Төрийн албан хаагчийн чадавхийг дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчийн чадавхийг дээшлүүлнэ

“Төрийн албан хаагчийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр”-тэй боллоо

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын эхэнд Төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр батлах тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Жаргалсайхан танилцуулсан. Уг хөтөлбөрийг боловсруулахын тулд 4 сум, агентлаг оролцуулсан нийт 19 байгууллагын манлайлал, санхүүгийн удирдлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмж гээд олон талаас нь судалгаа явуулж, боловсруулсан байна.

Судалгаанаас аймгийн хэмжээнд ажиллаж буй нийт төрийн албан хаагчийн 60 гаруй хувь нь хариуцаж буй ажил мэргэжилдээ хангалтгүй байна гэсэн дүн гарчээ. Тодруулбал: Дархан-Уул аймагт төрийн байгууллагад 225 төрийн захиргааны албан хаагч ажиллаж байгаагийн ТЗ5-ТЗ6 зэрэглэлд 136 албан хаагч буюу 60.45 хувийг эзэлж байгаа нь орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах, төрийн захиргааны байгууллагын "Менежментийн чадамжийн индекс”-ийг тогтоох, бусад орны туршлагыг судлан нэвтрүүлэхэд хангалттай боловсон хүчний нөөцтэй байгаа боловч, чадавхийн хувьд заавал авч үзэх шаардлагатай нь эндээс харагдаж байгаа аж.

Иймд аймгийн хэмжээнд 2013-2016 онуудад "Төрийн захиргааны байгууллага”-уудыг хамруулсан "Төрийн албан хаагчийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж, аймгийн тэргүүлэх зорилтуудыг хангахад чиглэсэн хүний нөөцийн удирдлагын зохицуулалтад төрийн албан хаагчдын ажил хэргийн чадавхийг үнэлэх, ажилдаа хандах хандлага болон ажил үүргийн зорилгод гол анхаарлаа хандуулж, төрд алба хашигчийн хувьд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Дээрхи хөтөлбөрийг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгаж өгсөн учир хэрэгжүүлэх шаардлагатай гэж тайлбарлалаа.

Тэргүүлэгч Р.Эрдэнэбаяр хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг эртнээс эхлүүлэх байсныг онцлоод нийт төрийн албан хаагчид руу чиглэсэн хөтөлбөр байх шаардлагатай гэв.

Тэргүүлэгч Г.Эрдэнэбат төрийн албаны тухай хуультай уялдуулан шийдвэрлэ. Удирдах зөвлөлийн дарга нь аймгийн ЗДТГ-ын дарга, удирдлагын хэлтсийг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга өөрөө хариуцах ёстой. Зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр сонгох эсхүл төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүн ажиллах ёстой гэсэн санал өгөв.

Тэргүүлэгч Б.Даваасамбуу төрийн албан хаагчийн чадавхийн асуудлыг мэдлэг мэргэжлээр хязгаарлах бус цогцоор нь авч үзэх ёстой. Хөтөлбөрийг батлаад орхих биш чанартай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Төрийн албаны нэр хүнд ард иргэдийн дунд муу байдаг нь нууц биш. Төрийн албыг төрлийн алба болгосон тухай байнга шүүмжилдэг. Иймд эхнээс нь сонгон шалгаруулалтанд анхаарах хэрэгтэй гэв.

Хэдийгээр Төрийн албаны тухай хуулинд хариуцлагын асуудлыг тодорхой зааж өгсөн ч уг хөтөлбөрт хариуцлагын асуудлыг заавал оруулах шаардлагатай гэж тэргүүлэгч П.Эрдэнэбат санал орууллаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс хөтөлбөртэй холбоотой гаргасан саналуудыг тусгаж, Төрийн албан хаагчийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг батлахаар боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдэд жил бүр танилцуулж ажиллахыг аймгийн Засаг дарга С.Насанбатад үүрэг болгосон юм.

Эх сурвалж: http://darkhanith.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж