Зүүн хойд Азийн улсууд эдийн засгаараа нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Зүүн хойд Азийн улсууд эдийн засгаараа нэгдэнэ

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн 14 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалт болон Зүүн хойд Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны форум өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Форум маргааш үргэлжлэх бөгөөд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Зүүн Азийн орнуудын эдийн засаг хурдацтай хөгжиж, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар байна. Тиймдээ ч энэ бүс нутгийн улс орнууд хамтарч, эцсийн бүлэгтээ эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийг зорьж ийнхүү форумыг зохион байгуулж буй. Форумд Сангийн дэд сайд С.Пүрэв, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Павель Королев, БНСУ-ын Стратеги, сангийн дэд сайд Юн Сунг Су, БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын дарга Юн Зүнгхуа, НҮБ-аас БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч болон бусад албаныхан оролцож байна.

Хэлэлцэх асуудлын тухайд, бүс нутгууд зам, тээвэр, худалдаа, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчны болоод бусад салбарт хэрхэн хамтран ажиллах талаар байлаа.

Форумын талаар Сангийн дэд сайд С.Пүрэвээс тодрууллаа.

-Хурлаар авч хэлэлцэж буй гол асуудлыг тодруулаач?

-Зүүн хойд Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааг мэдээж онцолж, Их түмэн санаачилга хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто зам, эрчим хүчний салбарт хамтран ажиллахаа ярьж байна. Олон жил хөтөлбөр хэрэгжиж байгаа бол цаашдаа улам үр дүнтэй ажиллахын тулд бие даасан байгууллага байгуулах шаардлагатай. Энэ талаар өнөөдөр ярилцаж байна. Ерөнхийдөө Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны бие даасан байгууллагаа 2015 он гэхэд байгуулсан байхаар одоогийн байдлаар төлөвлөж байна.

-Зүүн хойд Азийн улсуудыг холбосон төмөр замын сүлжээг ярилцаж байгаа гэсэн?

-Зүүн хойд Азид бол тээврийн, тэр дундаа төмөр замын тээвэр нэн шаардлагатай байгаад олон жил болж байна. Бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээнд Монголын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан Сайншанд-Баруун-Урт, Хөөт, Бичигтийн чиглэлийн төмөр зам болон Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт, Бичигт чиглэлийн авто замыг оруулах саналыг бид гаргасан байгаа. Ингээд хурлаар эцсийн байдлаар ярилцах юм.

-Улаанбаатарын тунхаг баталсан гэж дууллаа?

-Тунхагт өнөөдөр хэлэлцсэн, энэ бүс нутгийн зам тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, эрчим хүч, байгаль орчин болон бусад салбаруудад гишүүн орнуудад харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэхийг тусгасан.

-Өндөр өртөгтэй бүтээн байгуулалт, хамтын ажиллагааг өрнүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаа хэрхэн шийддэг вэ?

-Өнөөдрийн хуралд Зүүн хойд Азийн “Эксим” банкны төлөөлөгчид ирсэн байгаа. Энэ төлөөлөгч, хөрөнгө оруулагч нарт бид төслөө танилцуулна. Үүний дараа хөрөнгийг ямар хэмжээгээр, хэрхэн авах вэ гэдгээ шийднэ. Ер нь анх НҮБ-ын дэмжлэгээр хөрөнгө оруулалтаа шийддэг байсан бол одоо гишүүн орнуудынхаа хандивт тулгуурлан ажиллаж байна.

-Гадны төлөөлөгчид их чуулжээ. Зүүн хойд Азийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Энэ хэсгийн бүс нутаг нь хөгжил сайтай яваа. Ойрын 5-10 жилдээ өндөр хурдацтайгаар хөгжих прогнозтой. Байгалийн баялаг ихтэй, газар нутаг том учраас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байгаа эдийн засгийн, стратегийн маш чухал бүс нутаг. Тийм ч учраас энэ бүс нутгийнхаа хамтын ажиллагааг сайжруулах нь бидний хувьд ач тустай.

У.БОЛОР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж