Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дэд ерөнхийлөгч эрхэмсэг ноён Кгалема Мотланте нар өнөөдөр /2013.10.31/ Төрийн ордонд уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Эрхэмсэг ноён Дэд ерөнхийлөгч Кгалема Мотланте тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр,  Монгол Улсын Их Хуралд Монгол-Африкийн парламент хоорондын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон ажиллаж байгааг танилцуулсан юм.

Уулзалтаар хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд хамтран ажиллах, парламент хоорондын туршлага солилцох, ялангуяа ӨАБНУ-ын уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтаас судлах, мэдээлэл солилцох хүсэлтэй байгаагаа УИХ-ын дэд дарга илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улс, ӨАБНУ-ын уул уурхайн салбарт, түүний дотор уул уурхайн тээвэр, нүүрснээс шингэн түлш гаргаж буй туршлагаас судалж, уул уурхайн үйл ажиллагаатай уялдуулан хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжтойг тэмдэглэв.

ӨАБНУ-ын дэд ерөнхийлөгч эрхэмсэг ноён Кгалема Мотланте төлөөлөгчдийг  халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, хэдийгээр манай хоёр улс газар зүйн байршилын хувьд алс хол оршдог ч хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ. Мөн тэрээр Улсын Их Хурлын дэд даргын дэвшүүлсэн асуудлуудтай санал нэг байгаагаа илэрхийлж, салбарын  хуулийн зохицуулалт маш сайн байх шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн нүүрсийг шингэрүүлэх технологи ӨАБНУ-д өндөр хөгжсөний дээр энэ чиглэлээр арвин  туршлагатай. Иймд Монгол Улстай энэ туршлагаасаа хуваалцахад нээлттэй байх болно, ялангуяа монголын залуучуудыг  илгээж сургах асуудлыг  дэмжиж байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж