Ажилгүй иргэдийн тоо буурч байна

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Ажилгүй иргэдийн тоо буурч байна

Хөдөлмөрийн
яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал C.Чойноров
өнгөрсөн өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Хөдөлмөрийн хэлтсүүдийн
ажил байдал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх
сангийн хэрэгжилтийг шалгажээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ажил
олгогч томоохон байгууллагын нэг нь Улаанбаатар төмөр замын Ачааны вагон
засварын депо юм байна. Түүнд Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх
хөтөлбөрт хамрагдан төгссөн 63 иргэн шууд ажилд орсон нь Мандал сумынхны
хувьд хамгийн олзуурхууштай мэдээ нь байлаа. Тэгвэл Орхон суманд
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хамгийн их өгөөжтэй байгааг
Засаг дарга нь уламжлав. Сумын хэмжээнд 103 иргэн ажилгүй байсан бөгөөд
дээрх хөтөлбөрт хамрагдсаны дүнд 30 иргэн амьжиргаагаа залгуулах
боломжтой болжээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2108 бүртгэлтэй ажилгүй
иргэн байдаг аж. Тэдний 53 хувь буюу 1134 нь эмэгтэйчүүд юм байна. Мөн
энэ онд 1577 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд ажилд зуучлагдан орсон
1360 иргэн байдаг гэнэ. Ажлын байрны захиалгыг салбараар нь авч үзвэл
боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, барилгын салбарууд юм байна. Мөн оны
эхний найман сарын байдлаар 1005 шинэ ажлын байр бий болжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал ирэх арваннэгдүгээр сарын 3-наас баруун аймгуудад ажиллах аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж