссэн. Түүнтэй холбогдоход “Хэргийг шалгаж дуусаагүй байгаа. Цаг нь болохоор мэдээлэл өгье” гэсэн юм. Түүнд холбогдох хэргийн талаар сануулахад, Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхонд орших түүний төрсөн хүү Х.Энхбатынхаас төмөр шүүгээтэй 600 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань алдагдсан ч бүрнээрээ олдсон юм. Энэ мөнгөний эзэн ЭМ-ийн сайд асан Н.Хүрэлбаатар болох нь тогтоогдож, их хэмжээний мөнгийг ямар замаар олсоныг тогтооохоор хуулийнхан түүнийг шалгах үндэслэл болсон билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан түүний хүү Х.Энхбат, ойрын төрөл болох Д.Батаа нарыг АТГ-ынхан шалгаж байна.

Т.Билэгтийн хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгуулж, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудалд оролцсон хэрэгт буруутгагдсан. Тэрбээр урьдчилан хорих төвөөс суллагдаж, батлан даалтад гарснаасаа хойш мөн л эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Хо­риход саатуулагдсантай хол­боотойгоор биеийн байдал нь тааруу байсан ч эрүүл мэнд нь сайжирчээ. Гэхдээ эмчилгээ хийл­гэх шаардлагатай байгаа аж. Энэ хэрэгт холбоотойгоор шүүхээс хорих ял сонссон МАХН-ын Н.Энхбаярыг Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн бол До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нар хорих ангид хүмүүжиж байгаа юм.

Т.АМАРТҮВШИН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж