УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газрын үйл ажиллагаа, төсвийн тодотгол, 2014 оны төсвийг батлах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, намын нөхдөө хатуухан шүүмжлэх болжээ. Иргэний хөдөлгөөнөөр овоглож, гудамжнаас тэмцлээ эхлүүлсэн ч төд удалгүй АН-д элссэн түүнийг “Удахгүй намаасаа хөөгдөх вий” гэх бор шувуу нисч эхэлжээ. Энэ асуудлаар өөрөөс нь тодруулахад "Одоогоор намайг намаас хөөх талаар мэдэгдсэн зүйл алга. Намд элсэх, намаас гарах асуудлыг намын дүрмээр шийддэг. АН-ын дүрэмд гишүүнийг намаас хөөх тухай ойлголт байхгүй" гэх хариулт өглөө.
Иргэний хөдөлгөөн намын даргаар ажиллаж байсан Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нарын долоон хүн 2008 оны есдүгээр сард Ардчилсан намд элсч байсан түүхтэй. Тухайн үед долдугаар сарын 1-ний үймээний хэрэг ид мандаж байсан учраас тэднийг үймээн самуун дэгдээсэн хэргээр шийтгүүлэхээс сэргийлж Ардчилсан намын ивээлд багтсан гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байдаг билээ.
С.СҮРЭН