УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Их хурал тодорхой хугацаанд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын шинэ удирдлагаа сонголоо. Бага хурлын гишүүдээ сонгочихлоо. Их хурлын төлөөлөгчид Бага хурлын гишүүдийн хариуцлагын асуудлыг илүү их хөндөж ярилцлаа. Ялангуяа орон нутгаас сонгогдсон Бага хурлын гишүүд орон нутагтаа сайн ажиллах, хариуцлага өндөртэй байхыг Их хурлын төлөөлөгчид санууллаа. Одоо Бага хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Одоогоор гурван хүн албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлээд байна.
МАН-ын Бага хурлын гишүүн Р.Раш:
-Их хурал дажгүй боллоо. Ялангуяа намын даргын хувьд манай намын туршлагатай ултөрчдийн нэг. Хамт ажиллаж байсан нөхдөө мартдаггүй. Үүнд нь дэмждэг, хамт ажиллаж байсан хүмүүс нь их сэтгэл өндөр байдаг. Өнөөдөр хүний мөс гэж үгүй болсон цагт хүний мөстэй хүн гэ би хэлнэ. Олны ам сайн байдаг хүн намын удирдлагаар сонгогдсон нь манай намын хүнлэг, гишүүдээ анхаардаг, тэднийхээ санаа бодолд тулгуурлаж ажлаа явуулдгийг харууллаа. Бага хурлын гишүүдийн сонголт зөв болсон байх. Бага хуралд багтаагүй хүмүүс сэтгэл дундуур байж магадгүй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Их хурал шийдвэрлэхээр зорьсон бүх асуудлаа шийдлээ. Шинэ удирдлагатай болж байгаа учраас түүнийг дагасан шинэчлэл явагдана. Би хувьдаа Их хурлын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна. Төрийн ажил, улстөрийн ажил гэдэг цаг хугацааны хүчин зүйлд суурилсан үзэгдэл. 1996 онд МАН-ын удирдлагад 1950-иад оныхон гарч ирсэн. Одоо 1960-иад оны төлөөлөл төрийн ажлыг удирдаж байна. Одоо Бага хурал хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Үүний дараа Их хурлаас гарсан шийдвэрүүд болон намын шинэчлэл хийгдэж эхэлнэ.
-Бага хурлын гишүүн Д.Загджав:
-МАН олон өдөр хуралдаж, намын даргаа сонголоо. Мөн намын шинэчлэл болон намын бүтэц бүрэлдэхүүндээ шинэчлэл хийж чадлаа. Их хурал зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Орон нутаг болон нийслэлээс бүрдсэн олон гишүүдийн төлөөлөл бүрдсэн Их хурал зөв зүйтэй шийдвэрээ гаргасан гэж бодож байна.
-УИХ-ын гишүүн А.Тлейхан:
-Сэтгэл хангалуун байна. Намын даргын илтгэл их сайхан боллоо. Намын дарга манай нам дотор байгаа алдаа оноо, бүх зүйлийг нээлттэй дүгнэсэн. Түүний илтгэл маш зөв илтгэл байлаа. Орон нутгаас ирсэн 300 гаруй гишүүд саналаа илэрхийлж, ер нь ний нуугүй бүх зүйлээ ярьсан нээлттэй хурал боллоо. Их хурлын төлөөлөгчдийн санал, шүүмжлэлийг тусгасан илтгэлийг намын дарга тавьсан. Намын дүрэмд орох ёстой өөрчлөлт, хүний нөөцийн бодлого, ил тод, нийгэмд үзүүлэх үнэлгээ гэх мэт олон асуудлыг шийдэхээр боллоо. УИХ, Бага хурал, Удирдах зөвлөлд сонгогдсон гишүүдийн хариуцлагын асуудлыг өндөржүүлэх, эргүүлэн татах зэрэг өөрчлөлтүүдийг хийж чадсан. Бага хурлын гишүүдийн сонголтыг аймаг, орон нутгийн саналыг харгалзан, нууц санал хураалтаар явууллаа. Манай аймгийн хувьд асуудалгүй, маргаан гараагүй. Харин бусад аймгийн хувьд маргаан, гомдол, санал гарсан. Цаашид гарсан шийдвэр, 2016 он хүртэл хийх ажил, МАН-аас гаргах Монгол Улсын хөгжлийн талаархи хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх үлдэж байна. Ямар ч гэсэн шинэ уур амьсгал орсон, гишүүддээ урам зориг өгсөн Их хурал боллоо гэж дүгнэж байна.
-Бага хурлын гишүүн Д.Дамба-Очир:
-МАН-ын Их хурал амжилттай боллоо. Намын дарга 2016, 2017 оны сонгуульд намаа амжилттай оролцуулна гэж найдаж байна. Намын дарга, Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нар сайн баг бүрдүүлнэ гэж бодож байна. Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт дэвшилттэй зүйл их байгаа. Маш өргөн бүрэлдэхүүнээр чухал асуудлуудыг шийдвэрлэсэн учраас муу хурал болсон гэж бодохгүй байна. Бага хурлын гишүүдийн орон зай бага байна. Тухайлбал, Архангай аймаг 18 мандаттай байхад, Орхон аймаг долоон мандаттай гэдэг ч юм уу. Гэхдээ үүнийг цаашид засч, залруулаад явах боломжтой байх.