Эрүүдэн шүүж байгаа эсэхэд шалгалт хийдэг гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Эрүүдэн шүүж байгаа эсэхэд шалгалт хийдэг гэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн яам хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт  АТГ, УМБГ, ТЕГ, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ШШГЕГ, ХЭҮК, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Хууль зүйн яам зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. ХЭҮК  эрүү шүүлтийг таслан зогсоох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангиудын нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэ хүрээнд "Эрүү шүүлтийг таслан зогсоох нь” санамж бичгийг ЦЕГ, УМБГ, ТЕГ, АТГ, УЕПГ, ШШГЕГ-тай 2008 онд байгуулан тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдоос эрүү шүүлтийн асуудлаар тодрууллаа.

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Амардорж: Элэгдэж хуучирсан 11 хорих байрыг шинээр барих шаардлагатай

-Хорих ангиудад  эрүүдэн шүүх, тэдний эрхийг  зөрчих  үзэгдэл байна уу. Ер нь энэ чиглэлээр ямар ажил хийж байна  вэ?

-Эрүүл шүүлтийг таслан зогсоох санамж бичгийг ХЭҮК-той хоёр дахь жилдээ байгуулаад байна. Хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадуудын хувьд эрүүдэн шүүх гэдэг ойлголт харьцангуй бага. Эрүүдэн шүүх байдал, хүний эрхийг зөрчих нөхцөл бий болох боломжтой газар бол цагдан хорих байр. Тиймээс цагдан хорих байрны орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр сүүлийн хоёр жилд ахиц гаргаж байгаа. Тухайлбал, зургаан хорих байр шинээр барьсан, 10-аад хорих байранд иж бүрэн засвар хийсэн. Үүний үр дүнд хүмүүжигчид, тэдний ар гэрээс хорих байрны орчин нөхцөлтэй холбоотой, эрүүдэн шүүсэн гэх гомдол санал ирэхүй байгаа. ХЭҮК хорих байрны орчин нөхцөл, эрүүдэн шүүх хэлбэр байгаа эсэхэд тогтмол шалгалт хийж, хүмүүжигчидтэй уулздаг. Цаашдаа 40-50 жил ашигласан, зориулалтын бус, модон байрыг ашиглаад хорих байр болгосон зэрэг цөөн хэдэн хорих байрыг  шинээр барих шаардлагатай байгаа. Хэдийгээр урсгал засвар хийдэг ч өнөөдрийн тавьж буй шаардлагыг хангахгүй байна. Тиймээс 11 цагдан хорих байр шинээр барих саналыг холбогдох газруудад тавьсан. Нэг цагдан хорих байр барихад 1.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Жил жилийн улсын төсөвт тусгаад явбал энэ асуудлыг шийдэх боломжтой.

-Саяхан Цагдан хорих 461 дүгээр ангид гал гарч, ноцтой асуудал үүссэн. Энэ үеэр хүний эрхийг зөрчсөн гэдэг зүйл ч яригддаг?

-Алба хаагчдын зүгээс хүмүүжигчдийн эрхийг зөрчих асуудал төдийлөн бага. Цагдан хорих 461 дүгээр ангид гал гарсан нь зарим алба хаагчдын ажилдаа хариуцлагагүй хандсанаас үүдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Удирдлагын зүгээс хариуцлага алдсан зургаан алба хаагчийг ажлаас халсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнийг эс тооцвол хорих ангиудад эрүүдэн шүүхтэй холбоотой зөрчил гараагүй.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж: Сэтгэлзүйн дарамтанд оруулж байна

-ХЭҮК эрүүдэн шүүхтэй холбоотой хүний эрхийг зөрчиж буй ямар төрлийн гомдол ихэвчлэн ирдэг вэ?

-Эрүүдэн шүүх гэдэг их хүнд үг. Ийм ойлголт хүн төрөлхтний түүхээс бараг арилж байна. Гэхдээ эрүү шүүлт, хүнлэг бусаар харьцах гэдэг ойлголт болсон. Эрүүдэн шүүхийн тодорхой элемент их биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр манай улсад гарч байгаа учраас ХЭҮК энэ хэлэлцүүлгийг санаачлан, Хүний эрхийн дэд хорооны тусламжтай зохион байгуулж байна. Өнөөдөр энд тавигдаж буй илтгэл мэдээллээс харахад эрүүдэн шүүх тохиолдол мянгад ганц гэж хэлж болохоор байна. Энэ нь зарим нэг мөрдөн байцаагчийн хувь хүний шинж чанар, мэдлэг боловсрол, дадлага  туршлага зэргээс шалтгаалж байгаа нь үнэн. Хүнийг зэрлэг балмадаар зодож, хилсээр ч хэрэг хүлээлгэх асуудал байхгүй. Гэхдээ гавлах, гар хүрэх байдал байсаар л  байна. Хамгийн түгээмэл нь сэтгэл санааны дарамт үзүүлэх. Өөрөөр хэлбэл гэр бүл, хамаатан саднаар нь барьцаалж айлган сүрдүүлэх замаар хэрэг хүлээлгэх, тулгаж асуух зэрэг эрүүдэн шүүхийн хэлбэрүүд байна. Ийм аргаар мөрдөн байцаалт явуулж байна гэдэг гомдол манайд ирэх нь нэмэгдэж байна. Ийм учраас энэ уулзалтыг хийж байгаа юм.

-ХЭҮК-той санамж бичиг байгуулсан хуулийн хяналт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрүүдэн шүүлтийг таслан зогсооход хэр санаачлагатай ажиллаж байна вэ?

-Дан ганц хуулийн байгууллагад хамаарах асуудал биш. Хүний эрхийн чиглэлээр тавьсан ямар ч асуудалд төрийн байгууллагууд анхаарал хандуулж, тавьсан шаардлага, зөвлөмжийг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Ер нь аливаа зүйлийг өөрчлөхийн төлөө явбал үр дүнд хүрдэг. ХЭҮК өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд урьдчилан хорих байрны орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийж чадсан. Урьдчилан хорих байрыг гэрийн нөхцөлд ойртуулсан орчинтой байх шаардлагыг тавьж байгаа.



С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж