Монгол Улсад өгсөн Хятадын урилга юу байв?

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Монгол Улсад өгсөн Хятадын урилга юу байв?

-Далайд гарцгүй улс, орнуудын хувьд энэ нь эмзэг тал болж, хөгжлөөр хоцрогдож ирсэн үе өнгөрч, дараагийн зуун жилийн хөгжил эх газрын орнуудад түшиглэнэ гэсэн том амбицийг илэрхийлж буй Хятад улс энэ талаар ОХУ-тай ойлголцолд хүрээд байсан бол энэ удаад Энэтхэг, Монгол хоёрт урилга өгөв-

Дэлхийн худалдаа, эдийн засаг өнгөрсөн зуун жилийн турш ам.долларт суурилж, далайд гарцтай орнуудыг түшиглэн хөгжиж ирсэн бол энэ чиг хандлага тун удахгүй эрс өөрчлөгдөх нь тодорхой болж эхэллээ. Тэр тусмаа энэ өөрчлөлтийг түүчээлэгч нь бидний мөнхийн хөрш БНХАУ болон ОХУ байх нь тодорхой байна. Харин хөгжлийн чиг хандлага, урсгалыг эргүүлэх энэ үйл явцдаа Монгол Улсыг оролцуулах, хамтран тоглох эрмэлзэлтэй байгаагаа саяхан урд хөршийн зүгээс илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалтай давхцуулан Хятадын төрийн удирдлага ОХУ, Энэтхэгийн Ерөнхий сайд нарыг Бээжинд бас урьсан юм. Нэг бүс нутагт хил, хилээ залган оршдог дөрвөн орны гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Бээжинд зэрэг цуглуулсан нь Хятадын явуулж буй бодлогыг гадна талд тун хүчтэй илэрхийлсэн хэрэг байлаа.

Сибирийн байгалийн баялгийг эзэмших,  Ази, Европыг холбосон эдийн засаг, худалдааны том сүлжээ-“Торгоны зам” байгуулах, үүгээрээ дамжуулан эх газрын орнуудыг түшиглэсэн хөгжлийн дэд бүтэц бий болгохыг Хятад чармайж байгаа юм.

Далайд гарцгүй улс, орнуудын хувьд энэ нь эмзэг тал болж, хөгжлөөр хоцрогдож ирсэн үе өнгөрч, дараагийн зуун жилийн хөгжил эх газрын орнуудад түшиглэнэ гэсэн том амбицийг үе үе илэрхийлэх болсон Хятад улс энэ талаар ОХУ-тай ойлголцолд хүрээд байсан бол энэ удаад Энэтхэг, Монгол хоёрт урилга өгөв.

Энэтхэг, Хятад, Монгол, Орос гэсэн дөрвөн улс оролцож байж бүтэх транзит тээвэр, эдийн засаг, худалдааны том сүлжээ нь “Торгоны зам”-ын маршрутаар хоорондоо холбогдох зүүн, баруун, дундад Азийг өөртөө татан оролцуулахаас гадна Европ руу орох гол цонх болох юм.

Өнөөдөр худалдааны гол урсгал Европ-Ази-Америк гэсэн тэнхлэгээр далайн тээврээр урсч, үүнийг дагасан хөрөнгө оруулалт, санхүү, мэдээллийн урсгал бий болсон. Судалгаанаас үзвэл зөвхөн Европ-Ази, Номхон далайн бүс нутгуудын хооронд жилд дунджаар зургаан сая чингэлэг тээвэрлэгдэж байгаагийн 97 орчим хувийг далайн тээврээр, үлдэх тээврийг бусад төрлөөр зөөвөрлөгддөг. Гэтэл  нэг чингэлгийг далайгаар тээвэрлэхэд 45 хоног шаардагддаг бол харин төмөр замаар 12-15 хоногт тээвэрлэн хүргэх боломжтой. Энэтхэгээс Европ хүрэхэд төмөр замаар ердөө 10 хоног. Гэтэл энэ боломжийг хааж байгаа зүйл нь Европ-Азийг холбосон төмөр зам, автозамын сүлжээний чанар, ложистик байгууламжийн хүртээмж, үйлчилгээний чанар, стандарт, хамгийн гол нь улс гүрнүүдийн харилцан ойлголцол хамтын ажиллагааны цар хүрээ, геополитикийн асуудал байсаар ирсэн. Саад болж байгаа эдгээр хүчин зүйлийг засч өөрчилбөл, далайгаар дамжиж буй бараа, худалдаа болоод хөрөнгө оруулалт, санхүүгийн урсгалыг эх газраар дамжуулах ирээдүй бий. Чухам үүнийг л Хятад болон Орос улс зорьж байгаа бөгөөд үүн дээр л хамтарч ажиллая гэсэн саналыг Монголд тавьж байна гэсэн үг.

Хятадын зүгээс дэвшүүлж байгаа энэ санаачилгад бүс нутгийн орнууд идэвхтэй оролцож, өөрсдийн сонирхол, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэдгийг өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын дарга Си Жинпинь “Их Хорь”-ийн уулзалтаас буцах замдаа Казахстанд айлчлах үеэрээ мэдэгдэж байсан. Энэ удаад Н.Алтанхуягийн Бээжин дэх айлчлалын үеэр давхацсан хөрш орнуудын Ерөнхий сайд нарын айлчлал том ажлын эхлэл гэж дэлхийн улс орнууд харж байна. Хятад, Оросын зорьж буй энэ бүтэц Ази тив, эх газрын орнуудыг хамарсан байх боловч олон улсын хэмжээнд нөлөөтэй эдийн засаг, геополитикийн цоо шинэ бүтцийн суурь болно гэж ажиглагчид үзэж байгаа аж.

Тэгэхээр хөгжлийн энэхүү хандлагыг Монгол Улс соргогоор мэдрэх, энэ дунд өөрсдийнхөө эрх ашиг, байр суурь, оролцоог зөв тодорхойлох цаг болжээ гэсэн үг. Хятадын хувьд жижиг эдийн засагтай, цөөн хүн амтай Монголыг Энэтхэгийн хэмжээнд ижил төвшинд харж байна гэдэг бидний хувьд олзуурхам зүйл. Үнэндээ ч Хятадын хувьд манай улстай хамгийн урт 4710 км зурвасаар хиллэдэг учраас бидэнгүйгээр хөдлөх хэцүү. Тийм ч учраас Ерөнхий сайдын танилцуулсан “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийг дэмжиж, төмөр зам болон авто зам, холбооны шугам зэрэг дэд бүтцийн салбарт хамтарч ажиллахаа Хятадын тал илэрхийлсэн биз.  Бид өнөөлөр өөрт байгаа давуу талаа зөв тодорхойлж, нэгдсэн эрх ашгаа өмнөө тавьж байж бүс нутгийн хэмжээнд нөлөөгөө нэмэгдүүлнэ. Харин өнгөрсөн жилүүдийнх шигээ нэгдсэн бодлогогүйгээр дотоодын улс төрийн тэмцэл, хувийн эрх ашгаараа асуудалд хандаад байх юм бол боломж биднийг хүлээхгүй тойроод л өнгөрнө гэдгийг ойлгох цаг болжээ.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж