Ц.Мөнхбаярын талаар байр сууриа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаярын талаар байр сууриа илэрхийллээ

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Төрийн ордонд галт зэвсэг хэрэглэж, эсэргүүцлээ илэрхийлээд байсан Ц.Мөнхбаярын талаарх өөрсдийн байр сууриа УИХ-ын гишүүн Г.Уянга болон иргэний хөдөлгөөний төлөөлөл өнөөдөр илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Гудамжнаас тэмцлээ эхэлж байсан хүний хувьд би Ц.Мөнхбаярыг үнэлдэг. Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж буй жирийн нэгэн ардын хүүхэд. Галт зэвсэг хэрэглэж тэмцсэн аргыг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн чухал нь бид тэр тэмцэгч яагаад галт зэвсэг хэрэглэх болов, шалтгаан нь юу байв гэдгийг олж харах ёстой. Гол буруутан нь эрх мэдэлтэн, энэ УИХ, Засгийн газарт байгаа хүмүүс. Газар шорооны төлөө Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэл хийж, олон гол ус ширгэж устгахаас Ц.Мөнхбаяр хамгаалж чадсан. Ц.Мөнхбаярын талаар хар, сөрөг мэдээлэл маш их гарч байна. Тиймээс бид хамтдаа тэмцэж явсан учраас өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ хүнийг буруутгаж буй заалтууд нь ч мөн буруу гэж бодож байна. Түүнийг рекетчин гэж ярьж байгаа. Гэхдээ жинхэнэ шантаажчин, рекетчин хүмүүс чинь энэ улстөрд, Төрийн ордон дотор байдаг гэдгийг дотор нь байгаа би мэдэрч байна” гэлээ. Мөн тэрээр хэлэхдээ, “Монголын төр хууль гаргаж, дарамт хийдэг, УИХ-ын гишүүд тойрогтоо мөнгө хуваарилахын тулд Засгийн газраа дарамталдаг юм байна. Иргэний хөдөлгөөнийхөн дуугуй сууж байгаад Ц.Мөнхбаярыг шоронд суулгахыг хүсэхгүй байна” гэлээ.

Мөн иргэний хөдөлгөөний төлөөллүүд “Ц.Мөнхбаярыг буруу зүйл ангиар яллах гэж байна. Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэх хүн түүнээс өөр олдохгүй. Хэрэв энэ удаад түүнийг яллавал дахин эх орны төлөө тэмцэх хүн олдохгүй. Эрх мэдэлтгүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ хүн ийм үйлдэл хийхэд хүрсэн. Шүүх, хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байхад сөрөг мэдээллүүд тарааж байгаа нь буруу” гэдгийг онцолж, цаашид түүний төлөө тэмцэх болно гэдгээ илэрхийллээ. “Гал үндэстэн” холбооны 10 гаруй хүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд Ц.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн хуулийн 177, 91 гэсэн хоёр заалтаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн үүнийг  буруу зүйл ангиар яллах гэж байгааг эсэргүүцэж байгаа юм байна. Мөн Ц.Мөнхбаяр нарыг өмгөөлөх өмгөөлөгчийн мөнгө байхгүй учраас ХААН банкинд тусгай данс гарган, хандив өргөхийг уриаллаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж