Эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй уялдаад гадны улс орнууд манайд анхаарал хандуулж эхэлсэн ба хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх, тодорхой нөхцөл, хугацаатайгаар хөрөнгө мөнгө зээлдүүлэх нь ихэсч байна. Манай улс ч энэ боломжтой үедээ л шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлж, зөв удирдан зарцуулаад үр ашгийг нь гаргах хэрэгтэй байна. Гэхдээ бодит байдал дээр ямар байгаа вэ?
Хэдий эдийн засгийн хөгжлийн хурдац өндөр байгаа ч улс төр, хууль эрх зүйн орчин тогтворгүй, дотоодын зах зээл жижигтэй, газрын тосны цэвэр импортлогч, түүхий эдийн үнээс хэт хамаарал бүхий эдийн засагтай учраас шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг өр үүсгэжбүрдүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа юм. Гэхдээ өр үүсгэхээс өөр аргагүй байна гээд хэтрүүлэн авах нь яав ч зөв менежмент биш. Монгол Улсад сүүлийн жилүүдэд яг л ийм хандлага ажиглагдах боллоо.
Монгол Улс саяхныг хүртэл бага орлоготой орнуудын нэг байж, түүнийгээ дагаад түнш орон, олон улсын байгууллагуудаас нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авч ашиглаж байв. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн чадавхи сайжирсантай холбоотойгоорилүү хатуу нөхцөлтэй зээллэгийн эх үүсвэрийг авч ашиглах боломжтой болж байгаа бөгөөд тэр ч үүднээс олон улсын зах зээлдЧингис бондыг амжилттай гаргаж чадсан. Гэхдээ өр өөрөө хэзээ нэгэн цагт эргэн төлөгдөх шинж чанартай учраас зөв салбартаа, оновчтой зарцуулах шаардлагатай болж таарч байна.
Гэтэл бондын хөрөнгийг хэрхэн зарцуулж байна вэ? Ямар ч эргэн төлөх чадваргүй,бүтээгдэхүүн, орлого бий болгохгүй, эргээд эдийн засгийн хувьд үр ашиггүй төсөл хөтөлбөрт зарцуулж байгаа нь зөв менежмент мөн үү? Мэдээж хэрэг дэд бүтцийн салбарыг дэмжих нь байх ёстой асуудал боловч өрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь зөв үү? Ганц зам засаж, ганц уулзвар гаргаад, замын түгжээгүй болсноорооөрийн хөрөнгийг зөв зарцуулж байна гэвэл харин ч тэнэглэл болно.
Өрийг эргэн төлөх болоход хагарсан хэдэн зам, уулзвараа өгөх үү? Үгүй. Эргээд л энэ их өр шууд эдийн засагт дарамт болж, арай чүү тэнийж байсан нуруун дээр нь хүнд ачааг тохож орхино. Цаашлаад өрийг төлж чадахгүй бол улс орны нэр хүнд муудна, эдийн засаг хямарна, өрийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх хэмжээнь ихэсч,тэр хэрээр татварын дарамт нэмэгдэнэ, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг газар авна. Тэр үед барьсан хэдэн зам уулзварын шаардлага ч үгүй болно шүү дээ. Өр үүсгэж санхүүжүүлсэн эх үүсвэрийг буруу зарцуулах нь ийм л хор уршигтай.Гэхдээ Чингис бонд өөрөө дээр дурьдсан буруу бодлого, буруу зарцуулалтын нэгээхэн хэсэг нь гээд бодоод үзээрэй.
Яг манайх шиг жишээг 1980-аад оны Латин Америкийн өрийн хямрал, хамгийн сүүлд 2010 оны Европын орнууд, тэр дундаа Грек улсын өрийн асуудлаас харж болохоор байгаа юм. Яг л манайх шиг өрөө зөв удирдаж чадаагүйгээсээ болоод эдийн засаг нь хямарсан, сэхэл авалгүй олон жил уналтад орж байсан. Европын холбоо, олон улсын байгууллагуудаас хичнээн дэмжиж туслаад ч Грек улсын эдийн засаг сэргэж чадахгүй л байна.Гэхдээ өрийн хямралд ордоггүй юм аа гэхэд бараг ордгийн даваан дээрээ тулсан олон улс орон төр засгийн зөв бодлого, зөв зохицуулалтын ачаар сэхэж чадсан юм шүү.
Өр ийм л хор уршигтай, ийм л эрсдэлтэй эд. Мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр авч байж эдийн засаг хөгжинө л дөө, гэхдээ эргэн төлөх чадвараа, бий болох эрсдэлээ зөв тооцох хэрэгтэй байна. Ядаж зөв зүйлд зарцуулдаг байя л даа. Зөв зүйлд нь зарцуулах бодлого зохицуулалтаар хангаж өгье л дөө. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт өрийг нийт хүн амд харьцуулахад 3 сая төгрөг хол давсан үзүүлэлт гарч байгаа. Энэ дүн цаашид өссөөр байх уу, үгүй юу гэдгийг зөвхөн төр засаг биш, иргэд олон нийт, аж ахуйн нэгж,байгууллага, хувийн хэвшлүүд дор бүрнээ бодож тунгааж байх нь зүйтэй биз ээ.