Өр оны эцэст ДНБ-ний 49.5 хувьтай тэнцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Өр оны эцэст ДНБ-ний 49.5 хувьтай тэнцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд ирэх онд Монгол Улсын өр ДНБ-ний 60 хувьтай тэнцэж байх зохицуулалтыг оруулж ирээд байгаа юм. Харин Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хүрээнд оюутанд олгох тэтгэлгийн асуудал багцлагдсан бол “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд хүүхдэд олгож байгаа сар тутмын 20 мянган төгрөг багтаж буй юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд оюутны 70 мянган төгрөгийг сурлагын чанар харж олгох ёстой гэх байр суурь барьж байгаа бол хүүхдэд олгох сар тутмын 20 мянган төгрөгийг амьдралын баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай өрхийн хүүхдэд олгох нь илүү оновчтой гэж үзэж байна.

Тэгвэл Монгол Улсын өрийг ирэх онд ДНБ-ний 60 хувьд хүргэх гээд байгаагийн цаад шалтгаан юунд байгаа, ирэх онд төсвийн алдагдлыг хоёр хувьд бариулахаар чардайж байгаа хэрнээ, өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувьд хүргэж нэмэгдүүлэх гэж байгаа нь чухам хоорондоо авцалдаж байгаа юу. Ер нь өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэхгүй байх боломж бий юу гэдэгт гишүүд Сангийн сайдаас хариулт хүслээ. Мөн улсын өрөнд юу, юу хамаардаг болох тухайд ч хариулт өгөхийг хүсэв.

Сангийн сайдын тайлбараар Улсын өрийг тооцдог долоон аргачлал байдаг. Нэгд, Засгийн газрын шугамаар гадаадаас авч ашигласан хөнгөлөлттэй зээл, дотоодын зах зээлээс босгосон үнэт цаас, гаднаас бий болгосон үнэт цаасын өр, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн авсан өр, орон нутгийн өмчит компаниудын өр, Засгийн газар баталгаа гаргаж авсан зээлүүдийн өр хамаарч байна. Үүгээр тооцож үзэхээр энэ оны байдлаар Монгол Улсын нийт өр 8.4 их наяд төгрөгт эргэлдэж байгаа аж. Оны эцэст өр ДНБ-ний 49.5 хувьтай тэнцэнэ. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу 2013 онд өр 50 хувиас хэтрүүлж болохгүй гэх зарчмаа хадгалж байгаа. Ирэх оны тухайд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар өрийг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлж болохгүй. Энэ зарчмаа хэвээр хадгална гэвэл “Чингис бонд”-ын хоёр дахь эх үүсвэр, “Самурай” бондыг гаргах боломжгүй болно. Цаад агуулгаараа энэ нь хөрөнгө оруулалтыг дэмжих эх үүсвэрийн дутагдалд ороход хүргэнэ гэсэн тайлбар хэллээ. Мөн гадаадаас босгож байгаа бондын мөнгийг үр ашигтай бэлэн төсөлд зарцуулах талд Засгийн газар ажиллах шаардлага бий гэдгийг ч тодотгосон юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн зүгээс онцлон хэлсэн оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг сургалтын төлбөртэй нь уях бололцоо энэ удаад байхгүй, гол нь одоо оруулж ирж байгаа өөрчлөлтөөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уясныг Засгийн газар шийдээд явах боломжтойгоор зохицуулалт хийж байгаа. Мөн гишүүдийн хэлээд байгаа сурлагынх нь амжилттай холбож 70 мянган төгрөг олгодог байх саналыг Засгийн газар дэмжиж байна. Цаашид үүн рүү зорих ёстой гэлээ.

Хүүхэд бүрт олгодог сар бүрийн 20 мянган төгрөгийг амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой хүүхдэд олгох тухайд ялгавартай хандах нь бас ямар вэ гэдгийг бодох ёстой. Гэхдээ ирэх онд хүүхдийн мөнгө олгох эх үүсвэр хүндхэн байгаа гэдгийг мөн мэдэгдлээ.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж