-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд өмнөх жилийн төсвүүдийг “Авлигажсан” гэж нэрлэхэд та нэлээн дэмжиж харагдсан. Ямар учраас тэр вэ?
-УИХ-ын гишүүд тойрогтоо юм хийсэн болж харагдах гол үзүүлэлт нь төсвөөс тойрог руугаа их хэмжээний хөрөнгө оруулалт татах болж хувирсан. Тиймээс тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд яаж ийж байгаад зарцуулалт нь тодорхойгүй ч байсан хамаагүй тойрогтоо хөрөнгө оруулалт нэрээр их хэмжээний мөнгийг төсөвт суулгуулчихдаг.
Гэтэл нөгөө мөнгө нь тухайн объектыг нь барихад хүрдэггүй. Ингээд л дараа, дараа жилийн төсөвт хөрөнгө оруулалтаа нэмүүлээд л яваад байдаг. Төсөв хэлэлцэх үеэр үргэлж Засгийн газрын асуудлыг босгож ирдэг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд он дамнасан төсөвт өртгөө нэмэгдүүлэхийн тулд шантааж хийдэг юм байна гэж би ойлгож байгаа. Үүнээс болоод он дамнасан төсөвт өртгийн нэмэгдэл өнөөдөр 272 тэрбум төгрөгт хүрчихээд байна шүү дээ. Гэтэл энэ мөнгөөр Улаанбаатарт тулгамдаад байгаа цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудлыг шийдэх бүрэн боломжтой байгаа юм. Үүнийг нь Ерөнхий сайд ямар нэгэн хачиргүйгээр хэлчихсэндээ л ороогдоод байгаа болохоос биш яг үнэндээ төсөв хүндрэх асуудлыг УИХ-ын гишүүд өөрсдөө бий болгодог гэдэг нь үнэн юм байна.
-Ерөнхий сайдыг дэмжсэний тань төлөө УИХ-ын гишүүд таныг нэлээд зэмлэх шиг болно билээ?
-Тэгсэн. Намайг Ерөнхий сайдын хэлсэн үгтэй санал нэг байгаагаа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүд намайг “Буруу зүйл ярьж байна. Туршлагатай гишүүдээсээ тойрог руугаа яаж хөрөнгө оруулалт татах вэ гэдгийг суралц” гэсэн утгатай зүйлийг ярьж байсан. Би үүнд маш их харамсаж байгаа. Нөтөөгэйгүүр, улс төрийн туршлагатай, улс төрийг эрүүлжүүлэх ёстой, төсвийн талаар надаас илүү мэдлэгтэй, бодлого ярьж байх ёстой хүмүүс ийм жижигхэн зүйл ярьж байсан нь инээдэмтэй санагдсан. Гэхдээ би тойрогтоо хөрөнгө оруулалт оруулахыг эсэргүүцээгүй. Манай тойрогт дуусгаагүй 10 барилгын суурь байсны оронд таван сургууль ч юм уу таван цэцэрлэг баригдсан бол дээр байсан юм гэж хэлсэн шүү дээ. Он дамнаж төсөв хуваарилуулж, өртгийг нь нэмж төсвөөр дамжуулж ашиг олдог сүлжээний цаана УИХ-ын гишүүд байдаг юм уу гэдэг хардлага төрснийг нуугаад яах вэ.
-2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Ардын намын бүлгийг байгуулалгүйгээр төсвийг баталсны гай одоо гарч байна” гэж байсан. Та энэ төсвийг батлалцсан хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Бүлэг байгуулагдаагүй удсан үйл явцыг Ардын намынхнаас өөрсдөөс нь шалтгаалсан гэж би боддог юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын сануулга нь ардчилсан зарчимтай орны хувьд асуудал мөн үү гэвэл тийм. Гэхдээ үүгээр шантаажилж Ардын намынхан асуудал үүсгэх нь тийм ч зохистой биш. Учир нь энэ оны төсвийн тодотголоор төсөв их өөрчлөгдөөгүй. Төсөвт тодотгол хийх асуудал өмнө нь ч байсаар л ирсэн шүү дээ. Өмнө нь гаргасан алдаа завхралыг засах гэж байхад цоо шинэ хүмүүс ирчихсэн юм шиг л төсөв шүүмжлээд байгаа нь таалагдахгүй байгаа.
-Монгол Улсын өрийн хэмжээний хязгаарыг нэмэгдүүлэх саналыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирсэн нь УИХ-ын гишүүдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Таны хувьд?
-Би ч гэсэн энэ асуудлыг эсэргүүцэж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэх хэмжээний зээл авах ёстой гэсэн босгыг дээшлүүлж 60 хувьд хүргэх гэж байгаа нь баталсан хуулиа биелүүлэхийн төлөө явахаас илүүтэй чадахгүй болохоороор босгоо бууруулах, дээшлүүлэх арга хэмжээг авдаг байж болохгүй арга зам руу түлхэх гэж байгаа юм. УИХ-д ийм хандлага маш их ажиглагдаж байна. Тухайлбал, Урт нэртэй хуулийг биелүүлэх гэж оролдоогүй атлаа дагаж мөрдөх журмыг нь өөрчлөх гэж байгаа нь байж болохгүй асуудал гэж би бодож байгаа. Энэ бол өөрөө өөрийгөө л хуурч байгаа нэг хэлбэр шүү дээ.
-УИХ-ын ээлжит бус чуулганы өмнө Засгийн газраас таван хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар батлах ёстой гэсэн байр суурийг баримталж байсан. Үүнийг нь Ардын нам болон танай эвслийнхэн эсэргүүцэж хойшлуулсан. “Шударга ёс” эвсэл Ардчилсан намын эсрэг байр суурь илэрхийлснийхээ төлөө нэлээд шүүмжлэл хүртсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Тухайн үед “Эхлээд бодлогын баримт бичгээ гаргая, түүн дээрээ суурилж ашигт малтмалтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцье” гэж байсан Ардын намын байр суурь зөв байсан. Тиймээс бид ч бас зарчмын байр суурь илэрхийлсэн. Ер нь бол алт, түгээмэл тархацтай ашигт малтмал зэргийг тусад нь үе мөчөөр нь салгахгүйгээр эрдэс баялгийн салбарын бодлогын баримт бичгээ баталчихаад түүнийхээ дагуу Ашигт малтмалын тухай хууль гэж нэг л хууль батлах нь зөв юм уу гэж бодож байгаа. Ер нь хууль, дүрэм журам ард иргэд, гадаад ертөнц тэр байтугай УИХ-ын гишүүдэд ойлгомжтой байх шаардлага байгаа. Ямар нэгэн тусгай ашиг сонирхол гарч ирсний үндсэн дээр төрийн бодлогыг өөрчлөх гээд л УИХ-аар тоглох хэрэггүй байгаа юм. Гурван хоногийн дотор хуулийн төсөл өргөн бариад тав хоногийн дотор таван хуулийн төсөл баталдаг асуудал байх юм бол ямар ч хүн Монголын төрөөр дураараа тоглох нөхцөл бүрдэнэ. Үүнийг л манай эвсэл илэрхийлсэн. Эвсэж, хамтарна гэдэг ойлголцож ажил бүтээхийн нэр болохоос биш нийлж л байвал буруу, зөв юу ч хамаагүй хууль ч хамаагүй зөрчөөд буулган дор нь явахын нэр биш. Үүнийг улстөрчид маань зарчмын хувьд ойлгож байгаа байх гэж бодож байгаа.
-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг өөрчлөх гэж байгаатай холбоотойгоор “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн галт зэвсэг хэрэглэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Та үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Би өнөөдөр /өчигдөр/ энэ асуудалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийсэн. “Гал үндэстэн” хөдөлгөөний Ц.Мөнхбаярыг баривчлагдсан цагаас эхлэн санаа зовж байлаа. Ц.Мөнхбаяр бол надтай хамт гудамжинд маш олон удаа тэмцэл хийж, жаргал зовлонг минь хуваалцаж байсан хүмүүсийн нэг. Эх оронч сэтгэлтэй цөөхөн хүмүүсийн нэг гэж боддог юм. Урт нэртэй хуулийг түүний бүтээл гэж хэлж болно. Энэ хуулийг батлуулахын тулд тэр хүн маш их зүйлийг хийсэн. Ажлын хэсэгт нь орж, асуудалтай газар дээр нь очиж танилцаж байсан шүү дээ. Тиймээс хийсэн ажлыг нь юу ч биш болгож байгаа төрдөө гомдож, бухимдсан байж болно. Олон жилийн амьдрал, өөрийнхөө олсон бүхнийг байгаль орчноо хамгаалахад зориулсан энэ хүнд бухимдах эрх бий. Гэхдээ энэ бухимдлаа зэвсэг барьж илэрхийлснийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Монголчуудын бие биедээ илэрхийлэх эсэргүүцэл нь зэвсэг биш. Би эмэгтэй хүнийхээ хувьд, үзэг барьж шүүмжлэхээс эхлээд өлсгөлөн зарлах хүртэл улс төрийн тэмцлийн бүхий л тайван арга замыг хэрэглэж тэмцэж байсан хүний хувьд ч хүчирхийллийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ Ц.Мөнхбаяр энэ болохгүй байгаа төрд сануулга л өгөх гэсэн байх гэдэгт бүрэн итгэлтэй байна. Юмны наад, цаад учир шалтгааныг хуулийнхан маань сайн тодруулаасай. Ц.Мөнхбаярынд очоод үзэх юм бол маш энгийн амьдралтай залуу шүү дээ. Ц.Мөнхбаярыг янз бүрийн мөнгө төгрөг авсан гэж хардаж байна билээ. Энэ бол биднийг гудамжинд жагсаж байхад жагсагчдыг иргэдээс салгах гэж хэрэглэдэг байсан хамгийн эхний арга. Энэ ядсан аргад одоо хэн ч итгэхгүй. Ц.Мөнхбаяр энэ тэмцэлд байгаа бүхнээ зориулсан хүн. Олон улсын шагналаар авсан 200 сая төгрөг, гурван өрөө байраа тэмцэлдээ зориулсан. Өнөөдөр түүний гэрийг очоод харвал сольж өмссөн хувцас, таван ханатай гэр, идэж ууж байгаа зүйл нь хэвээрээ л байгаа. Ямар хөрөнгөтэй юм, ямар машин аваад уначихсан юм, ямар хаус худалдаад авчихав шалга л даа, очоод. Ийм хүнийг хаанаас ч хайгаад олохгүй.
-Та Ц.Мөнхбаяртай уулзсан уу?
-Би түүнийг эргэж очих хүсэлтийг холбогдох газарт нь тавьсан байгаа. Түүний төлөө тууштай тэмцэнэ гэдгээ хэлэх байна. Өнөөдөр түүнд өмгөөлөгч хэрэгтэй байна. Өмгөөлөгч хөлслөх мөнгөгүй байна. Бид түүнд өмгөөлөгч авахаар бид хандивын данс нээсэн байгаа. Би Ц.Мөнхбаярыг өмгөөлж хамгаалах, түүнийгээ илэрхийлэх эрхтэй хүн гэж өөрийгөө бодож байгаа. Би иргэний хөдөлгөөний дунд түүн шиг л газар шорооныхоо төлөө тэмцэж байсан хүнийхээ хувьд үүргээ гүйцэтгэж байна л гэж бодож байна. Хэрэв Ц.Мөнхбаярт ял оноохоор болбол хэн сэхэж, хэн оодрох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ тохиолдолд Монголын газар шороог зарсан хүмүүс Ц.Мөнхбаяраар далимдуулан Монголын ард түмний дуугарч байгаа хэсгийг дарчихаад эд баялаг дээр нь вальс эргэнэ. Ц.Мөнхбаярын сэтгэл нь зөв, арга нь буруу байсан байж болно. Энэ бол эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний асуудал биш гэж бодож байна.
-Тэгэхээр зарим нэг хүнд буруу үлгэр дуурайлал үзүүлж, зэвсэгт тэмцэлд уриалан дуудсан хэрэг болчих вий дээ?
-Өнөөдөр Монголын газар нутгийн дийлэнх хэсгийг тусгай зөвшөөрөл хэлбэрээр зарчихсан хүмүүст хариуцлага хүлээлгээгүйгээс болоод харин ч ийм аргаар мөнгө олж болдог юм байна гэсэн хүмүүсээр Монгол Улс дүүрчих гээд байна. Гэтэл тэдэнд хариуцлага тооцож чадаагүй байж эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг шийтгээд эхэлбэл нөгөө тал нь оодорч эхэлнэ шүү дээ. Тэр буруу талыг өндөлзүүлмээргүй байна. Харин ч эсрэгээр нь газар шороогоо зарж болохгүй юм байна. Ийм хуулийг нь эсэргүүцвэл ард түмэн дургүйцэх юм байна гэдэг ойлголтыг өгөх ёстой.
-“Рио Тинто”-гийнхонтой “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд хэлэлцээр хийж байгаа хэдий ч мэдээлэл хаалттай байна. УИХ-ын хэлэлцээрийн үйл явцын талаарх мэдээлэл байна уу. Тухайлбал танд?
-Бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. УИХ-ын даргад “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талын 34 хувийг төлөөлж байгаа болон байсан гишүүдээс шаардлагатай бол УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулж мэдээлэл авах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харамсалтай нь саналыг маань харгалзаж үзээгүй. УИХ дахь бие даагч гишүүд болон манай эвслийн гишүүд Ерөнхий сайдад үүнтэй холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Энэ оны төсөвт тодотгол хийхдээ 445 тэрбум төгрөгийг хассан. Үүний тэн хагас нь Оюутолгойгоос татвар хэлбэрээр орж ирэх ёстой байсан. Оюутолгойгоос авах ёстой байсан энэ мөнгийг ирэх оны төсөвт суулгаж өгөх ёстой. Бид ашгийн төлөө шуналтаагүй, шударга байх, харилцан ашигтай байх тухай л ярьж байна. Бид баялгийн эзэд атлаа шулуулж, мөлжүүлээд гадны хөрөнгө оруулагчид ашгаа хийгээд гардаг байж болохгүй.
-Та Ардын намын их хурлыг ажиглаж байгаа байх. Шинэ даргаа сонгочихлоо. Хурлаа хийчихлээ. Шинэчлэгдэж чадах болов уу?
-Ардын нам бол Монголын түүхийн өмнөх үетэй холбоотой улс төрийн томоохон хүчин гэдэг утгаар монголчууд, улс төр сонирхогчид энэ намын их хуралд чих тавьж байгаа байх. Би хувьдаа хүн шинэчлэгдэж байж шинэчлэл хийнэ гэж хардаггүй. Бодлого, хөтөлбөр, зорилго, үзэл санаагаа өөрчлөх нь шинэчлэл юм. Гэтэл энэ бүхэн Ардын намаас харагдсангүй. Монгол орныг хөгжүүлэх арга зам нь тэдний хувьд юу юм зэрэг улс орны хэмжээний асуудлыг бараг ярьсангүй. Ихэвчлэн намынхаа дотоод асуудлыг л хөндлөө шүү дээ. Энэ нь миний сэтгэлд үнэхээр хүрээгүй. Би хувьдаа улс орныг олон жил авч явсан улс төрийн томоохон хүчин гэдэг утгаар нь тус намын их хурлаас их зүйл хүлээж байсан. Их хурлаараа ийм хэмжээний асуудал ярьж байгаа улс төрийн хүчнээс шинэчлэл гарч чадахгүй юм байна гэж харж байна. Хэлэлцэж хэлэлцэж М.Энхболдыг даргаараа сонголоо. Энэ хүнээс шинэ бодлого гарах уу гэдэг бол өөр асуудал. Гэхдээ шинээр ажлаа авч байгаа үед ар гэрт нь таагүй зүйл тохиолдсон байгаа үед би энэ талаар нэг их зүйл ярьмааргүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин