УБЦТС компани мөнгө “саадаг” байжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

УБЦТС компани мөнгө “саадаг” байжээ

Байсхийгээд л цахилгаанаа тасалчихдаг, түүнийгээ ачаалал хэтэрсэн, алдагдал нэмэгдсэн гэдгээр хаацайлсаар ирсэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” /УБЦТС/ компанийнхан тэрбум, тэрбумаар мөнгө угаадаг байсан гэвэл олон хүн гайхаж, “Тэр чинь ашиггүй компани шүү дээ” гэж хачирхах нь зүйн хэрэг байх. Гэтэл тэд алдагдлынхаа ард  харин ч ашиг ихтэй ажилладаг байсан бололтой. Саяхнаас тус компанийн удирдлагууд дандаа  алдагдал ярьж, үнэ нэмнэ гэдэгт хууртсан иргэдээс мөнгө саадаг байсан нь баримтаар нотлогдлоо.

Хууль бус төлбөрт үйлчилгээнүүд нэвтрүүлж, хэрэглэгчдийн халааснаас чамгүй мөнгө тоншдог байсан тус компанийн буруутай үйлдлийг таслан зогсоохоор албаны хүмүүс ярилцаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд /одоо ч байгаа/ 386 төрлийн төлбөрт үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж, жилдээ тэрбум гаруй төгрөгийн ашиг олдог байсныгаа чухам юунд зарцуулж ирснээ тус компанийн удирдлагууд тайлбарлах хэрэгтэй болох нь.  Тэдний хууль бус үйлдлийг  Эрчим хүчний зохицуулах хороо болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооныхон илрүүлжээ.

Цахилгаан дулааны үнэ өнгөрсөн хугацаанд жил бүр нэмэгдсээр ирсэн. Хамгийн сүүлд гэхэд өнгөсөн долдугаар сард цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, нэг кВт-ынх нь үнэ уул уурхайн компаниудад 130 төгрөг, аж ахуйн нэгжид 105 төгрөг 60 мөнгө, ахуйн хэрэглээнд 150 кВт-ынх нь 76 төгрөг, үүнээс дээших нь 96 төгрөг 60 мөнгө болсон юм. Үнэ нэмэх шаардлагаа салбарын алдагдал 70 тэрбумд хүрсэнтэй холбож байлаа. Гэтэл цаг дээрээ тэд нь наашаа харж уйлж, цаашаа хараад инээж байсан хэрэг байжээ.

Тус компанийнхан хэрэглэгчдээс хууль бусаар мөнгө тоншиж байсныгаа төсөв нэмэгдүүлэх арга хэмээн тайлбарласан байх юм. Дээрх 386 төрлийн үйлчилгээний 56 нь хууль ёсных үлдсэн нь зөвхөн ашгийн төлөөх үйлчилгээ байсныг холбогдох байгууллагууд нь тогтоочихоод байхад өдий хүртэл үүнийгээ цуцлахгүй байгаа нь ямар учиртай вэ гэдгийг УБЦТС-нийхнээс асуумаар байна.

Нийслэлийн олон мянган хэрэглэгчээс 386 төрлийн аргаар мөнгө шулдаг байсан шигээ хурдан шуурхайн үйлчилдэг байсан бол яамайсанж. Үйлчилгээнийхээ хурд, чанарыг сайжруулахын тулд үүнийг авах ёстой байжээ гэж ойлгоё гэтэл, тэгж чадахгүй нь. УБЦТС компани нь хүнд сурталтай, хэрэглэгчдээ үл тоомсорлодог, дээрэлхдэг үйлчилгээний соёлоор хамгийн муу  нь. Ямар сайндаа л хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэхгүй байж байнгын тогийг нь таслах билээ дээ. Тог, цахилгааныг нь байнга хязгаарладаг мөртлөө сарынхаа төлбөрийг бүтнээр авахыг нь  яана аа.  Уг нь тус компани чинь бизнесийн байгууллага биз дээ. “Монополь” эрхтэй гэдгээрээ хэрэглэгчдээ хэзээ ч хохироож болно гэж боддоггүй л юм бол өнгө төрх, үйлчилгээндээ анхаарал хандуулах хэрэгтэй байгаа шүү.

Хэрэглэгчдийнхээ халааснаас “саасан” мөнгөөрөө УБЦТС-нийхэн тансагладаг байсан нь ч тогтоогдсон гэнэ.  Аялал, зугаалга баяр, наадам гадаад, дотоодын томилолтдоо а мөнгө хайрладаггүй, удирдлагууд нь Султан хаан шиг мөнгийг баруун солгойгүй цацдаг байсан бололтой. Хэрэглэгчдээ соёлтойгоор дээрэмдэж байгаа тус компанитай ямар нэгэн хариуцлага тооцохгүй бол цаашдаа ч иргэдийг шулсаар л байх нь тодорхой юм.  Хэрэглэгчдээс ирсэн гомдол, саналын мөрөөр тус компанийг шалгаж үндэслэлгүй мөнгө хурааж авсан байна гэдгээр ШӨХТГ-аас 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан ч одоо болтол төлөөгүй байгаа гэх. Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран хийсэн шалгалтад бүдэрч, 320 хууль бус үйлчилгээг санаанаасаа зохион мөнгө хүдийлдэг байснаа тус компанийнхан одоо ч хүлээн зөвшөөрөхгүй, төсөв бүрдүүлэх нэг арга хэмээн тайлбарласаар байгаа гэнэ. Тэдний төсвийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчид хууль бус үйлчилгээний мөнгийг яагаад  төлөх ёстой гэж. Үүнийгээ л тайлбарлаад өгчих, УБЦТС-нийхэн. 

Төсөв нь тийм их алдагдалтай байгаа юм бол зардлаа хэмнэж, илүү дутуу тансаг хэрэглээгээ хумих ёстой биз дээ. Дарга нар нь гадаад, дотоодоор зугаалахаа больчих. Амралтанд тансаглахаа хязгаарлачих. Төсвөө хөөсрүүлж, түүнийгээ ард түмний нуруун дээр тохох эрх УБЦТС компанид ямар ч утгаараа бол байхгүй. Магадгүй байнга тог тасалж, сарынхаа төлбөрийг бүтнээр авна гэдэг нь  бас нэг мөнгө угаах арга нь биш байгаа. Хэрэглэгчдийнхээ сарын төлбөрөөс хичнээн хэмжээний нууц ашиг олдог байсныг шалгаад үзчихэд гэмгүй  болов уу.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж