
Сарын тэмдэг ирэхийн өмнөхөн хөхний эдэд илүүдэл шингэн хуримтлагддаг учираас хэмжээгээрээ бага зэрэг томорч хөндүүрлэх нь бий. Энэхүү шингэн шимэгдсэний дараа хөх хэвийн хэмжээндээ орно. Ийм өөрчлөлт цэвэрших хүртэл сар бүр тохиолдоно.
Анхны сарын тэмдэг ирсэн үеэс эхлэн шалгах нь зүйтэй. Ихэнх эмэгтэйчүүд усанд эсвэл шүршүүрт орж байх үедээ шалгадаг нь тохиолдлын хэрэг биш. Савантай гөлгөр арьсанд дээр ямар нэгэн өөрчлөлт амархан мэдэгддэг. Сар бүрийн тогтсон нэг өдөр, эсвэл сарын тэмдэг дууссанаас хойш 2-3 хоногын дараа шалгах нь хамгийн тохиромжтой. Энэ үед хөх зөөлөрч хэвийн байдалдаа орсон байх тул шалгахад хялбар байдаг. Цэвэршсэн эмэгтэйчүүдийн хувьд тодорхой нэг өдөр, эсвэл сарын эхний хоногийг сонгох хэрэгтэй.
Хөхөө өөрөө шалгахдаа толь, дэр, эсвэл алчуур хэрэглэнэ.
Биеэ бүсэлхий хүртэл нүцгэлээд гараа биеийн дагуу унжуудан толинд харж хөхөн дээр ямар нэгэн хонхорхой, овгор, ургацаг, эсвэл арьсанд ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг хар.
Хөхний толгойг эрхий ба долоовор хуруугаар зөөлөн чимхэж, ямар нэг зүйл, шингэн ялгадас гарч байгаа эсэхийг үз.
Толины өмнө зогсоод хоёр гараа толгойныхоо ард авна. Дахин хонхор, овгор, хавдар байгаа эсэх, хэлбэр нь урьд сарынхаас өөрчлөгдсөн эсэхийг ажигла.
Хоёр гараа ташаандаа авч, мөр, далаа урагшлуулан ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг дахин шалга.
Зүүн гараа тохойгоор нугалан дээш өргө. Баруун гарын хурууны өндгөөр зүүн талын хөхийг зөөлөн тэмтэрч үз. Дараа нь арай чанга дарж, ямар нэг бэрсүү, ургацаг, байгаа эсэхийг шалга. Үүний нэг адилаар баруун хөхөө шалгаарай.
Нуруугаараа гэдэргээ харж хэвтээд дэр, эсвэл хуйлж эвхсэн алчуурыг зүүн мөрний доори ивнэ. Зүүн гараа тохойгоороо нугалан толгойн ард авч, хурууныхаа өндгөөр зүүн хөхний нөсөө, хөхний товчийг тэмтэрч үз. Үүний нэг адил баруун хөхөө шалгаарай. Хэвтээ байдалд шалгах үед хөхний эдийн байрлал өөрчлөгдөж, ямар нэг өөрчлөлт амархан мэдэгддэг.
Хөхийг шалгахдаа хөхний товчийг тойруулан тойрог маягаар эсвэл шулуун шугаман эсвэл цацраг маягаар иллэг хийн шалгадаг.
Эмэгтэйчүүд хөхөө жил бүр эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх хэрэгтэй.
Мари Стопс