Н.Алтанхуяг: Гэмтлийн эмнэлгийн асуудлыг ярилцсан

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Гэмтлийн эмнэлгийн асуудлыг ярилцсан

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт  өнөөдөр боллоо.

Тэрээр уулзалтын эхэнд өнгөрөгч долоо хоногт БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар товч мэдээлэл өглөө. Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд 50 тэрбум ам.долларын өртөг бүхий  нүүрс  экспортлох санамж бичиг байгуулсан, Монголын аль нэг нүүрсний ордод үйлдвэр байгуулж, хий  боловсруулан, дотоодын хэрэгцээг хангаж, үлдсэнийг нь Хятад руу экспортлох асуудлаар  ярилцсан тухай мэдээлэв. Монгол Улс Газрын тос  экспортлох чиглэлээр БНХАУ-тай бүтээгдэхүүн хуваах  гэрээтэй.  Гэрээний хүрээнд тус улсаас жилдээ 10  мянган тонн шатахуун импортоор авдаг  байсныг 35-45 мянган тонн   болгож нэмэгдүүлэх асуудлыг айлчлалын үеэр ярьсан байна. Мөн  далайн боомт руу гарах  чиглэлээр Сүхбаатар аймгийн нутгаар төмөр замыг дамжуулан тавих нь хоёр улсад ашигтай  гэж үзсэн байна.

Ерөнхий сайдыг айлчлалын хүрээнд  мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын асуудал хөндөгдөх боллоо. ГССҮТ-д  даргын томилгооноос болж нэлээд асуудал үүссэн. Үүнд анхаарал хандуулж байна уу?

-ГССҮТ-ийн даргын томилгооны асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж ярилцсан. Эрүүл мэндийн сайд иргэддээ хохиролгүй,  эмчилгээг тасралтгүй хүргэхийг чухалчилж, асуудлыг зохицуулна гэсэн. Нэг эмнэлгийн даргыг эсэргүүцсэн асуудал Засгийн газрын хийх ажил биш. Харин энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  оношилгоо эмчилгээг шинэчлэх  зэрэг нь  Засгийн газрын хийх ёстой  ажил.

-Оюутолгойн хэлэлцээ аль  шатандаа явж байна вэ. Гаднаас дахин зээл авах гэж байна гэдэг асуудал яригдаж эхэллээ?

-Ойлголцох тал руугаа явж байгаа. Оюутолгойн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилсон. Тэр хүмүүс Лондонд  хэлэлцээ хийгээд, хуримтлагдсан асуудлуудын талыг шийдвэрлээд байна. Одоо үлдсэн  асуудлыг нэг нэгээр нь шийдвэрлэж байгаа. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх хөрөнгө босгох чиглэлээр ярилсаж байна. Оюутолгой   компани өнөөдрийн байдлаар боломжоороо хэвийн ажиллаж байгаа. Хятадад хадгалж байсан алт, зэсээ цааш нь худалдаалдаж эхэлсэн.

-Долларын ханш дахиад өсчихлөө. Засгийн газраас  валютын ханшийг тогтворжуулах чиглэлээр юу хийх вэ?

-Монголбанк сайн ажиллаж байгаа. Сайн ажиллаж байгаа ч яагаад доллар өсөөд байна вэ гэж та бүхэн асуух байх. Яагаад гэдгийг ярихаар дахиад л хуучин түүх рүү орох болно. Өмнө нь авч хэрэглэсэн зүйлийн нөлөө  гарч эхэллээ. Цаашдаа экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Засгийн газар богино хугацааны арга хэмжээгээ авсан. Одоо дунд, урт хугацааны ажлаа хийгээд ирэхээр  долларын ханшийн асуудал цэгцэрнэ.

-Өмнөх онуудын төсвийг авилгажсан  гэж тодорхойлоод байгаа. Гэтэл 2014 оны төсөвт хаана баригдах нь тодорхойгүй обьект орж ирсэн  гэж зарим гишүүд ярьж байна?

-Төсөв дээр Засгийн газар нээлттэй  байгаа. Дотор нь  хасах, засах зүйл байвал   засахад бэлэн байна.

-Засгийн газраас  үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өссөөр байна?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газраас Монголбанктай хамтраад мах, шатахуун, гурил  гэсэн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн  дээр хэрэгжүүлсэн. Үр дүнгээ өгсөн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 230 гаруй төрлийн бүтээгдэхүүний үнээр харьцуулж гаргадаг. Тэр бүхнийг Засгийн газар хянах боломжгүй. Харин импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихрийн үнийн асуудлаар Хятадтай ярилцсан зүйл бий.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж