“Рио Тинто” хөрөнгөө зарж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” хөрөнгөө зарж эхэллээ

Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох “Рио Тинто”  Австралийн Квийнслэнд орших “Clermont” нүүрсний ордынхоо 50.1 хувийг Швейцарийн “Glencore Xstrata”, Японы “Sumitomo” компаниудад  нэг тэрбум ам.доллараар заржээ. 

Үүний өмнөхөн   “Рио Тинто” Австралид орших “Northparkes” алт, зэсний уурхайн эзэмшлээ Хятадын “Molybdenum”-д, Өмнөд Африк дахь зэс баяжуулах “Palabora” компанийн хувьцааныхаа хэсгийг, “Eagle” нэртэй никель, зэсийн төслөө “Lundin Mining”-д худалдсан байна. “Рио Тинто”-г хөрөнгөө ийн зарах болсон шалтгааныг ажиглагчид олон янзаар тайлбарлаж байна.  Тодруулбал, Монголын өмнийн говь дахь зэс, алтны асар их нөөцтэй Оюутолгой ордынхоо далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд зарим  хөрөнгөө зарж байна гэх тайлбарыг ажиглагчдын зүгээс хийх болжээ. “Оюутолгой”-н ордын газрын доорх баялгийн 70 хувийг далд уурхайгаар олборлоно. Үүний тулд найман тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай байгааг “Оюутолгой” компаниас Монголын Засгийн газарт хүргүүлсэн хүсэлтдээ дурдсан байгаа. Түүнчлэн далд уурхайн санхүүжилтийг гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллагаас зээлэх бодолтой байгаагаа ч илэрхийлсэн бөгөөд энэ асуудал одоогоор хэлэлцээний төвшинд яваа билээ. 

Далд уурхайн санхүүжилтийн асуудлыг арваннэгдүгээр сарын сүүлээр шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт бий. Монголын талаас далд уурхайн санхүүжилтийг хэзээ мөдгүй ярилцан шийдвэрлэхэд бэлэн байгаа  гэх мэдээлэл байгаа бол хөрөнгө оруулагчдын зүгээс зээл авахаас өмнө шийдвэрлэх асуудал байгаа болохоор тодорхой хугацаагаар энэ асуудлыг хойшлуулахыг манай талаас хүссэн гэх. Ямарч байсан дэлхийд уул уурхайн олборлолтоороо хоёрдугаарт жагсдаг “Рио Тинто” ийн бусад улс орон дахь зарим ордоо зарж эхэлсэн нь санхүүгийн тодорхой асуудал тус компанид үүсчээ гэсэн ойлголтыг  гадаадынханд төрүүлээд буй аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж