Дэлхийн хуримтлалын өдөр болж байна | News.MN

Дэлхийн хуримтлалын өдөр болж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Дэлхийн хуримтлалын өдөр тохиож буй талаар Монголын банкны холбооноос мэдээллээ. Энэ өдөр дэлхийн улс орнуудын хувьд өөр баярт өдөртэй нь давхцахгүй бол тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд иргэдийг шинээр данс нээлгэх, дансандаа хуримтлал нэмэхэд нь ямарваа төвөг учруулалгүйгээр илүү нээлттэй ажилладаг юм байна. Өнөөгийн үед иргэдийн олонхи нь банкинд өөрийн хуримтлалгүй хөгжиж буй улс орнуудад Дэлхийн хуримтлалын өдрийн зохион байгуулах талаар банкууд хандуулж байна. Эдгээр улсын арилжааны банкууд тодорхой компанит ажил, санаачилга хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, амьдралын түвшин доогуур иргэдийн хадгаламжийн дансыг хоёр дахин нэмэгдүүлж өгөх зэргээр дэмждэг ажээ.

  Монгол Улсад энэхүү өдрийг тэмдэглэж, олон нийтэд танилцуулахаар 2012 онд Монголын банкны холбооноос санаачилга гаргасан бөгөөд “Хас” банк урамшуулалт өдөрлөг зохион байгуулж байжээ. Энэ жилийн хувьд, Монголын банкны холбоо болон гишүүн арилжааны банкууд янз бүрийн хэлбэрээр хуримтлалын өдрийг дэмжин ажиллаж буй. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк, “Хас” банк харилцагчиддаа урамшуулалтай үйлчилж байна. Мөн “Хас” банкныхан өнөөдөр өнөөдөр МУИС-ийн дугуй зааланд “Хуримтлалтай Монголын төлөө” сэдэвт лекц зохион байгуулж байна.

Энэ өдрийг тэмдэглэх болсон түүхээс дурдвал, 1924 оны 10 дугаар сарын 31-нд Италийн Милан хотноо Олон улсын Хадгаламжийн банкны нэгдүгээр чуулган болох үеэр ийнхүү хуримтлалын өдрийг тэмдэглэж байх санаачилга гарчээ. Үүнээс хойш 29 улс орны төлөөлөгчид хөрөнгөө хуримтлуулах сэтгэлгээг эдийн засгаас хараат болон бие даасан байдалтай дэлхийн нийт иргэдэд хүргэхийг зорих болжээ.

У.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж